Л.Чинбат: Би ард түмнээ эрүүл хүнсээр хангахаар чармайн зүтгэж л яваа хүн шүү дээ...

Twitter Print
2018 оны 11-р сар 08-нд 15:24 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн өдрүүдэд ЖДҮДС-аас 950 саяас 1.4 тэрбум төгрөгийн зээлийг өөрийн болон эхнэрүүдийнхээ нэр дээрх компаниудад аваад өгчихсөн УИХ-ын гишүүд болон зарим сайд нар улстөрчийн хувьд тун ч болчимгүй загнацгаасан нь тодорхой болж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоос эхлээд улстөрийн хариуцлага хүлээн сайдынхаа суудлаас огцорч, харин УИХ-ын гишүүн хэвээр тогтож үлдээд байгаа билээ. Эдгээр улстөрчдийн араас ЖДҮДС-ын мөнгөнөөс өөрийн мэдлийн компаниудад хамгийн их буюу 7 тэрбум 644 сая төгрөгийн зээлийг авсан дуулианд холбогдоод байгаа “Гацуурт” ХХК-ны захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбаттай ХХААХҮ-ийн яамны үүдэнд таарч бяцхан яриа өрнүүллээ. Уг нь түүнтэй нэлээн сайн ярилцмаар байсан ч Хөдөлмөрийн баатар тэгж ахиухан ярих сонирхолгүй байсан тул доорхи жаахан яриаг болгооно уу.

-Сүүлийн өдрүүдэд ЖДҮДС-аас ихээхэн хэмжээний зээл авсан УИХ-ын гишүүд болон сайд нарт  улстөрийн хариуцлага хүлээлгэх операци та бид хоёрын тааралдсан энэхүү ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригоос эхлээд байгаа. Гэтэл улстөрчдийн араас таны нэр ч ЖДҮДС-ын мөнгөнөөс нэлээн ахиухан хүртсэн гэдгээр тодорч эхлээд байгаа. Тэгээд энэ талаар ярилцлагаа эхлэе гэж бодлоо л доо?

-Тиймэрхүү шуугиан гараад байгаа л гэсэн. Гэхдээ надад тэр бүхнийг сонирхож явах үнэндээ зав ч алга, бас сонирхол ч байхгүй гэж ойлгож болох юм. Миний хувьд ялангуяа намрын улирал бол маш их ажилтай байдаг, нэг ёсондоо цаг заваар үнэхээр хомсхон байдаг цаг хугацаа юм л даа. Энэ цаг үед миний бие хөдөө тариа ногоо, үхэр мал дээрээ л байдаг. За тэгээд яах вэ дээ өөрийн тань асуултад өөрийнхөө хэмжээгээр арай тодорхой хариулъя л даа. Ер нь бол Хүнсний үрийн буудайны төлбөрт зориулж 2017 оны улсын төсөвт 16 тэрбум төгрөг тусгасан байдаг бөгөөд 12 аймгийн 65 сумын 729 иргэн, аж ахуйн нэгж урамшуулал авах шалгуурт тэнцсэн гэж тухайн үед мэдээлж байсныг санаж байна.

Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр болсон хуралдаанаар үрийн буудайн үйлдвэрлэлийг дэмжих шийдвэр гаргасан гэдэг. Тэгээд яах вэ дээ манай “Гацуурт” ХХК 3 375 000 000, “Баяндулаан уул” ХХК 1 387 500 000, “Шаргал тариа” ХХК 675 000 000, “Скрин” ХХК 600 000 000, “Сэлэнгэ Тос” ХХК 562 500 000, “Монгол ногоо” ХХК 525 000 000, “Вигобуудай” ХХК 375 000 000, “Хэрлэн Алтай” ХХК 144 830 000 төгрөгийг тус тус 2017 оны арванхоёрдугаар сарын 20-нд “Тариалан эрхлэгчдийг дэмжих сан”-аас авсан нь үнэн. Тэгээд манай найман компанид төсвөөс шилжүүлсэн мөнгөний дүн нийтдээ 7 644 830 000 төгрөг болсон байдаг. Ийм л юм. Тэр мөнгийг би өөр зүйлд зарцуулаагүй. Ард түмнээ чанартай, амт шимттэй тариа, ногоогоор хангах, эрчимжсэн мал аж ахуйгаа олигтойхон хөгжүүлэх үйлсэд л зарцуулаад явж байгаа.

-Та чинь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос 2017 оны хоёрдугаар сарын сүүлчээр авч байсан байх аа. Гэтэл сүүлийн үед  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбат “Тариалан эрхлэгчдийг дэмжих сан”-гийн үрийн буудайн төлбөрт төсөвлөсөн мөнгөний тавь орчим хувийг ганцаараа хүртчихсэн байна гээд байгаа. Тэр талаар та юу хэлэх вэ?

-За тийм ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Зарлиг тушаалаа гаргаж 2017 оны хоёрдугаар сарын 24-нд надад Монгол төрийн хамгийн дээд шагнал Хөдөлмөрийн баатар цолыг олгож байсан. Би Монгол төрийн энэ эрхэм дээд цолыг хүртсэн учир ард түмэндээ ихээхэн өртэй хүн гэдгээ байнга л мэдэрч явдаг. Тийм ч учраас цаг наргүй л хөдөлмөрлөж яваа жирийн л нэгэн тариаланч, бизнес эрхлэгч билээ би. Мэдээж надад цаашид ч хийх ажил маш их байна. Ялангуяа өндөр ашиг шимтэй үхрийн аж ахуйг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх, хөл дээр нь бат найдвартай зогсоох, за тэгээд тарьж ургуулж байгаа Улаанбуудайнхаа сортыг сайжруулах, нэг га-гаас авдаг үр тарианыхаа хэмжээг нэмэгдүүлэх, тариалангийнхаа талбайн үр шимийг нэмэгдүүлэх, газраа зөв хуваарилж, маш сайн ашиглах, тариаланчдынхаа ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хүнсний ногооны ургацыг огцом нэмэгдүүлэх гээд хийхээр төлөвлөсөн, хийж хэрэгжүүлж яваа төсөл хөтөлбөр, ажил маш их байгаа. Ямартай ч энэ намар гайгүй боломжийн ургац авлаа. Бас үхрийн аж ахуй маань ч нэлээн сайн үр дүнтэй ажиллаж байна. Одоо тэгээд өвлийн бэлтгэл, өвс тэжээл, эрчимжсэн мал аж ахуйн бусад төслүүд гээд бас ажил их байна шүү.

-Өнгөрсөн жил үрийн буудайны төлбөрт 16 тэрбум төгрөг төсөвлөсөн гэдэг. Гэтэл тэрхүү төлбөрийн 48 хувийг нь таныг ганцаархнаа авчихсан гэж яригдаад байгаа л даа?  

-За ер нь цаг завгүй ажиллаж, олон хүнийг ажлын байраар хангаж, улсдаа татвараа цаг хугацаанд нь төлөөд явж байгаа бизнес эрхлэгчдийг янз бүрээр л оролдох юм байна шүү дээ. Мэдээж намайг янз бүрээр л ярьж байгааг зах зухаас нь сонсож, мэдэрч байна л даа. Яах вэ дээ, бусдын амжилтанд атаархсан, өөр хийх ажилгүй хүмүүс янз бүрээр ярьж байхаас биш дээ. Тэдгээрийг би нэг их сүрхий тоодог ч үгүй, өөдөөс нь хэл ам хийж, цаг заваа үрэхийг ч хүсдэггүй шүү.

Надад үнэндээ өөр хийх ажил захаас аваад маш их байна гэдгийг түрүүнд хэлчихсэн байх аа.

-Та тэгвэл гол нь юунд тэмүүлж, ямар бодлоор жигүүрлэж явдаг хүн бэ?

-Миний хувьд Монгол Улсад газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, худалдаа, барилга, хүн амаа эрүүл хүнсээр хангах олон ажлыг хийж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, улс орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрийг маань үнэлж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Хөдөлмөрийн баатар хэмээх өндөр дээд шагналаа өгсөн гэж бодож явдаг болохоор хойшид олон жил энэ эрчээрээ зүтгэнэ гэж л боддог. Тэгээд ч эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах гэж яваа олон мянган бизнес эрхлэгчдийн нэг төлөөлөл нь би шүү дээ.

Монголын төр, Монголын ард түмэн бидний хийсэн бүтээснийг үнэлж, дүгнэж Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм шагналаар шагнасанд туйлын их баярлаж явдаг болохоор энэ их итгэлийг нь ажлын өндөр амжилтаар хариулах гэж л зүтгэж, хөдөлмөрлөж яваа хүн дээ би.  

Ер нь өдий хүртэл надтай хамт байсан Гацууртынхаа хамт олон, гэр бүл, найз нөхөд, аав ээж, ах дүү, бизнесийн түншүүддээ үогэлж л баярлаж, сэтгэл өндөртэй хөдөлмөрлөж явдаг даа. Угтаа цаашид ч Монголчуудыгаа эрүүл хүнсээр хангахын төлөө чармайн зүтгэсээр л байх болно. За яриагаа өндөрлөе дөө. Би бас дараагийнхаа ажилд тун яарч явна.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Болдсайхан

      (124.158.107.85) 2018-11-09 11:34
      • 0
      • 1

      Энэ Л.Чинбат гэгч ЖДҮ-ийн санг жинхэнэ хоослож дээ. Муухай зальтай хог байна даа. Тийм их мөнгө салгасныг нь энэ сэтгүүлч харин ухаж байгаад гаргаж ирж дээ. Ийм юмнуудыг одоо яана даа. Бүх өрийг нь нэхэж аваад тэр шоронд жаал суулгахсан даа.

      Хариулах

    • Harbaa

      (139.5.219.144) 2018-11-09 07:01
      • 0
      • 1

      Minguur l zarj baigaa biz dee.esvel unegui taraagaad baigaa yumuu

      Хариулах

    • С.ган

      (103.57.92.33) 2018-11-08 21:59
      • 0
      • 1

      Энэ сэтгүүлч юу асуумараа болоод зальтай гараар ам руугаа алгадуулж ээ

      Хариулах