МАН-ын Бүлэг сайдаасаа огцорсон Б.Батзоригоо УИХ-д авч үлдэнэ гэв...

Twitter Print
2018 оны 11-р сар 06-нд 18:56 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байгаад ЖДҮДС-аас эхнэр Л.Отгонжаргалын мэдлийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөгийн ихээхэн мөнгийг зээл хэлбэрээр авч өгсөн хэргээр буруудаж, өмнөх МАН-ын Бүлгийн хурал дээр танхимынхаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хатуухан зэмлэл, нэг бүлгийн гишүүн Ж.Мөнхбатаас бас л хатуухан үг сонссоныхоо орой “Өөрийн саналаар ХХААХҮ-ийн сайдаас огцрох”-оо мэдэгдсэн УИХ-ын гишүүн Б.Батзоригийн асуудлыг хэлэлцээд сайдаас нь огцруулсан билээ.

Тэгвэл ХХААХҮ-ий сайдаас огцруулсан УИХ-ын нэгдсэн чуулганы дараа УИХ дахь МАН-ын Бүлгийн хурал болж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар мөн л ширүүхэн шүүмжлэл хэлсэн ч Бүлгийнх нь гишүүдийн олонхийн саналаар “УИХ-ын гишүүн Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх шаардлагагүй, прокурорын дуудсан цагт өөрөө очоод байцаалт өгөөд байхад хангалттай” хэмээн авч үлдэхээр санал нэгджээ. Тэр талаар МАН-ын Бүлгийн хурлын дараа Бүлгийн дарга Д.Хаянхярваа болон УИХ-ын Хууль зүйн Байнгын хороон дарга Ш.Раднаасэд нар “Манай Бүлгийн зүгээс Б.Батзориг гишүүнийг УИХ-аас чөлөөлөх бүх нөхцөл бүрдээгүй гэж үзсэний үндсэн дээр энэ удаагийн хурлаар гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн хэвээр нь үлдээхээр тогтлоо. Тэрээр тэртэй тэргүй ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорсон тул прокурорын дуудсан цагт нь очоод байцуулт өгөөд байх бүрэн боломжтой тул манай бүлгийн зүгээс ийм шийдвэр гаргасан болно” хэмээсэн юм. 

Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хуралдаанд “Зээл авсан гишүүд зээлээ төлж, уучлалт гуйхгүй бол дахиж УИХ-д нэр дэвшихгүй шүү” гэсэн анхааруулга МАН-ын Бүлгийн гишүүдийн “Тас гүрийлт”-ээр “Замын дундаас замхран одох нь тодорхой” болж байна аа.

Энд нэг зүйл тэмдэглэхэд УИХ-ын нэгдсэн чуулганаар Б.Батзоригийн асуудлыг ярилцахад Завханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Я.Санжмятав Б.Батзоригийг тун их өмөөрч суусан. Тухайлбал тэрээр “Энэ бол Б.Батзоригт хариуцлага тооцож байгаа асуудал биш. Б.Батзориг өргөдлөө өгсөн биз дээ. Энэ бол ёс зүйтэй хүний үйлдэл. Зээл авсан хүмүүсийн нөхцөл байдлыг хараад байхад намын Удирдах зөвлөлийн хүрээнд яригдсан намын шийдвэр гэж харж байна. Энэ зүйлийг хэрэгжүүлж, гарын үсэг зурсан нь Б.Батзориг. Түүний цаана нь байгаа хүмүүст хариуцлага тооцож чадахгүй байх. Ерөнхий сайд та хууль бус шаардлага надад битгий тавиарай гэж хэлсэн. Тэгвэл та хууль бус зүйл битгий хий гэж танхимынхаа гишүүдэд шаардаж чадаагүй юм байна. Тиймээс Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндөх ёстой. Монголчууд унасан бөхийг муулдаггүй. Тиймээс би Б.Батзоригт буруу байхгүй гэж хэлмээр байна. Намын даалгавар гэж харж байна. Намын даалгавраар явуулдаг энэ ажиллагаагаа болихгүй бол намын шинэ залуучууд нэрвэгдэж гүйцэх нь. Танай намд суудал авч өгөх гэж зүтгэснийхээ төлөө Монголын төрд их зүйл хийх чадвартай, сэтгэлтэй залуугаа шүд сугалах зарчмаар огцруулж байна. Гуйгаад зээл авсан хүмүүс нь үнэнээ хэл л дээ. Зээл авах болохоороо гуйчихаад огцруулах болохоор алга ташаад суугаад байж болохгүй” хэмээн ихэд эгдүүцэж суусныг дурдууштай.

Тэгвэл УИХ-ын чуулганы дараа залгуулаад болсон МАН-ын Бүлгийн хурал дээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дарга Ш.Раднаасэдээс эхлээд нэг бүлгийн гишүүн Б.Батзоригийгоо “Хөөрхий минь буруугаа хүлээж, сайдынхаа суудлаас сайн дураараа огцорчихоод байхад нь л дээрээс нь нэмээд УИХ-аас хөөгөөд байхдаа ч яах вэ дээ” гэсэн хамгаалалт нь илтэд хүчээ авсан тул тэрээр энэ удаа Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн “Өдөөн хатгалт”-т тэсч үлдэх нь тодорхой болох шиг л болов. Гэхдээ өнөөдөр УИХ-аас огцролгүй тэсч үлдсэн Б.Батзоригийн асуудлыг ирэх пүрэв болон баасан гарагуудын хуралдаанаар шийдвэрлэх болов уу даа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.