УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хэрхэн баяжсан булхай, газрын наймаа, тендер хамалт...

Twitter Print
2018 оны 11-р сар 07-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

Монголын ард түмнийг Зөрчлийн хууль гэгчээр хулхийг нь буутал нь айлгаж, гэм зэмд түлхэх эхлэлийг тавьсан энэ хуулийн автор УИХ-ын залуухан гишүүн Х.Нямбаатар тун ч их маапантай, өөрийнхөө сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн иргэдийг туйлгүй гомдоож, хамаг л тендерүүдийг хаман авч, хэмжээгүй баяжсан этгээд гэдгийг нь УИХ дахь “Ганц дайчин” МАХН-ын шударга гишүүн О.Баасанхүү бүх л баримт сэлттэй нь дэлгэн тавив.

О.Баасанхүү гишүүний тайлбарлаж байгаагаар өнөөдрийн УИХ буюу эрх баригч МАН-ын Бүлгийн 64 гишүүд дотор эдийн засаг, санхүүгийн хувьд арга ядсан, ядарсан нэгэн байхгүй бөгөөд бүгдээрээ л хэмжээ хязгааргүй баяжиж, ихээхэн хөрөнгө хураацгаасныг нь баримт нотолгоотой танилцуулсан юм.

Тухайлбал Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар нэлээн хэдэн жил ажиллаж байгаад гэнэтхэн томроод л өнөөдрийн УИХ-д орж ирсэн Х.Нямбаатар гэхэд л өнөөдөр хүчтэйхэн яригдаж Монголын ард түмний уур бухимдлыг ихээхэн төрүүлж байгаа ЖДҮДС-ын хөрөнгөнөөс 950 сая төгрөгийн зээлийг өөрийн болгосноос  гадна Сонгинохайрхан дүүрэгт хуваарилагдсан бүх л тендерийг хамж, өөрийн болгож амжсан гэнэ.

Өнөөдрийн хувьд МАН-ын бүлэг хулгайч, дээрэмчдийн ЖДҮДС-ын мөнгийг өөрийн болгоцгоосон талаарх мэдээлэл хангалттай хэмжээнд тархаж, тэдгээр этгээдүүдийн нэрс ч нэлээн урт цуваа үүсгээд байгаа билээ. Гэхдээ өнгөрсөн сарын 26-ний өдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлгээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын нэрсийг нэмж зарласан ч зарим нэг эрхмүүдийн нэр өнөөдөр ч ил болоогүй байгааг сануулахад илүүдэхгүй болов уу.   

Сонгинохайрхан дүүргийн иргэдэд өөрийгөө ихээхэн шударга хэмээн ичиж нэрэлхэлгүй өргөмжилж байсан  УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийн хамаарал бүхий “Өгөөдэйн Ази” ХХК-иараа дамжуулан дээрх сангаас 950 сая төгрөгийн зээл авчихсан нь тодорхой болсон. Гэтэл Х.Нямбаатарын булхай, хөрөнгө мөнгийг өөрийн болгосон дээрмийн үйл ажиллагаа үүгээр хязгаарлагдахгүй нь тодорхой болов. Тухайлбал тэрээр Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн дэргэдэх томоохон газрыг дээрмийн аргаар өөрийн болгоод тэр газар дээрээ хоёр ч есөн давхар орон сууц бариулаад бүгдийг нь зарж борлуулан ихээхэн хөрөнгө, мөнгө цуглуулж, УИХ дахь тэрбумтангуудын тоонд хүч түрэн орж ирснийг УИХ-ын шударга гишүүн О.Баасанхүү тодорхой баримттай дэлгэн танилцуулав.  

Хэдийгээр УИХ-д анх удаа орж ирсэн ч туйлгүй баяжиж хөрөнгөжсөн  Х.Нямбаатарын “Өгөөдэйн Ази” гэх компанийг сонирхож үзвэл  Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэрнээ 2018 оны гуравдугаар сараас  эхэлж Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 2018 оны аравдугаар сарын 15-ныг хүртэл нийтдээ таван удаагийн тендерийг өөрийн болгож амжсан байгаа юм. УИХ-ын залуу тэрбумтан, асар их баяжиж хоцорсон Х.Нямбаатар нь 2018 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарлагдсан Сургууль, цэцэрлэг, дотуур байрны их засварын ажлыг Өмнөговь аймгийн Баян-Овоо, Даланзадгад, Манлай, Номгон, Ханбогд суманд авч амжсан байдаг. Түүнчлэн тус компани 2018 оны гурав дугаар сарын 21-ний өдөр Төрийн банкны захиалагчтай Улаанбаатар хотод томоохон  засварын ажлыг тус тус авч амжуулсан байгаа юм.

Энд л гэж сонирхуулахад Х.Нямбаатарыг багтаж шингэхгүй баяжиж, ихээхэн хөрөнгө хураахад нь дэмжлэг болсон дээрх тендерүүдийн мөнгөн дүнг сонирхохыг хүсвэл  Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс харж болох юм билээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн итгэл сэтгэлээр тоглож, мөнгө тараасаар УИХ-д хөл тавьж, УИХ-ын гишүүн гэгдэх болсон Х.Нямбаатарын “Өгөөдэйн Ази”ХХХ-ийн үйл ажиллагаа хэзээнээс эрчимжиж эхэлснийг тус компанийн тендерүүд нотолсон гэдгийг О.Баасанхүү гишүүн танилцуулсан.

Ер нь бол Х.Нямбаатар нь Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаад буруу аргаар УИХ-д  сонгогдоод гараад ирсэн товариш л даа. Тиймдээ ч өнөөдөр тус дүүргийн Тамгын газар Х.Нямбаатарын ах дүү, амраг саднаар дүүрч 2020 оноос өмнө улсаас зарлагдсан энэ мэт тендерийг хуу хамна гэдэг нь ч тодорхой болчихсон юм билээ. Товчхондоо УИХ-ын хөрөнгөлөг гишүүн болчихсон Х.Нямбаатарын “Өгөөдэйн Ази” гэгдэх компани нь Сонгинохайрхан дүүргийг тонон мөлжиж, Х.Нямбаатар ч  хүчрэгдэхгүй хөрөнгөтөн болсон гэдэг нь олон баримтаар нотлогдож байгаа юм билээ. Яг үнэндээ өнөөдөр Х.Нямбаатарын хязгааргүй шунал бол хувийн бизнесээ өргөжүүлэхийн тулд эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө   шарвалзаж, толгойг нь эргүүлж  байгаад асар их хөрөнгө мөнгө цуглуулах нь  түүний гол зорилго болчихсон гэдэг.  Тиймээс ч Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан болон Хууль зүйн сайд Ц.Нямдорж та бүхэн хүчээ нэгтгэж байгаад Х.Нямбаатарын хамаарал бүхий “Өгөөдэйн Ази” ХХК дээрх олон тендерийг хэрхэн өөрийн болгосон болон, мөн гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах ёстой тус компани яагаад цэцэрлэг, сургуулийн засварын ажил, камержуулалт, гудамж талбайн тохижилтийн ажлыг булааж аваад байдаг вэ  гэдгийг нэг бүрчлэн нарийвчлан шалгаж, гэм зэмийг нь даруй тогтоох нь шударга ёсонд нийцэх болов уу.   
Хэдийгээр өнөөдөр Улсын мөрдөн байцаах газарт Х.Нямбаатарын “Өгөөдэйн Ази”  компанийн ЖДҮДС-ын мөнгөнөөс ихээхэн зээл авсан асуудлыг шалгаж байгаа ч дээрх тендерүүдийг ч эцэслэн шалгаж, Тендерийн хорооны дүгнэлтийг нь олон нийтэд ил болгох ёстой бус уу. Хэрвээ өнөөдөр ЖДҮДС-ын  мөнгө, хөрөнгө иймэрхүү маягаар гэмт этгээдүүдийн идэш болж  байсныг Монголын ард түмэн мэдээгүй бол энэ зээл зорилтот бүлэгтээ биш Х.Нямбаатар мэтийн бэртэгчин, хулгайч луйварчдын халаас руу орж, тэднийг хязгааргүй баяжуулаад  дуусах байсан гэдгийг саяны үйл явдлууд баримттайгаар нотлон харуулсан болов уу.

Энд нэг сонирхолтой баримтыг таницуулахад УИХ-д ихээхэн шударга гишүүн болохоор “УИХ-ын дарга М.Энхболдын нэр холбогдсон 60 тэрбумын буюу төрийн албыг зарж борлуулах гэж байсан хэргийг дэлгэн тавьж, буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцох цаг нь болсон” хэмээн ихээхэн дуулиан тарьж байсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь Сонгинохайрхан дүүргийн хамаг л тендерийг хамж зооглосон Х.Нямбаатартай эгч дүүсийн хүүхдүүд гэх ах дүүгийн холбоосоороо ихээхэн ойр дотно байдаг бөгөөд тэр хоёр энэ оны гуравдугаар сараас эхлээд л “Шүүх засаглалын талаар” баахан сенсаци дэгдээж байсан билээ.

Тиймээс ч “Хууль тогтоогч, УИХ-ын гишүүн” гэсэн нэрийн цаана нуугдсаар ядуухан улсаасаа ч баян болтлоо хулгай, дээрэм хийж учиргүй баяжсан   Х.Нямбаатар мэтийн луйварчдад төрийн хууль “Төмөр нүүр”-ээ үзүүлж, шоронгийн мухарт шидэх юмуу, Монголын ард түмэн ч Х.Нямбаатар мэтийн луйварчдын үнэн нүүр царайг сайтар ухааран мэдэрч, дахин УИХ-д ойртуулахгүй байх бүх л боломжоо судлах, хэрэгжүүлэх цаг нь ч болсон санагдана...  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.