Бямбажавын Ганбаатар - Явдал /Өгүүллэг/

Twitter Print
2018 оны 11-р сар 07-нд 10:21 цагт
Мэдээний зураг,

Тэр согтжээ. Эхнэрийн нь ангийн “хүүхэд”-үүд тэднийд ирж, хамгийн гол нь ханийнх нь “анхны хайр” байж, тэдэн дотор. Сургаар мэдэх ч санасныг нь бодвол төсөөлснөөс нь хавьгүй аятайхан, хөгжилтэй хархүү байв. Энэ тусам нь хар төрөм байсан ч нэр хичээх хэрэгтэй.

Холын хүн, ангийнхандаа авгай нь илтэд хөл алдана. Анхны хайр нь юм чинь, би биш. Энэ хоёрын залуухан, халуухан хаврын үдэш, тэр бүр хүнд хэлмээргүй янагийн явдал.

Уулзан танилцахын “үүдэнд” нүдэнд харагдтал л ярьж өгч. Дэмий юм байна, итгэл төрүүлэхийн тулд тэгсэн байж магадгүй л дээ. Бачтай хорвоо юмаа.

Эхнэрийн нь тухайд барьц алджээ. Амь зуухын төлөө өөрт нь бүхнээ өгсөн хар хүн, нөгөө талд нь “зүрх”-ээ алдсан амраг, зүрхний нь шүтээн явсан хархүү, ханхүү.

Энэ үес, яагаа ч үгүй унаж “өгсөн” эр багана нь сэтгэл хөөрснөөс, жаахан хардсанаас... шунагласнаас ч юмуу “тас үсэрчээ”. Нэг л тасарсан бол өглөө болтол тас л даа. Түүгээрээ санаа амар, сайхнаараа харагдах “анхны хайр” нь түүний сэтгэлийг сэвэлзүүлэнэ.

Удсангүй. Бурхан тэднийг иймэрхүү эр эм хэн нь ч хүсэм чөлөөтэй орчинд учруулав. Хөндийдүү... Ийм насанд баймгүй, ичингүй уулзалт, үнсэлт.

Тэр гэнэт ханажээ. “Тас үсэрсэн” нөхөр нь биеэ бэлдэн хүлээсэн уулзалтаас нь үнэтэй санагдвай.

-Би чамайг өнөөдрийг хүртэл мартаагүй

-Тийм үү? -Үлгэр шиг хэвээр...

-Хүлээ. Наанаасаа битгий ингэж баз л даа

-Чи нөхөртөө хайртай юу?... дээ

-Боль. Түүний нэрийг энд бүү дурс, тавь.

-Хүлээ. Хүүе...

Тэр гэртээ гүйн оржээ. Нөхөр нь нөгөө хардаад байх шиг байснаа ор тас мартан... нойрноос арилжихсан, дүнгэнэтэл хухирч байлаа. Ийм л хүндээ...

Олон жилийн жаргал зовлонг хамтдаа туулсан ханийнх нь халуун дулаан өвөр. Жигд намуухан хухиралт түүнд тайван амгаланг ерөөх шиг нойрыг нь хүргэж, саяын “явдал”-ыг мартагнуулж эхлэв. Аргагүй дээ хэрэг хийсэн биш.

Бямбажавын Ганбаатар

Баянхонгор, 2010 он

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.