Б.Батзориг суудалдаа үлдсэн өнөөдрийн ээлжит бус чуулганы эргэн тойронд...

Twitter Print
2018 оны 11-р сар 07-нд 13:37 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий прокурор Энх-Амгалан оролцлоо.  

Өнөөдрийн ээлжит бус УИХ-ын нэгдсэн чуулганд УИХ-ын 75 гишүүний 53 нь оролцож Б.Батзоригийн талаар санал дүгнэлтээ ярилцаж, эцэст нь санал хураалт явагдсан билээ.

Ерөнхий прокурорын мэдэгдэлд "Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Батжаргалын Батзориг нь Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллах хугацаандаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжлүүлэх сангаас 2018 оны тавдугаар сарын 17-ний өдрийн А/88 дугаар тоот тушаалаар 134 иргэн хуулийн этгээдэд 72,4 тэрбум, 2018 оны наймдугаар сарын 28-ний өдрийн А/141 тоот тушаалаар 82 иргэн аж ахуй нэгжид 25,4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх эрүүгийн хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугласан материалаас үзэхэд Б.Батзориг нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22,1.3 зүйлд заасан  улстөрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүн нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал үүссэн тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн. Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу хэлэлцээд УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэж өгнө үү” гэсэн байна.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн “УИХ-ын гишүүн Б.Батзориг нь хуульд харшилсан багагүй үйлдэл хийсэн нь тогтоогдсон тул УИХ-аас эргүүлэн татаж, хууль хүчний хараанд байх ёстой” гэснийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс эхлээд УИХ-ын гишүүн Шадар сайд Ө.Энхтүвшин, гишүүн Х.Нямбаатар зэрэг нэлээн хэдэн эсэргүүцэж байсан бол УИХ дахь сөрөг хүчин АН-ын гишүүн Л.Болд, МАХН-ын “Ганц дайчин” О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан зэрэг долоон ч гишүүн эсэргүүцэж байсан юм.

Энэ асуудлаар УИХ-д хамгийн олон удаа сонгогдон ажиллахдаа долоо дахь удаагаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байгаа МАН-ын Бүлгийн “Төмөр хүн” Ц.Нямдорж “Бүхнийг хуульд зохицуулах ёстой. Гэхдээ надад хуульд нөлөөлөх, АТГ болон Улсын Ерөнхий прокурорт нөлөөлөх, тэднийг удирдах ямар ч боломж, хууль зүйн эрх мэдэл байдаггүй. Өнөөдрийн УИХ-ын гишүүд хууль эрх зүйг ноцтойгоор зөрчин, ЖДҮДС-аас ихээхэн хэмжээний зээл авцгаасан нь тодорхой болсон тул зохих хариуцлагаа хүлээх л ёстой. Гэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, сонгогчдынх нь эрхэнд халдаж болохгүйг Үндсэн хуулиар баталгаажуулчихсан байдаг тул Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь шууд түдгэлзүүлэх ёс зүй байхгүй. Улсын Ерөнхий прокурор түрүүнд УИХ-ын гишүүд та бүхэн хууль гаргахдаа алдаа гаргасан гэсэн нь яах аргагүй үнэн шүү. Би болохгүй гэж эсэргүүцсээр байхад л болж байсан хуулиудыг өөрчлөөд хаячихсан. Би энэ УИХ дотор бослого гаргаж үзээд ч амжилтанд хүрээгүй нь үнэн шүү. Энэ сүүлд мөрдөгдсөн хуулиар хэрэг мөрдөх, мөрдөн байцаах бүх эрх мэдлийг Ерөнхий прокурорт өгчихсөн юм билээ. Би хууль зөрчихгүй, айдгаа ардаа хйичихсэн хүн гэдгийг энд сууж байгаа нөхдүүд сайн ойлгох хэрэгтэй шүү. Би цагдаад байсан ёс бус бүхнийг таслан зогсоосон. Мөн үүнээс хойш цагдааг дахиж  ямар ч ёс бус зүйлд оролцуулахгүй шүү гэдгээ хатуухан хэлье. Энэ хариуцлагыг надаас асууж болно шүү. Харин цагдаад ажиллаж байгаад ёс бус асуудалд холбогдсон бүхнийг хайр найргүй өгдөг газар нь өгөөд шалгуулж байгаа. Одоо Шүүх шинжилгээг тойрсон асуудлуудад ямар ч өмгөөлөл, хамгаалал байхгүй шүү гэдгийг сануулчихъя.” хэмээж байсан нь УИХ-ын гишүүнийг тийм ч амархан бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх боломжгүй гэдгийг нотолж байсныг сануулахад илүүдэхгүй болов уу.

Харин УИХ-ын шинэхэн гишүүн М.Оюунчимэг нь “Ерөнхий прокурор М.Энх-Амгалан та УИХ-ын гишүүдийг загнаад л үнэхээр том байна. Том дуугараад л үнэхээр баатар байгаа нь арга ч үгүй юм уу даа. Яагаад гэвэл бид нар өөрсдөө прокурорын эрхийг хязгаарлах хуулиндаа маш их эрх мэдэл өөрт чинь өгчихсөн юм байна. Тэр үед чуулганы танхимд ямар юмнууд болж байсныг мэднэ шүү. Уг нь бол М.Энх-Амгалан Ерөнхий прокурор та бидэнд ажлаа тайлагнах ёстой байтал энд ингэж том дуугараад байж болохгүй л дээ. Том дуугарахаасаа илүү шупарга ёсыг зөв зүйтэй тогтоох хэрэгтэй шүү. Одоо тэгэхээр хуулиндаа тодорхой өөрчлөлт оруулах цаг нь болжээ. Яаж өөрчилвөл Монголын нийгэмд үүрлэсэн шударга бус бүхэнтэй хамтдаа тэмцээд, хамтдаа шударга ёсыг тогтоож болох вэ. Тэр бүхнийг одоо эндээ шийдэцгээе. Өнөөдөр Монголын нийгэм тэр аяараа болохгүй байгааг УИХ өөрөө өөрчлөн сайжруулах цаг болжээ. Таны орлогч Б.Амгаланбаатар гэдэг хүн хүртэл ЖДҮДС-аас хоёр ч удаа их хэмжээний зээл авчихсан нь тодорхой болсон шүү дээ” хэмээж байсан.

Ингээд эцэст нь Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах санал оруулсан Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналын талаар санал хураалт явуулахад энэ өдрийн ээлжит бус чуулганы хуралдаанд оролцсон УИХ-ын 53 гишүүний 46 нь Б.Батзорийг УИХ-ын гишүүнээр үлдээх санал өгч, О.Баасанхүү, С.Жавхлан, Л.Болд нарын 7 гишүүн УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах санал өгсөн ч олонхийн саналаар Б.Батзориг нь гишүүний бүрэн эрхтэйгээ үлдсэн юм.  

Ийнхүү УИХ-ын тухай хуулийн 6-ын 13 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын тогтоол батлагдаж, Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзээд, мөн дээрх тогтоолыг 2018 оны 11 пзгээр сарын 7-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх ёстой хэмээн УИХ-ын дарга М.Энхболд энэ өдрийн ээлжит бус хуралдааны эцсийн найруулгыг уншсанаар өнөөдрийн хурал өндөрлөж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ч баяр хөөртэйгөөр гарч одоцгоосон билээ. Өнөөдрийн Монголын улстөр нэг иймэрхүү л сонинтой энэ өдрийг өнгөрүүлж байнам...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.