Ж.Мөнхбат банкнаас 150 мянган ам.доллар зээлж нэмж байж 5 өрөө байр худалдан авсан гэв

Twitter Print
2018 оны 11-р сар 07-нд 15:01 цагт
Мэдээний зураг,

"УИХ-ын гишүүн Ж. Мөнхбат 2017 оны 8 сард Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамж, 16-р байр буюу Regency Residence хотхоны 1501 А тоот байранд 260 метр кв орон сууцыг 780 мянган ам доллараар худалдан авчээ. Хүүхдийн паркийн яг зүүн талд байрлах, сүүлийн үеийн засал тохижилттой, тансаг зэрэглэлийн байрыг Ж.Мөнхбат худалдан авахдаа 780 мянган ам доллар буюу өнөөдрийн ханшаар тооцоход 2 тэрбум гаруй төгрөг төлжээ. Гэтэл түүний эхнэр Дашдэлэгийн Буянжаргал Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамж, 16-р байр буюу Regency Residence хотхоны 1501 Б тоот 170 кв.м байрыг мөн л 2017 оны 8 сард худалдан авч, гэрээ байгуулсан байх юм. 

Хамгийн сонирхолтой нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамж, 16-р байр буюу Regency Residence хотхоны 1501 тоот байр нь нийтдээ 430 мкв талбайтай, дотроо хоёр давхар байр юм байна. Энэхүү байрыг эзэмшиж байсан Бордухын Цэндсүрэн Ж.Мөнхбатад зарахын өмнөхөн байраа хоёр хувааж, Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан бөгөөд Ж.Мөнхбат өөрийнхөө нэр дээр 1501 А хэсгийг, харин эхнэрийнхээ нэр дээр 1501 Б хэсгийг худалдан авч, нийтдээ 430 мкв талбайтай, дотроо хоёр давхар байранд амьдрах болжээ.

Өнөөдөр Regency Residence хотхонд 1мкв байрны худалдах үнэ 2500 ам доллар байна. Нийтдээ 3 тэрбумын үнэтэй тансаг зэрэглэлийн байрыг Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний цалингаараараа худалдаж аваагүй нь тодорхой" гэсэн мэдээлэл цацагдах болсон. 

Тэрбээр өнөөдөр уг асуудалд албан ёсны тайлбар хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Би Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Олимпийн гудамжны 16 дугаар байрны 501 тоот байрыг худалдан авсан нь үнэн. Өнөөдөр манай гэр бүл тус байранд амьдарч байгаа. Гэхдээ тэр гурван тэрбум төгрөгийн үнэтэй байр биш. Уг байрыг худалдан авсан бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ-ын бүх гишүүнээс ХОМ-ийг авдаг.

Уг ХОМ-тээ би өөрт байгаа өмчөө тодорхой бичсэн. Тухайн үед манай гэр Зайсангийн “Сөүл рояль каунти” хотхонд 250 м.кв байранд амьдардаг байсан. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө энд амьдарч байсан. Түгжрэлээс болоод хотын төв рүү буюу бидний хэлж заншсанаар Натурын зам дагуу байр авсан. Ингэхдээ “Сөүл Рояль Каунти” хотхоны байраа зарж, мөн гэр бүлийн хүнийхээ нэр дээр байдаг оёмол нэхмэл сүлжмэлийн жижигхэн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ч худалдаалсан. Хэнд хэдэн төгрөгөөр худалдсан, хэн авсан, мөнгө шилжүүлсэн баримт бүгд бий. Энэ мөнгийг байрандаа зарцуулснаас гадна банкнаас 150 мянган ам.доллар зээлсэн. Одоо амьдарч байгаа байраа худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр тодорхой. ХОМ-тээ ч тусгасан. Хууль зөрчиж хулгай хийж, худлаа ярьсан ямар ч зүйл байхгүй. Манай гэр бүл баян тарган амьдардаг ч айл биш.

Нөгөө талаар би уран бүтээл хийдэг. Энэ тухайгаа би ХОМ-тээ бичсэн. “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг уран сайхны кино хийсэн. Мөн “Зүрхээ чагна” зэрэг уран бүтээлүүдээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Өнгөрсөн жил өөрийн шүлгээс бүтсэн “Монгол тандаа зүтгэе” уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Уг тоглолтоос 140 сая төгрөгийн орлого олсон. Энэхүү орлогоо Монголын ирээдүй болсон 100 оюутны сургалтын төлбөрт хандивласан. Энэ нь багтаж ядсан баян таргандаа хийсэн ажил биш. Хэрвээ би үүнийг хийхгүй бол 100 оюутны сургалтын төлбөрт хэн дэмжлэг үзүүлэх вэ гэдэг үүднээс уг ажлыг зохион байгуулсан. Гэвч өнөөдөр яагаад ийм асуудал гарч ирэв гэдгийг би судалж үзсэн.

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ЖДҮ-ийн асуудалтай холбогдуулж хувь гишүүнийхээ байр суурийг шүүмжлэлтэйгээр илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулж хууль бусаар намайг байр худалдан авсан болгох гэж зохион байгуулалттайгаар гаргаж ирсэн. Намайг харлуулах гэсэн уг ажлыг холоос хийгээгүй ээ. Маш ойрхон, дотроос шидсэн гэдгийг би мэдэж байгаа” гэлээ.

Д.Түвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ме

      (202.21.124.131) 2018-11-07 17:33
      • 0
      • 0

      Өнөөдөр Мөнхбатын тухай асуудал ярих нь бусад луйварчдын хулгайг бүдгэрүүлэх арга гэж харагдаж бна, асуудал хурцдаад Мөнхбат үнэн үг хэлснийхээ төлөө өөр лүүгээ гал дуудаж бга юм.

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.9) 2018-11-07 16:46
      • 0
      • 0

      150 мянган доллар гэдэг монгол мөнгөөр 387 сая төгрөг. Үүнийг банкнаас хамгийн доод ханшаар буюу сарын 1.2 хувийн хүүтнй зээллээ гэхэд сард 4,644,000 төгрөг зөвхөн хүүнд төлж байна. Дээрээс нь үндсэн зээлнээс хасна гэвэл 6 сая төгрөг гаран болно. Сар бүр энэ зээлийн хүүгээ яаж төлдөг ийг нь бодоход л ухаан санаанд багтахгүй тоо гарч байна даа.

      Хариулах