Б.Индра: Сонсголонгийн болон Зайсангийн Туулын гүүр, Замын цагдаагийн дэргэдэх гүүрүүдийг ирэх онд ашиглалтанд оруулна...

Twitter Print
2018 оны 11-р сар 06-нд 18:50 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индраг төрийн ордонд явж байхад нь уулзаж дараах ярилцлагыг авснаа хүргэж байна. Б.Индра даргын хувьд энэ 2018 оныг нэлээн гайгүй ажлын амжилттай үдэж байгаа залуухан орлогч дарга санагдлаа. Яагаад гэвэл энэ сарын 2-ны өдөр Улаанбаатарт анхны Яармагийн хоёр огтлолцолтой  давхар гүүрийг БНХАУ-ын Засгийн газрын 30.2 сая ам долларын зээлийн хөрөнгөөр, энэ талын ажлын ихээхэн туршлагатай, далай дээгүүр болон далайн гүнд ч зам тавьж байсан БНХАУ-ын Төмөр замын ХХ-р Товчоо группын инженер техникийн ажилчид болон манай улсын туслан гүйцэтгэгч компаниудын оролцоотойгоор барьж ашиглалтад оруулсан билээ.

Тэгээд Улаанбаатарт хийгдсэн болон ирэх 2019 онд хийгдэж дуусаад ашиглалтад оруулах зам, давхар гүүрнүүдийн талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индратай ярилцсан юм.

-За тантай уулзсандаа таатай байна. Улаанбаатарчууд дөрөвхөн хоногийн өмнө Яармагийн давхар гүүрийг ашиглалтад хүлээн авч, тэр хэрээр тухайн замын ачаалал багассан байгаа. Энэ давхар гүүр нэлээн богинохон хугацаанд ашиглалтанд орсонд Улаанбаатарчууд ихээхэн баяртай байгааг хэлэх ёстой болов уу. Тэгээд энэ талаар хоёулаа ярилцлагаа эхлэе гэж бодлоо?  

-За Нийслэлийн Авто замын Хөгжлийн газраас энэхүү Яармагийн давхар гүүрний ажлыг анх 2017 оны дөрөвдүгээр сард эхлүүлж байсан юм. Бидний зүгээс Улаанбаатарчуудаа ая тухтай, түргэн шуурхай зорчуулах үүднээс бидний зүгээс гүүрний ажлын графикт хугацаагаа нэлээн сайн шахаж ажилласан л даа. Тухайлбал техник, хүн хүчээ нэлээн сайн нэмэгдүүлж, графикт хугацаагаа сайтар шахсанаар бид нар бараг хугацаанаасаа жилийн өмнө ажлаа дуусган улсад хүлээлгэж өглөө. Энэ гүүр маань ач холбогдлын хувьд Улаанбаатар хотыг Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал буюу Яармаг орчмын суурьшлын бүсүүдтэй түргэн шуурхай холбох боломжтой болсноороо ихээхэн онцлогтой юм.

Ер нь Яармаг хавийн шинэ суурьшлын бүсүүдэд авто машины тоо ихээхэн нэмэгдсэнтэй холбогдон хуучин гүүр маань ачааллаа даахгүй болж байсан л даа. Харин одоо Яармагийн давхар гүүр Богд уулын хойгуурх замтай холбогдсоноороо хөдөлгөөний эрчмийг 100 хувь ямар ч түгжрэлгүйгээр нэвтрүүлэх боломжтой болсон. Харин нэг онцлог нь хэвлэл мэдээлэл, цахим орчноос “Энэ гүүр чанарын хувьд аль хэр найдвартай болж байгаа вэ. Их хурдан хугацаанд барьж ашиглалтанд оруулах нь тодорхой болж байх шиг байна” гэсэн асуулт их ирж байсан л даа. Тэгэхээр энэхүү Яармагийн давхар гүүр маань анх ажил нь эхэлсэн цагаасаа эхлээд л орж байгаа бүх бараа материал, түүхий эдийн хувьд бидний зүгээс өөрсдийн мэргэжлийн лаборториуд болон хөндлөнгийн лаборториудаар, шаардлагатай тохиолдолд ХБНГУ-ын лаборториуд дээр очиж бүх шинжилгээг хийлгэж байсан болохоор чанарын талд манай иргэд бараг 200 хувь ч итгэж болно гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Дээрээс нь зөвлөх үйлчилгээг ХБНГУ-ын Олон улсад маш олон томоохон бүтээн байгуулалтууд дээр ажилласан ихээхэн туршлагатай компани хийсэн л дээ. Ер нь бол өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 2-ны өдөр нээлтээ хийсэн Яармагийн давхар гүүрний захиалагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Авто замын хөгжлийн газар, төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын Төмөр замын ХХ товчоо групп компани, хяналтын зөвлөхөөр Монгол, Германы хамтарсан “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК тус тус ажилласан болно.   

Нээлтээ хийгээд дөрөв л хонож байгаа энэхүү шинэ гүүр маань 250.2 метр урт, 20.5 метр өргөн, 4 эгнээтэй, хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй болсон. Шинэ гүүрийн доогуур гарах “A рамп” зам дээрх гүүр 2-10 метрийн жаазан гүүр байх бөгөөд “B.C рамп” зам нь асфалт бетон хучилттай, урд эрэгт шинээр барих “D рамп”-д 9×30 метрийн хүчитгэсэн бетон угсармал дам нурууг ашиглах болно.

-Ер нь цаашид Улаанбаатар хотын уулзваруудыг хоёр түвшний болгох асуудалд аль хэр анхаарал тавьж байгаа вэ. Удахгүй Замын цагдаагийн газрын тэнд дараагийн давхар гүүр ашиглалтад орох байх. Саяын шинэ гүүр замын бөглөрөл, түгжирлийг сааруулахад ихээхэн нөлөө үзүүлэх болов уу?

-За хуучин гүүр байхад болон одоогийн шинэ гүүр хоёрын хооронд ямар өөрчлөлт оров гэсэн нэвтэрч байгаа авто машинуудын тоо гарч ирсэн л дээ. Эдгээр тоо баримтыг л хараад үзэхэд тухайн бүсийн машины бөглөрөл, түгжрэл нь хоёроос гурав дахин багассан байгаа юм. Үндсэндээ энэ гүүрний онцлог нь болохоор нэгдүгээрт Монголд анх удаа олон түвшний гүүр болсон. Хоёрдугаарт хөдөлгөөн зохион байгуулалтын хувьд дөрвөн тийшээгээ бүх хөдөлгөөн нь чөлөөтэй, нэг түвшинд огтлолцохгүйгээр, гэрэл дохиогүйгээр нэвтрэх бүрэн боломж нь бүрдсэн байгаа. Хуучин гүүр байхад Замын цагдаагаас авсан тоо судалгаагаар бол жилдээ 560 авто машины осол, аваар гарч байсан байдаг. Үүнийг дагаад хүмүүс гэмтэж бэртэх, тахир дутуу болох, бүр цаашлаад олон иргэн амь насаараа хохирсон асуудал их байсан. Харин энэ гүүр маань ашиглалтад орсноор жилд гардаг 560 осол аваар нь 100 хувь байхгүй болно гэсэн үг юм.

Дээрээс нь ямар ч түгжрэлгүй болж байгаа л даа. За ер нь бидний зүгээс цаашдаа хоёр түвшний гүүрийг олон түвшний гүүртэй уялдуулаад уулзваруудын нэг түвшний огтлолцолыг хоёр түвшинд болгохоор ажиллаж байна. Жишээлбэл Таван шарын уулзвар байна. Мөн Таван шарын уулзварын цаадах төмөр замын призер байна. Мөн зун болж хүмүүс лагерьт гараад эхлэхээр Долоон буудлын гэрлэн дохионоос хойшоогоо хоёроос гурван км замд битүү түгжрэл үүсдэг л дээ. Тэгэхээр бидний зүгээс Долоон буудлын уулзварыг, наашаа яваад Хайлаастын уулзварыг, мөн 32-ын тойргийн уулзвар байна. За 100 айлын уулзвар, Дарь эхэд мөн л адилхан лагерын бүс буюу тухайн орчмын суурьшлын бүсүүдтэй холбоотойгоор бүгдийг нь хоёр түвшний болгоод явахаар түгжрэл мөн л тэр хэрээр багасаад ирнэ. Эдгээр хоёр түвшний гүүрүүд бүгд л хоорондоо уялдаад явна. Гэхдээ энд нэг зүйл сануулахад хоёр түвшний болголоо гээд зөвхөн тухайн орчны л түгжрэл арилахаас биш нийтдээ түгжрэл арилахгүй л дээ. Тэгэхээр үүнийг яах вэ гэхээр түгжрэлийг бууруулахын тулд Улаанбаатар хотод байгаа гол гол уулзаврууд ойрхон байгааг их анхаарах шаардлагатай болж байгаа юм л даа. Уулзваруудын хувьд улаан гэрэл дээр бүгдээрээ л зогсолт хийж байгаа. За тэгээд уулзвараа нэвтэрчихээд явган хүмүүсээ гаргахын тулд дахиад л зогсолт хийдэг. Тэгэхээр ирэх жилд бид 10 байршилд хоёр түвшний гүүрүүд барихаар ажлаа төлөвлөж байна. Ингээд 10 байршлаа хоёр түвшний болгочихвол Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр,Баянзүрхийнх, Замын цагдаагийн баруун урд үзүүрийн гүүрүүдтэй уялдаад явчихаар замын түгжрэл эрс буурна гэсэн тооцоо судалгаа гарч байгаа.

Гэхдээ эдгээр хоёр түвшний уулзваруудыг саяны гүүрүүдтэй хийснээр түгжрэл 100 хувь буурчихгүй л дээ. Энэ нь зөвхөн түгжрэлийг бууруулахын тулд хийж байгаа олон ажлын л нэг төрөл гэж ойлговол зохилтой юм.

-Олон нийтийн зүгээс “Яармагийн давхар гүүрэнд 100 жилийн баталгаа өгсөн шүү” хэмээн ихэд баясгалантай ярилцацгааж байсан. Ингэхээр иргэд олон нийтийн зүгээс Нийслэлийн Авто замын Хөгжлийн газраас яг энэ чиглэлийн олон ажлыг хойшид хийж хэрэгжүүлэх нь тодорхой хэмээн хүлээж байгаа нь тодорхой. Гэхдээ Улаанбаатарын замын түгжрэлийг огцом бууруулахын тулд нэлээн далайцтай ажил хойшид хэрэгжүүлэх шаардлагатай болов уу?

-Тийм л дээ. Үндсэндээ Улаанбаатар хотод байгаа гүүрүүд бараг бүгдээрээ шинэчлэгдээд дуусч байгаа. Одоо ганцхан үлдэж байгаа гүүр нь Зайсангийн Туулын гүүр л байгаа юм. Энэ замын тухайд Тэмээтэй хөшөөнөөс авхуулаад уулзварууд, замуудаа бидний зүгээс тодорхой хэмжээгээр өргөтгөсөн байгаа. Харин яг гүүрэн дээх ирээд л хоёр эгнээ болчихдог. Бас Сонсголонгийн гүүр маань ч мөн л адилхан зам нь дөрвөн эгнээ болчихоод байхад гүүрэн дээрээ ирээд л түгжрээд хоёр эгнээ болдог байсан бол одоо эдгээр асуудлыг шийдэх гээд явж байна. Одоо ганцхан Зайсангийн гүүрийг шинэчлэх холбогдох саналуудаа Нийслэлийн удирдлагуудад өгчихсөн байгаа. Тэгээд НИТХ хэрхэн шийдвэрлэх нь вэ, түүнийхээ шийдвэрийг гаргачихвал бид үндсэндээ Зайсангийн гүүрийг өргөтгөөд янзалчихна л даа. Тэгвэл Улаанбаатар хотод байгаа бүх л гүүрүүд маань шинэчлэгдээд, хөдөлгөөн зохион байгуулалтын хувьд зөв оновчтой шийдэлтэй, чанарын шаардлага хангасан, Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмсэн бүтээн байгуулалтууд болон хувирах юмаа.

-Энэ жилийн хамгийн том бүтээн байгуулалтын нэг нь яах аргагүй сая ашиглалтад орсон Яармагийн давхар гүүр боллоо. Мөн шинэ суурьшлын бүсүүд дундуур авто зам нэлээн сайн тавигдсан бололтой байсан. Ер нь хойшид хийгдэх том бүтээн байгуулалтуудаасаа дурдахгүй юу?  

-Энэ 2018 онд Нийслэлийн Авто замын Хөгжлийн газраас ер нь нэлээн ажил амжууллаа. Бид нийтдээ Улсын төсөв, Нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр нийтдээ 150 гаруй төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн байгаа. Эдгээр төсөл арга хэмжээнүүдээсээ товчхон дурдвал 2016 оноос хойш Гэр хорооллынхоо бүсүүд рүү нэлээн түлхүү зам тавьж өгсөн л дөө. Жишээлбэл Сонгинохайрхан дүүргийн 29, 30,31-р хороонууд дээр чулуун замыг аспальтан замтай хослуулан тавьсан байгаа. Чингэлтэй дүүрэгт мөн л адилхан замуудыг хийсэн. Энэ жили йн тухайд өшөө бас нэг онцлон ярих зүйл маань Улаанбаатар хотын гаднах тойргийн 3-4-р хэсгийн замуудыг ашиглалтанд хүлээлгэж өгсөн л дөө. 

Энэ гаднах тойргийн зам ямар ач холбогдолтой вэ гэвэл үндсэндээ тээврийн хэрэгсэл эзэмшигчид маань Энхтайвны өргөн чөлөө буюу Доржийн гудамжаар заавал ч үгүй зорчиж, түгжрэх шаардлагагүйгээр Монелийн уулзвараас Дарь- Эхийн уулзвар хүртэл зорчоод, Дарь-Эхээсээ Хайлааст, Чингэлтэй, Баянхошуу, тэгээд Сонгинохайрхан дүүргээ холбох замууд нь одоо ингээд тавигдаад явж байгаа. Үндсэндээ энэ 2018 онд бид нар Сэлбэ гол дээрх гаднах тойргийн 57 метр урт гүүрийг хийгээд дууссан. Одоо 1.4 км авто замаа хийгээд ерөнхийдөө дуусч байна. Одоо Газрын алба маань энэ дээр нэлээн сайн хамтран ажилласныг хэлэх ёстой. Гурваас дөрвөн айл газраа чөлөөлөөгүйгээс болоод энэ зам маань он дамнаад хийгдэх болчихсон л доо. Гэхдээ ирэх жилийн зургаан сар гэхэд бүрэн ашиглалтанд хүлээлгэн өгөх болно хэмээн нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

За сургууль, цэцэрлэг орчмуудын аюулгүй байдлын тухайд бол хайс хашлага, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг мөн л адилхан хийж амжуулаад , дуусгаад явж байгаа. Яагаад гэвэл хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн орчимд аюулгүй, цэвэр орчинд байх учиртай л даа. За зам засварын ажлын тухайд бол энэ жилийн долоон сарын 25-наас найман сарын 20 хүртэл усархаг бороо ихээхэн орсонтой холбоотойгоор 15-20 жилийн өндөр насжилттай авто замууд дээр нэлээн эвдрэлүүд гарсан л даа. Үүн дээр Нийслэлийн холбогдох байгууллагууд шуурхай хамтран ажиллаж, манай Авто замын Хөгжлийн газраас өдөр шөнөгүй 24 цагаар ажилласны үр дүнд хамгийн их эвдэрсэн Дарь-Эхийн уулзвар, Монелийн уулзварууд дээр  шуурхай арга хэмжээ авч, үндсэндээ 12.000 метр квадрат нүхэн эвдрэлүүдээ бид засч янзалж, хэвэнд нь оруулсан байгаа.

За сая бид энэ өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс Орон сууцны хорооллуудын дундах авто замуудын нүхэн эвдрэлүүдийг үндсэндээ засаад дуусч байна. Өшөө цаашлаад бид нар ирэх 2019 онд мөн ялгаагүй Гэр хорооллуудын бүсүүд дээр нэлээн түлхүү авто замууд тавихаар зорьж ажиллаж байна. Дээрээс нь тодотгоод хэлэхэд бид бүхэн ачаалал ихтэй уулзварууд дээрээ хоёр түвшний уулзварууд хийхээр төлөвлөөд байгаа. Ингээд хийгээд явбал бид бүхэн гэрэл дохиог хүлээлгүйгээр, магадгүй огт гэрэл дохиогүй болж, дугаарын хязгаарлалтгүй мөртлөө ямар ч түгжрэлгүй яваад байх боломж бүрдэнэ гэж тооцоолж байгаа юм.

Гэхдээ энэ маань дахин хэлэхэд зөвхөн эдгээр ажлыг хийсэнд бус түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг дээр маш олон арга хэмжээнүүдийг авч байгаагийн үр дүн гэж ойлговол зохилтой. Бидний зүгээс олон аж ахуйн нэгжүүдтэй хамтраад тооцоо судалгаа хийж үзэж байна. Эдийн засгийн аргыг Захиргааны аргатай хослуулж хийх ажлуудыг судлаад түрүүчээсээ хийгээд л явж байна.

За уулзварууд, гол гол замууд дээрээ эгнээ нэмэх асуудлаар бидний зүгээс хэд хэдэн гудамж, зам талбай дээр хийсний үр дүн гараад явж байгааг хэлэх ёстой. Ингээд үе шаттайгаар ойрын болон дунд, урт хугацаанд гээд эдгээр ажлуудаа байнга л хийгээд явахаар төлөвлөж байгаа юм.

-Ирэх 2019 онд Улаанбаатар хотод бас шинээр хийгдэх замын бүтээн байгуулалтын ажлаас дурдахгүй юу. Хажуугаар нь зам засварын талаар ч товчхон мэдээлэхгүй юу. Мэдээж иргэдийн зүгээс Замын цагдаагийн хажуугийн гүүрэн гарцыг ихээхэн хүлээж байгаа нь тодорхой л доо?

-Одоо бид Сонсголонгийн болон Баянзүрх дүүргийн Туулын гүүр хоёрыг ирэх онд  ашиглалтанд оруулна. Туулын гүүрийн ажил бол Налайхын замтай уялдаад ирэх жил хийгдээд дуусах болно. Ер нь бол энэ хоёр томоохон ажлыг 2019 оны 10-р сард дуусгаад, Нийслэлд хүлээлгэж өгөх болно. Саяын ярьдаг хоёр түвшний уулваруудынхаа бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлчихнэ. Дээрээс нь явган хүний замуудыг шинэчлэхээр төлөвлөж байгаа. Тухайлбал Орон сууцны хорооллуудын дундах явган хүний замуудын хавтангууд нь нэлээн хуучирч муудчихсан байдаг л даа. 5-15 жил болчихсон хавтангууд нь үйрээд, сугараад уначихсан байдаг. Тэгэхээр иргэдээ аль болохоор ая тухтай зорчуулахын тулд явган хүний замаа нэлээн түлхүү засахаар төлөвлөөд байгаа юм.

Дээрээс нь нэмээд дугуйн замуудыг ч сайтар засварлана. Дугайн замуудыг сайтар засварлах төсөл арга хэмжээнүүдээ ч НИТХ-д өргөн мэдүүлсэн байгаа. Мөн Гэр хорооллуудын замуудыг ч сайн янзална. Улаанбаатарын гаднах тойргуудын замуудыг Авто замын мастер төлөвлөгөө, 2020-2030 онуудын үндсэн чиг хандлагуудыг харж байгаад тэдгээртэй уялдуулаад ирэх жилүүдийн ажлуудаа төлөвлөөд, аль болох хурдан, түргэн шуурхай дуусгахаар зорьж ажиллаж байна.

Замын цагдаагийн гүүрэн гарцын тухайд бол мөн л адилхан графикт хугацаанаасаа түрүүлээд явж байгаа хэлэх ёстой болов уу. Одоогоор энэ ажил 58 хувьтай явж байна. Тэгэхээр ирэх 2019 оны 10-р сар гэхэд Замын цагдаагийн газрын дэргэдэх энэ гүүрэн гарцыг Нийслэлд хүлээлгэж өгөх болно. Ер нь бол харахад гүүрэн гарцуудаа хурдан хийж дуусгаад байгаа боловч үүний цаана маш их ажил ундарч байдгийг иргэд маань ойлгох болов уу. Тухайлбал шугам шүлжээнүүдийг зайлуулахын тулд олон байгууллагуудтай ойлголцох, хурал зөвлөлгөөн хийх гээд ажил их ундардаг л даа. Мөн тэдгээрийн зургуудыг хийсэн авторуудтайгаа уулзаж ярилцах, ойлголцох гээд их ажил байдаг. Тэдгээр хүндрэл бэрхшээлүүдийг бид цаг тухай бүрд нь түргэн шуурхай амжуулснаар барилгын ажлууд хурдан хийгдэж одоогоор бид 30-40 метрийн гүнд, хоёр метрийн өргөн диаметртэй 96 тулгуур багана, шонгийн ажлуудаа өрөмдөөд хийгээд дуусчихсан, одоо босгоод явж байгаа.

-Өнгөрсөн даваа гарагийг өчигдрийн даваа гарагтай харьцуулахад замын хөдөлгөөн ихээхэн нэмэгдсэн нь сургуулийн хүүхдүүдийн нэгдүгээр улирлын амралт дуусч, хичээл нь эхэлсэнтэй холбоотой нь тодорхой. Тэгэхээр сургууль, цэцэрлэгтэй холбоотой замын түгжрэлийг бууруулах ямар арга зам байж болох бол?

-Энэ талаар манай Түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг дээр байнга л яригддаг л даа. Жишээлбэл хувийн сургуулиуд бол хувийн автобусаараа хүүхдүүдээ зөөвөрлөхийг бодооч ээ гэсэн уриалгыг ч гаргасан. Заавал сургуулийн өмнөх авто замын нэгдүгээр эгнээнд зогсож, бөглөрөл үүсгэн хүүхдүүдээ авах биш, сургуулийн хашаан дахь зогсоол талбайг ашиглахыг сургуулийн удирдлагууд болон Нийслэлийн Боловсролын газартай хамтран ажиллаад явж байгаа.

-За Улаанбаатар хотын замын бөглөрөл, түгжрэлийг бууруулахаар Нийслэлийн Авто Замын Хөгжлийн газрынхны хийж хэрэгжүүлж байгаа олон ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүхний 2019 оны ажилд их амжилт хүсье? 

-За танд ч их баярлалаа. Манай хамт олны хийж хэрэгжүүлж байгаа олон ажлын талаар уншигчиддаа тодорхой мэдээлэл өгөх зорилгоор зориуд надтай уулзсанд баярлалаа. Танай сайтын хамт олонд ч ажлын амжилт хүсч, танай уншигчдад хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байна, баярлалаа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.