Дуурлиг нарсны Хүннүгийн булш

Twitter Print
2018 оны 11-р сар 09-нд 17:24 цагт
Мэдээний зураг,

Зүүн бүсээс илэрсэн Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгал. Баян-Адрага сумын төвийн баруун талын нарсан ойд тархсан байдалтай илэрсэн 299 булшны цуглуулга буюу ДУУРИЛАГ НАРСНЫ ХҮННҮ БУЛШ. 

Ихэнх нь үүдэвч бүхий дөрвөлжин хэлбэртэй язгууртны булшнууд бөгөөд хэмжээний хувьд харилцан адилгүй. Хамгийн том нь зүүн хойд захад байрлах 60 метр үүдэвчтэй, 40 х 40 метр хэмжээтэй байгууламж. Хамгийн жижиг нь 5 метр үүдэвчтэй, 5 х 5 метр хэмжээтэй.

Эл дурсгалыг анх 1974 онд Х.Пэрлээ агсан илрүүлсэн. 1991 онд Монгол – Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд анх дэвсгэр зураг, зарим булшны тодорхойлолтыг нийтэлсэн.

2006 оноос Монгол – Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хээрийн шинжилгээний анги оршуулгын газрын баруун өмнөд хэсэгт байрлах 3 язгууртны булш, 13 жижиг болон дагуул булшийг малтан шинжилж чий будагтай аяга, хувцасны чимэг зүүлт, хаш чулуун эдлэл, төмөр хоолны халбага, шүүлтүүр, сүйх тэрэгний үлдэгдэл, морины дүрст алт шармал, алтан чимэглэлүүд, ваар, чулуун сувс зэрэг олон төрлийн олдворуудыг олжээ.

Мөн хоёр дахь булшийг малтаж байх явцад эрт цагт булшийг тонох үед ашиглаж байсан бэхэлгээ модны үлдэгдэл гарч ирсэн ба түүнийг дээжлэн шинжилж үзэхэд МЭ-ний I зууны төгсгөлд холбогдож байсан нь сонирхолтой. Тэр үед ч “булш тоногчид” байжээ.

Дуурлиг нарсны Хүннүгийн булш. Баян-Адрага сумын урдах нарсан ойг Дуурлиг нарс гэх ба сумын төвөөс 1 км зайд модон дотор эртний Хүннүгийн үеийн 200 гаруй булшнууд дөрвөлжин болон дугуй хэлбэртэй чулуун дараастай өмнө талдаа үүдэвчтэй дунджаар 20-30 м, голчтой бөгөөд зарим нь 40:40 м хүртэл хэмжээтэй дөрвөлжин хүрээтэй ба эдгээрийг язгууртны булш бунхан гэж үздэг.

Ил үзмэр болгон тохижилт хийж, харах өндөрлөг тавцан байгуулах шаардлагатай. Очсон хүн болгон цогцолборын дундуур чөлөөтэй алхаж байгаа тул шороон далангууд эвдэрч гэмтэхээр. Эл булшны цогцолбор, Дуурилаг нарсны хамгийн бүдүүн нарс, Хүслийн мод, Монгол хатадын өргөө цогцолбор зэрэг нь хоорондоо ойрхон жуулчид уйдахааргүй маршрут юм. Мөн ойролцоо “Гүнчин богд” хэмээх жуулчны бааз байгаа нь давуу бөгөөд хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Яаж энэ гайхамшгийг ИЛ ҮЗМЭР болгох вэ...

Ч.Буянбадрах

Олон улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.