Монгол Норвегийн асар их ялгаа буюу, эх орон маань хэзээ Норвеги шиг баян орон болох бол...

Twitter Print
2018 оны 11-р сар 09-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Төв Азийн цээжинд оршдог гурван сая нэг зуун ная орчим мянгахан хүн амтай Монгол Улсыг хоёрдугаар мянганы суут их хүнээр 1996 онд АНУ-ын “Вашингтон пост” сонин тодруулж байсан их эзэн Чингис хаан маань үүсгэн байгуулж, өнөөдөр бид дэлхийн 200 гаруй улс гүрнүүдийн дундаас 17 дугаарт эрэмбэлэгддэг энэ сайхан агуу том газар нутгийнхаа эзэд нь болон амьдарцгаадаг билээ. Гэхдээ дэлхийн 200 гаруй улс гүрнээс 17 дугаарт эрэмбэлэгддэг, нэг сая 566 мянган км квадрат газар нутаг дээрээ амьдарч байгаа гурван сая, нэг зуун ная орчим мянган монголчууд бид 68 орчим сая, таван хошуу малтай хэрнээ, нийт хүн амынх нь 7.5 хувь нь ажилгүй, 5.7 хувийн өсөлттэй инфляцид хавчигдсан, ард түмэн нь ядруу, зутруухан л аж төрцгөөж байгаа билээ.

Энэ оны 10 дугаар сарын байдлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар нь Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө 6.3 хувьд хүргэж, гадаад худалдааны нийт тэнцэл нь 931.7 сая ам доллар болсон дуулдаж байсан нь тэгтлээ баярлаж хөөрцөглөөд ч байхаар том амжилт, ард иргэдийнх нь амьдралд эерэг сайнаар нөлөөлөөд байхаар ч дорвитой үзүүлэлт биш билээ.

Төв Азийн энгэрт орших энэ сайхан Монгол Улсыг маань, хоёрдугаар мянганы суут их хүн, эзэн Чингис хаан маань үр хойч бидэндээ үлдээж өгөөд, тэнгэрийн харъяат болохдоо цэцэн цэлмэг сургаалиа хайрлаж үлдээгээд одсон түүхтэй. Өчигдөрхөн буюу өвлийн тэргүүн сарын Шинийн 1-нд Монголын ард түмэн энэ хорвоод мэндэлсэнийх нь 856 жилийнх нь түүхт ойг тэмдэглэсэн Агуу их эзэн хаан Чингис маань  “Алд бие минь амсхийвээс Ахуй төр минь алдруузай Бүтэн бие минь амсхийвээс Бүрэн улс минь сандруузай Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай Бүтэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь бүү сандартугай Бие хэврэг, билиг мөнх” хэмээсэн мөнхийн билэг сургаалиа үр хойч бидэндээ өнө мөнхөд сануулсаар, сургасаар тэнгэрийн харъяат болсон ч өнөөдөр Монгол төрийн толгойд баахан луйварчин, бүлэг хулгайч нар шавааралдан гарснаас үүдэж Монголын ард түмэн гадны өр зээлд баригдаж, өдрөөс өдөрт уруудан доройтож, улам л ядуурч явнам. Монголын төрийн толгойд үе үед шивээлэн гарч ирдэг бүлэг дээрэмчид, баахан луйварчид Монголын ард түмний өмч хөрөнгөнөөс асар ихээр нь шамшигдуулан хулгайлж, бидний Татварын мөнгөнөөс хэдэн зуун тэрбумаар нь бүлэглэн хулгайлцгаадаг нь дөрвөн жилийн хугацаатай үргэлжилдэг, 76 хулгайчийн тогтолцоон дээр оршдог болжээ.

Тухайлбал 2012-2016 оны УИХ-д өнөөдрийн сөрөг хүчин гэгдэх АН олонхи болж, төр засгийн эрх мэдлийг атгаж сууцгаасан билээ. Түүнээс өмнө бол ихэнхдээ өнөөдрийн эрх баригч МАН-ын бүлэг хулгайч нар Монголын төрийг барьж байсан.

МАН Монголын төрийг барьж байхад С.Баяр, Сү.Батболд гээд баахан хулгайч, эх орноо гадны дээрэмчид тухайлбал Рио Тинто хэмээх Монголын говийн асар их баялагтай Оюутолгойд эзэн суусан шар толгойтнуудад бэлэглэж, өөрсдөө хагартлаа баяжицгааж, асар их хээл хахуульд даруулцгаасан билээ. Тэдний дараа Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг гэгдэх АН-ын Ерөнхий сайд нар ч Оюутолгойг Рио Тинтод улам л лавхан атгуулж, өөрсдөө ч Дубайд хулгайгаар шахуу очин тэрхүү Канад, Английн дээрэмчдээс хангалттай хэмжээний хээл хахуульд даруулсан байдаг. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа ажиллаж байсан Ц.Элбэгдорж хэмээх этгээд Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусныхаа дараа НҮБ-ын аль нэг харъяа байгууллагад нэлээн томоохон суудалд очих далд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд 2017 оны долоодугаар сарын 15-17-нд Ази, Европын олон орны төрийн тэргүүнүүдийг Улаанбаатарт цуглуулж, АСЕМ-ын 11 дэх дээд хэмжээний уулзалт гэгчийг хийхдээ ядуухан улсын төсвөөсөө 290 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсний 79.2 тэрбумыг нь АН-ын эрх мэдэл бүхий 17 дээрэмчин бүлэглээд хулгайлчихсан нь тодорхой болсон билээ.

Гэтэл өнөөдөр дэлхийн 10 том алт, мөнгө, зэс, жоншны асар их баялагтай Оюутолгойн ордыг Рио Тинто гэгчид бэлэглэж хариуд нь өөрсдөө ядуухан улсаасаа баян болцгоосон С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Да.Ганболд, Н.Багабанди, Ц.Элбэгдорж гэх мэт бүлэг луйварчид төрийн ямар ч гэсгээл, шийтгэл, зэмлэл хүлээсэн зүйлгүй тарвалзтал амьдраад л явцгааж байгаа юм. Харин Монголын ард түмэн банкны зээл, Орон сууцны зээлэндээ даруулж, өвгөд хөгшид нь тэтгэврийнхээ мөнгийг хэдэн сараар нь түрүүлэн зээлээд амьдарсан болцгоож яваа нь гунигтай үнэн билээ.

Гэтэл Хойд Европ дахь Скандинавын хойгийн баруун эргийг эзлэн оршдог, Үндсэн хуульт, хаант засаглалтай Норвеги улс нь 385.170 мянгахан км квадрат газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийн 200 гаруй орноос 67 дугаарт эрэмбэлэгддэг хэрнээ, 5 сая гурван зуу гаруй мянган хүн амынхаа тоогоор бас л дэлхийд 116 дугаарт эрэмбэлэгддэг ч нэг хүнд ногдох Үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ нь ойролцоогоор 65 орчим мянган ам доллар болж, дэлхийд энэ үзүүлэлтээрээ аман хүзүүддэг гайхалтай баян тансаг орон ажээ. Дэлхийн хоёрдугаар дайнаас  хойш Норвеги улс нь эдийн засгийн асар хурдацтай өсөлтийнхөө  үрээр дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг болсон байдаг. Норвеги нь дэлхийд газрын тосны экспортоороо дөрөвдүгээрт ордог бөгөөд газрын тос олборлолт нь тус улсын ДНБ-ний дөрөвний нэгийг бүрдүүлдэг гэдэг.

Мөн Норвеги нь Байгалийн хий, усны эрчим хүч, загасны аж ахуй, ой, эрдэс бодисын арвин баялагтай улс юм билээ. Өнгөрсөн 2017 онд далайн хүнсний экспортоор дэлхийд БНХАУ-ын дараа хоёрдугаарт бичигдсэн байсан. Түүнчлэн хүнсний, усан онгоцны, химийн, олборлох, меттал боловсруулах, загас агнуур, цаасны аж үйлдвэр өндөр хөгжсөн орон билээ. Тус улс нь Хүнийхээ хөгжлийн индексээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд Исландтай тэргүүн байрыг хуваан эзэлж байгаа юм билээ. Мөн өнгөрсөн 2017  оны Олон улсын энхтайваны индексээр ч дэлхийн хамгийн тайван орноор шалгарсан байдаг. Түүнчлэн Норвеги нь НАТО-г үүсгэн байгуулалцсан орнуудын нэг гэгддэг.

Өнгөрсөн 2017 оны байдлаар Норвегийн хаант улс нь дэлхийн 36 том экспортын эдийн засагтай улсуудыг тэргүүлэх хэмжээнд орж, 96.8 тэрбум ам. доллар болж байсан бол импорт нь мөн л  78.6 тэрбум ам доллар болж байжээ. Харин тухайн онд Норвеги улсын ДНБ-ний хэмжээ нь 380 тэрбум  ам доллараар хэмжигдэж, нэг хүнд ногдох ДНБ нь ойролцоогоор 65 мянган ам долларт хүрч байж.

Тэгээд ч Норвеги улсын Сангийн сайд нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад нь бараалхах үеэрээ “Хүн үр хүүхдүүддээ өр үлдээх биш, баялаг өвлүүлэхийн төлөө л амьдардаг хуультай даа” хэмээсэн байдаг.

Харин өнөөдөр Монголын улстөрчид Монголын ард түмнийг үр хүүхдүүддээ баялаг биш, зөвхөн өр зээл л үлдээх бүх нөхцөлөөр бүлэгдэн хулгайлж, луйвардсаар яах аргагүй, хаашаа ч зайлах нөхцөлгүй болгон бүрэлдүүлж өгч байна. Норвеги, Монгол хоёр улс нь газар нутгийн хэмжээ, мал аж ахуй, хүн амынхаа тоо, ДНБ-ний хэмжээ, валютын орлого, зарлагаар асар их ялгаатай ч адилтгаж болох талууд бас байж л байгаа. Монгол Улс байгалийн хэт их баялаг буюу тухайлбал өмнийн говийн Оюутолгойн орд, Таван толгойн асар их нүүрсний баялгаасаа болж зовлонгийн үр амсаж эхэлсэн бол Норвеги бай­галийн баялгаараа гайхуулсан хөгжлийг өөртөө бий болгож, ертөнцийн загвар болчихсон асар их туршлагатай орон гэдгийг бид бүхэн харж, мэдэрч яваа билээ.

Норвеги улс нь хөгшин Европын хамгийн баян улс болсон бол Төв Азийн Монгол нь өнөөдөр хамгийн их өр зээлтэй, ард түмнийх нь амьдрал маргаашдаа итгэх ямар ч итгэлгүй болсон хамгийн гутрангүй, гунигтай орноор тодроод байгаа нь зөвхөн бидний дээр байгаа бүлэг дээрэмчид, луйварчин улстөрчидтэй л холбоотой асуудал болчихоод байгааг бид бүхэн өдөр бүр харж мэдэрч, тэдний хулгайлсан асар их хөрөнгө мөнгөний хэмжээг сонсох болгондоо өшөө хорслоор буцлан амьдарцгааж байгаа нь хаашаа ч бултахын аргагүй гашуун үнэн болчихоод байгаа юм.

Монголын төрийн толгойд буюу УИХ-д МАН-ын Бүлгийн 64 дээрэмчин хэрхэн хулгайлж, луйвардаж байгааг бид бүхэн ЖДҮДС-ын мөнгөнөөс 950 саяас эхлэн 1.4 тэрбумаар нь өөрсдийн болгон авцгааснаар нь мэдэрч байгаа бол Норвеги улсын төр засаг нь Газрын тосноос олсон ашгаараа Норвегийн Үндэсний сан байгуулсан нь дэлхийн хамгийн том сан болж 2017 онд нэг их наяд ам.долларын хуримтлал үүсгэсэн байдаг. Энэ нь уг сангаас  5,2 сая иргэн бүртээ 200.000 долларын хуримтлалыг жилийн өмнө бий болгожээ гэсэн үг юм. 

Гэтэл Монголын төр өнөөдрийн УИХ-д олонхи болсон МАН-ын Бүлгийн 64 луйварчин, ЖДҮДС-г хоосруулчих шахан өөрсдийн болон эхнэрүүдийнхээ мэдлийн компаниудад 950 саяас 1.4 тэрбум хүртлэх төгрөгийн зээлийг тараагаад өгчихсөн бүлэг дээрэмчдэд эзлэгдээгүй бол Монголын ард түмэн зөвхөн дэлхийн 10 том асар их баялагтай ордын нэг Оюутолгойгоосоо л хувь хүртэж Норвегичуудаас ч илүү хангалуун, баян чинээлэг амьдрах бүрэн боломжтой байсан билээ.

Гэтэл өнөөдөр л гэхэд 1992 онд анхны УИХ-ын даргаар томилогдон ажиллаж байгаад 1997-2005 онуудад Монгол улсын Ерөнхийлөгчөөр хоёр ч удаа сонгогдон ажиллаж байсан Н.Багабанди гэгч этгээд 2010-2013 онд Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2016 оны есдүгээр сард Оюутолгой ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдож, одоо сард 100.000 ам долларын цалин аваад жаргалаа эдэлж суугаа билээ.

 

Өнөөдрийн байдлаар Монголын говийн асар их баялаг болох Оюутолгойн уурхайн 66 хувийг нь Рио Тинтогийн дээрэмчид хүртдэг бол 34-хэн хувийг нь тэр их баялгийн жинхэнэ эзэд нь болох Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг ухаантай нь яах аргагүй Оюутолгойг Рио Тинтод хаяж өгч, өөрсдөө асар их хээл хахуулиар баяжицгаасан тухайн үеийн Ерөнхий сайд нар гэгдэх С.Баяр, Ч.Сайханбилэг нарын нүгэл хилэнц гэдэг нь ч тодорхой юм.

Ийнхүү Хойд Европын Скандинавын хойгийн баруун эрэгт оршдог Хаант засаглалтай Норвеги улсын өнөөдрийн асар их ололт амжилтынх нь уг үндэс нь нэгдүгээрт, газрын баялаг нь Норвегийн ард түмний өмч байсанд оршиж байгаа бол, хоёрдугаарт ард түмнийхээ жинхэнэ төлөөлөл нь болж чаддаг парламеттэй байдагт хамаг учир нь оршдог аж. Тэгээд ч хэдийгээр Хаант засаглалтай ч парламентаараа дамжуулан ард түмэн нь бүрэн эрхээ эдэлж чаддагт энэ улсын хөгжил дэвшлийн гол нууц нь байдаг юм байна. Харин гуравдугаарт, байгалийн баялгаас олсон мөнгөө үрэхгүйгээр гадны зах зээлд эргэлдүүлж үржүүлнэ гэсэн үндсэн санаагаа жинхэнэ утгаар нь ажил хэрэг болгож чаддаг юм байна.  

Ингээд гадны уул уурхайн ямар ч компанийг оруулалгүй зөвхөн өөрсдийн хүчээр бүхнийг хийж чаджээ. Төр засаг нь ч манай улстөрчид шиг хамгийн эхлээд улсаасаа, ард түмнээсээ хулгай хийж өөрсдөө л баяжиж хөлжихийн төлөө биш “Норвеги улсыг Hорвеги хүн л хөгжүүлж чадна. Норвеги улсын төлөө Hорвеги хүн л зүтгэнэ” гэсэн гол үзэл баримтлалаар ажиллаж чаддаг учраас энэ улс Европын хамгийн баян улс болж, ард иргэд нь ч дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүмүүсээр байнга тодорсоор иржээ.  Хамгийн гол нь Норвегийн ард түмний төлөө “Рио Тинто” ч юм уу, “Пибоди Энержи” чин сэтгэлээсээ санаа тавихгүй гэдгийг төр засаг нь сайтар ойлгож хөтөлбөрөө боловсруулж чадсан нь өнөөгийн хөгжлийнх нь гол суурь болжээ.

Гэтэл Монголын төрийн толгойд гарсан эрхмүүд Норвегийн хөгжлийн гол зэвсэг болсон энэ бүхний яг эсрэгээр нь, хамгийн эхэнд улсын төсөв, ард түмнийхээ татварын орлогоос бүлэглэн хулгайлах, асар их хөрөнгө мөнгийг үрэгдүүлэн шамшигдуулах, “Хууль тогтоогч” нэртэй бүлэг дээрэмчид нь 2019 оны улсын төсвийг батлахдаа өөрсдийнхөө тойрог бүхэн дээр 5-8 тэрбум төгрөг суулгах замаар л хагартлаа баяжин хөлжих, улсаасаа, нийт ард иргэдээсээ тасартлаа баяжих замыг л хамгийн эхэнд сонгоцгоосон нь манай хоёр улсын хөгжил, дэвшлийн ялгаа, ард түмнийх нь асар их зөрүүтэй ирээдүйгээр тод илэрч байгаа юм. Ийнхүү жинхэнэ ард түмнийхээ төлөө, улс орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө ажилладаг Норвегийн парламент, харин аль болох л улс орон ард түмнээсээ ахиухан хулгай хийж, бүлэглэн дээрэмдэхээр хууль дүрмээ дэвслэн дайрцгаадаг Монголын улстөрчид, парламент хоёрын өдөр, шөнө шиг ялгаагаар манай хоёр орны ирээдүй, ард түмний амьдарлын баталгаа хэмжигдэж байнам...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.