Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Шударга ёс энэ танхимаас эхэлдэг юм. Хаана байгаа юм шударга ёс чинь...

Twitter Print
2018 оны 11-р сар 07-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулж гишүүд Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас асуулт асууж, санал бодлоо хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өнөөдөр прокурорын жижиг тайлбар гарсан байна. Энэ хэрэгт УИХ-ын дөрвөн гишүүнийг шалгаж байгаа гэж байна. Тэр хүмүүс хэн бэ. Мөнгө угаасан хэрэг байгаа юм уу. Өргөтгөн шалгах уу. Шалгалт хэр удаан үргэлжлэх вэ. Нам нь даалгавар биелүүлснийх нь хувьд Б.Батзориг гишүүнийг авч үлдэж байна гэж би ойлгож байна. Тэгвэл захиалагч нь хэн бэ? ЖДҮХС-ийн зээл авсан хамаарал бүхий компанидаа гээд байгаа. Хамаарал бус компанидаа авч өгсөн байгаа. Сонгуулиар мөнгө авчихсан компаниуддаа зээл аваад өгсөн.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Прокурорын байгууллагаас ямар тодруулга хийснийг мэдэхгүй байна. Дөрвөн гишүүний асуудал байгаа гэж байна. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа ганц л гишүүн байгаа. Б.Батзориг гишүүнд хэрэг үүсгээд шалгаж байгаа. Цаашдаа шалгалтын явц ямар болохыг мэдэхгүй байна. Намын даалгавар өгсөн, захиалагчийг шалга гэсэн юм асууж байна. Одоогоор ийм юм алга байна. Хэрвээ ийм юм тогтоогдвол шалгана. Цаашдаа гэм буруутай нь тогтоогдвол гишүүдийг шалгана. Шалгалт хэдий хугацаатай явахыг хэлж мэдэхгүй. Нөхцөл байдал, цар хүрээнээс болно. Нэлээн өргөн хүрээтэй шалгалт явж байгаа. Зөвхөн ЖДҮДС биш өөр сангуудыг шалгах үүрэг ирсэн байгаа.

Гишүүн Д.Оюунхорол: Монголын төрд ард түмэн итгэхгүй байна. Чингис, Самурай бондын зарцуулалтын хүрээнд тухайн үеийн албан тушаалтнуудад хэн хариуцлага тооцох юм. Иргэдийн гомдол цөхрөлийг улстөрчид хэр дүгнэж байна вэ. Л.Болд гишүүн улс төрийн нэмэх оноо авах гэж иргэдийг турхирахаа боль. Үндсэн хуулийг батлалцсан хүн юм бол ард түмнийг тайван амьдруул. Улс төрийнхөө үйлдлийг газар дээр нь шийдэх, магадгүй төрөөс төрсөн тэрбумтнуудыг шийтгэж чаддаг байх, баян хоосныхоо ялгааг арилгахад бодитой ажил хий гэдэгтэй санал нэг байна. Монголын парламент харьцангуй тогтвортой сайн ажиллаж байна. Төрийн алба хашиж байгаа бидэнд алдаа бий байх. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Мерит зарчим алдагдахаас эхлээд шийдэх олон асуудал байгаа.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Ноцтой гэж яриад байгаа Хөгжлийн болон Бондын мөнгөтэй холбоотой асуудал шүүх рүү шилжээд буцаагдсан. Одоо дахиад шүүх рүү шилжихээр болж байгаа.

Гишүүн М.Оюунчимэг: Хөгжлийн банкийг хальт дурдлаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, АСЕМ-ийн зарцуулалттай холбоотой ноцтой асуудлыг яагаад шийддэггүй юм. Ганц хүний асуудлыг яагаад ийм хурдан оруулж ирж байгаа юм бэ. Бусад асуудал нь яагаад илрэхгүй шийдэхгүй байгаа юм бэ. Жинхэнэ жийдэвтэйнүүд нь үлдээд байна. Олон ч хүнтэй уулзаж байна. Нэг хоёр хүн сольсноор юм өөрчлөгдөхгүй гэж байна. Батзориг сайдыг солиод юм өөрчлөгдөхгүй гэж байна. Тэр хүн солигдоно. Ард нь байгаа томчууд нь үлдээд байна шүү дээ. Албан тушаалуудын нөлөөгөө ашиглаж хууль бус юмаа хийгээд байна. ЖДҮ-ээс албан тушаалтнууд зээл авсан нь буруу, үнэхээр харамсаар үйл явдал. Зөвхөн Б.Батзориг сайдын үед гарсан асуудал биш.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Үндэс суурийг нь өөрчлөх миний асуудал биш. Та нарын асуудал. Яагаад шалгадаггүй юм, дуугүй өнгөрдөг юм гэж байна. Бүгдэд нь, бүх хэрэгт хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа. Та нарын хуулиас үүдэж барьж, шалгаж болохгүй байна. Та нарын баталсан хуулиас үүдэж ийм асуудал байхад биднийг буруутгаж болохгүй. Та нар дандаа ингэх юм, Хууль сайд ажлаа хийхгүй байна гэж. Хууль зүйн сайд мэддэггүй юм. Хууль зүйн сайд хэрэг бүртгэх мөрдөн байцаалтад ямар ч хамаагүй. Прокурорт эрх нь байдаг юм. Ерөнхийлөгч УИХ-ыг тараана гэж яриад байна. Тэр дагуу явж байгаа хүн нь би биш. Тэгдэг ч хүн биш. Шударга ёс энэ танхимаас эхэлдэг юм. Хаана байгаа юм шударга ёс чинь. Жирийн иргэн нь цагдан хоригдчихсон байна. Шийдвэр гаргасан хүн нь зүгээр сууж байна. Хэрэгжүүлсэн нь хоригдож байна. Мөс хайлуулах нь миний асуудал биш ээ. Хууль мөрдүүлэх нь миний ажил.

Гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон 53 гишүүнээс 86.8 хувь нь Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг хэвээр үлдээх санал өгснөөр тэрбээр Их хурлын танхимдаа үлдлээ.

Д.Түвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.