Ж.Э.Мориссоны авсан Богд хааны гэрэл зураг

Twitter Print
2018 оны 11-р сар 07-нд 08:48 цагт
Мэдээний зураг,

БОГД ХААНЫ ГЭРЭЛ ЗУРАГ, Ж.Э.Мориссон

Тус гэрэл зургийг VIII Богд гэрт авахуулсан ба номын хувцас асааж (өмсөж), луун хээтэй түшлэг налж, олбог дээр сууж, баруун гартаа эрих барьжээ. Түүний урд ширээн дээр модоор сийлж хийсэн шашны эд зүйлс хийх зориулалт бүхий жижиг ширээ, түүн дээр хонх, дамар, дамрын даржин (оосор), ширээний баруун талд хумх (бумба) байна. 

Энэ зураг нь Богдын малгайгүй авахуулсан таван зураг (нөгөө дөрөв нь Богдын цуврал зураг)-ийн нэг юм.

Энэ гэрэл зургаас харж Б.Шаравын зурсан өнгөт зураг өдгөө Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна.

VIII Богдын зургуудаас Ж.Э.Мориссоны авсан гэрэл зургийн хуулбар Монголын үндэсний архивын газрын кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвд шилэн негатив хэлбэрээр 9х12 хэмжээтэй 2 ширхэг, 13х18 хэмжээтэй 1 ширхэг хадгалагдаж байна.

УЛСЫН ЭХ ДАГИНА ДОНДОГДУЛАМЫН ГЭРЭЛ ЗУРАГ

Отго жинс бүхий шигтгээтэй хилэн малгай, сувдан хээтэй хантааз, одон хээтэй, салбан нударгатай торгон дээлтэй, угалзтай монгол гутал өмсөж, хоёр гарын арван хуруунд шигтгээтэй бөгж зүүж, урт богино эрх барин торгон хөшигтэй, хивсэн дэвсгэртэй монгол гэрт түшлэгтэй суудалд залран буйгаар сүүдэрлэжээ.

Цэндийн Дондогдулам (1874-1923) Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон бэйсийн хошуунд мэндэлсэн. Жонон Бэйс Сангилагдоржийн хатны шадар албат, явсан бөгөөд 1896 онд VIII Богдыг Амарбаясгалант хийдэд заларч, Өндөр гэгээний тугдам шарилд мөргөл үйлдэхээр явахад анх учирсан хэмээдэг.
Улмаар 1902 онд “Эрх цагаан дара” цол өргөж VIII Богд Жавзандамба хутагтын ордонд иржээ. 1903 оны 7 дугаар сард Бээжин дэх Монгол Журган буюу Гадаад монголын төрийг засах явдлын яамаар дамжуулан Манжийн эзэн хаанаас “Эрдэнэ цэцэн ноён” цолыг олгожээ. Мөн онд хүрээнд Их хүрээний хамгийн отгон буюу 30 дахь аймаг болох Эх дагины аймгийг Дондогдуламд зориулан үүсгэн байгуулсан.

Хожим 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсыг тунхаглан зарласан тэр өдөр Цагаан дара Дондогдуламд хааны хишиг тархаах анхны лүндэнгээр Улсын эх дор өргөмжилжээ. Энэ үеэс Эх дагины цол улам баяжигдан

“Шашин төрийг хослон өрнүүлэгч
Чин үнэн сүсэгт
Тус ачлалт
Тунгалаг чандмани 
Далай дайчин
Ялгуусан дагина
Эрх Цагаан дара
Эрдэнэ сэцэн ноён 
Айлдал энэрлийн эзэн
Гурван орны дагинасын эрхэм
Улсын эх дагины гэгээнтэн” хэмээх болов.

Улсын эх дагина Дондогдулам нь “Шашин төрийг хослон өрнүүлэгч улсын эх дагины тамга” барьж хэрэг шийтгэж байжээ.

Тэрбээр Монголын түүхийн ээдрээтэй ороо бусгаа цаг үеийн турш Богд хааны хамгийн дотны туслагч, өмөг түшиг нь болж байсан юм.

Дондогдулам хатан 1923 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих тахиа цагт таалал барьсан ба ихээхэн уй гашуу, ёс төртэйгөөр шарилыг нь хайлуулж, одоогийн Улаанбаатар хотын хойно орших Шарга Морьтын амны хойд энгэрт оршуулжээ. Хатны шарилыг тээж хүргэсэн 9 шарга морийг тэнд нь сэтэрлэн тавьснаар тэр амыг Шарга морьт хэмээн нэрийдэх болсон ажгуу.

Эх сурвалж: Богд хааны ордон музей

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.