Шүдгүй гурван арслан...

Twitter Print
2018 оны 11-р сар 08-нд 08:11 цагт
Мэдээний зураг,

Шүдгүй гурван арслангаа бүүр өрөвдчихлөө байна. Эхнийх нь Х.Баттулга. Рейтинг нь анх ерөнхийлөгч болсон үеийнхээсээ даруй давхар тонгороогоор унасан гэж байгаа. Ерөнхийлөгчийн засаглалыг мөрөөдөн нойргүй хонож, хүссэндээ хүрэхийн тулд хүзүүгээрээ дэнчин тавихаас ч буцахгүй яваа. Харамсалтай нь түүнд өлсгөлөн, жагсаал энэ тэрээр далимдуулан бүрэн эрхийнхээ дагуу орон даяар онцгой байдал зарлахаас өөр ямар ч арга байхгүй. Үүний тулд төв талбай дээр буун дуу гаргаж, дарь дэлбэлж, зэвсэгт мөргөлдөөн хийхээс ч буцахгүй нэгэн. Хэчнээн шуугиад ч түүний хувьд парламентийг тараахад хүч нь ч хүрэхгүй, эрх мэдэл нь ч амжихгүй. Үүнийгээ ч мэдэж байгаа. Гэвч холын хожоо, алсын алхмаа бодоод парламенттай үзэж тарж, үсэрч наалдаад, цаг хожиж, царай алдаж яваа гэвэл илүү ононо.

Хоёр дахь шүдгүй арслан нь М.Энхболд буюу УИХ-ын дарга. Дотогшоо Хүрэлсүхтэй үзэлцэж, гадагшаа Баттулгатай барилдаад, ил харагдахгүй ч, далд шазуур зуугаастай, шанаа тулаастай. Өнөөгийн байдлаар хуулийн дагуу тэр бол төрийн гурван өндөрлөг дундаа хамгийн их эрх мэдэлтэй нь. Тийм ч болоод түүний цэргүүд дуу чангатай, дур ихтэй. Ямартаа Оюунчимэг, Даваасүрэн нарын ойрын зайн омогтой гишүүд хөөрхий ерөнхий прокурорыг хэдэн үг хэлснийх нь төлөө "Араа мэдээрэй, чи" гэж араандаа зууж байхав.

Гурав дахь шүдгүй арсланг У.Хүрэлсүх гэдэг. Уг нь мань эр зээл авсан зэвүүн хэдэн гишүүнээ эргүүлэн татаж, намынхаа бага хурлаар дараагийн үеийнхнийг даруй гаргаад ирж чадах хүн. Сонгодог парламентийн засаглалыг Монголд илүүтэй тохирно хэмээн үздэг тэрбээр мөн л хуулийн өмнө гар хоосон, илд нь иргүй, хүч нь хуваагдмал байдалтай улдаад удаж буй. Ямартаа өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд "Зээлээ төл, дараагийн сонгуульд тойрог өгөхгүй" гэх зэргээр чадлаараа чангарч суухав. Угаасаа түүний оронд бурхан залраад ч, буг байгаад ч яаж ч чадахгүй нь үнэн.

Ийнхүү гурван шүдгүй арслан маань гуталгүй бүжигчин, бөмбөггүй тоглогч, галгүй тулга, дарьгүй шүдэнз мэт аргаа барж, аашаа гаргаж сууна. Тэдний нэг нь л нэр цэвэр гэдгийг зориуд сануулъя. Хүрэлсүх, Баттулга хоёр бие биенээ хүчгүйдүүлэхийг харан баясч, хазаар ногтоо бэлдэж буй халгаатай тоглогч бол М.Энхболд. Яагаад бид гурван шүдгүй арслантай болчихов оо. Ямар ч сайхан аавын хүү тэр гурван сэнтийд суухаараа л хэн ч биш болж хувирдаг. Хоорондоо хэмхэлддэг, хорон үг шидэлцдэг. Үнэндээ бол 30 жил дуншсаны эцэст засаглалын асуудал жалганаас хальж бэлд, бэлээс өгсөн оргилдоо ирж буй нь энэ.

Гайхалтай нь МАН-ын цөөн залуус сонгодог ардчилсан парламент буюу Японы жишгийг хэрэгжүүлчих санаатай Монголын ардчиллын сүүлчийн манаач болон торойж, АН-аас төрсөн Ерөнхийлөгч тойрон хүрээлэгчдийнхээ хамт ганц хүний засаглалд шунан дурлаж, шуудран үзэлцэж байна. Шүдгүй гурван арслангийн нэг нь илүү эрх мэдэлтэй, үүрэг хариуцлагатай болчихвол бид энэ гацаанаас гарна.

Харин яаж? Парламент хангалттай муухай харагдаж байна. Майдар хотдоо, өөрийнхөө бариулсан төмөр замаар очиж зочилдог Баттулга ч муухай байна. Сонгосон гишүүд маань ч солиотой шуналтай, сортоотой хулгайч болчихож. Эрх мэдэлгүй Ерөнхий сайд ч муухай байна. Тэднийгээ баалж суугаа бид ч бас муухай байна.

Гэвч зээл авсан новшийн 50 гишүүнээр парламентийн засаглалаа арилжиж, Ерөнхийлөгчийн засаглал руу нүдээ аниад орох гэж байгаа бол энэ нь батганаа алах гээд байшингаа шатаахын үлгэр болно. Би л лав ийм солилцоо хийхгүй. Харин сонголтоо эргэж хардаг, эргүүлэн татдаг эрхийн төлөө тэмцэх болно. Учир нь ардчилсан нийгмийн төлөө өвөг дээдэс минь өнө удаан тэмцсэн... Хааныхаа төлөө, хаадын хөвгүүдийн төлөө харц ард амиа өгдөг үе ард үлдсэн.

Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ме

      (202.21.124.131) 2018-11-08 10:16
      • 0
      • 1

      Тэгвэл ард түмэн хоорондоо алалцан бж эд нарыг сонгох хэрэг бна уу?

      Хариулах