Б.Лхагважав: Монгол Улс Татварын бодлогоо нэн даруй өөрчлөх ёстой

Twitter Print
2014 оны 03-р сар 24-нд 13:32 цагт
Мэдээний зураг,
"Монголын эдийн засгийн чуулган 2014"-ын өглөөний хуралдаан түр завсарлах үеэр эдийн засагч Б.Лхагважавтай уулзаж ярилцлаа. Тэрээр энэ удаагийн чуулганы Татварын бодлого хариуцсан салбар хуралдааныг даргалж байгаа юм.

-Монголбанкны мөнгөний бодлогод инфляцийг одоогийн түвшинд нь барихаар тусгасан байсан. Ам.долларын ханш өдрөөс өдөрт өсч байгаа тохиолдолд Монголбанкны энэ зорилт хэрэгжих боломжтой юу.Та энэ талаар ямар бодолтой явна?

-Өнгөрсөн жил инфляцийг арван хэдэн хувьд барихын тулд 5 төрлийн бүтээгдэхүүнд далдуур 3 их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэн оруулж тэтгэсний үр дүнд инфляцийг барьсан мэт харагдсан ч,төгрөгийн сулрал 20-30 хувьд хүрсэн. Яг иймэрхүү замаар "Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөөд" байвал Монголын эдийн засаг сүйрэл рүү л дөхнө.Тийм учраас ийм уршигтай алдаагаа эрх баригчид дахин, дахин битгий давтаасай л гэж хүсч байна.

-Валютын ханшны өсөлтөд нэлээн ул суурьтай хандахгүй бол тун удахгүй 2000-ыг давах шинжтэй байгаа. Энд хамгийн үр дүнтэй ямар зохицуулалт байж болох вэ?

-Өнөөдрийн макро түвшин, экспортын байдлаас харвал ам. долларын ханш 1750-аас доош буух найдлага бараг л байхгүй. Ямар ч үнээр хамаагүй валютын ханшийг барих гэж инфляцаа савлуулж байснаас одоогийнхоо түвшинг хадгалаад явах нь л зах зээлийнх нь хуульд илүү тохиромжтой юм. Гэтэл манай төсөв баталсан харалган эдийн засагчид ам. долларын ханшийг 1348-аар баталчихсан шүү дээ. УИХ дээр хэчнээн ярилцаж, хэрүүл хийгээд одооны 1800 дөхөж яваа ханш 1348 дээр яагаад ч очих боломжгүй. Манай Сангийн яамныхан яагаад тийм тоо гаргасан гэвэл тэдний өөрсдийнх нь мөрддөг Олон улсын дүрэм байдаг л даа.Төсөв батлахад инфляцийг  өмнөх 10 жилийн дунджаар авдаг дүрмээ бариад л хийчихсэн тоо.Бодит амьдрал мэдэхгүй, хий хоосон ном, дүрмээр амьсгалдаг хүмүүсийн алдаа л гарч байгаа юм. Одоо үүнийг засах, зөв гольдрилд нь оруулах хүчин зүйл нь зах зээлийн өөрийнх нь хууль дүрэм л байна. Өөр зам байхгүй.

-Энэ жилийн улсын төсөв бүрдэх бололцоо, бодит нөхцөл харагдана уу?

-Саяын 1348-аар тооцсон төсөв бүрдэнэ шүү дээ. Гэхдээ Санхүүгийн өршөөлийн тухай хууль гарч, Монголын бизнесменүүд өөрсдийн бүх хөрөнгөө бүртгүүлж, энд тэнд ил далд хийсэн мөнгөө буцааж оруулсан тохиолдолд энэ асуудал гайгүй шийдэгдэх боломжтой. 2008 онд яг ийм арга хэрэглэсний үр дүнд 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралыг гайгүй хохирол багатай давж гарч байсан шүү дээ.

-Та энэ удаагийн чуулга уулзалтаас хамгийн энгийнээр ямар үр дүн хүлээж байна?

-Би Татварын хэсгийг хариуцаж байгаагийн хувьд нэг л үр дүнг үнэхээр их хүсэн хүлээж байна.Тэр нь юу вэ гэвэл  Татварын бодлого, түүний эрх зүйг 1992 оны Үндсэн хуультайгаа нягт уялдуулж өгмөөр байгаа юм.Яг өнөөдрийн Монгол Улсын Татварын бодлого, эрх зүйн орчин нь хуучин социализмын үеийн төвлөрсөн эдийн засгийн төрийг дээдэлдэг, төрийн өмчийг дээдэлдэг хэлбэрээр яваад байгаа. Тиймээс энэ удаагийн чуулга уулзалтаас Татварын бодлого, эрх зүй нь аль болох хувийн хэвшил, хувийн өмчийг хамгаалж, дээдэлсэн тогтолцоо руу дорвитой шилжихэд түлхэц өгөхүйц шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлээсэй гэж ихээхэн хүсч байна. Дээр нь хувь хүний орлогын албан татварыг өөрчлөх чиглэлд ахиц гараасай гэж хүсч байгаа. Одоо мөрдөгдөж байгаа энэ талын хууль хаа байсан 2006 онд батлагдсан. Товчхондоо иргэн, аж ахуйн нэгжүүд инфляцаас болж өндөр татвар төлдөг одоогийн гажуудлаас бага ч болтугай ангижруулахын тулд энэ чуулган их үр дүнтэй болоосой гэж хүсч байгаа.

-Удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа "Гэмт хэргийн тухай хууль"-ийг хувийн хэвшлийнхэнд ихээхэн халтай хууль болно гэж хардах хүмүүс олон байгаа. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 166,167 дугаар зүйл анги чинь аягүй том цаазуур шүү дээ. Энэ хуулийг яг махчилан хэрэглэсэн бол хувийн хэвшлийнхнийг ёстой л толгой дараалан шоронд хатаах байсан. Гэхдээ инээдтэй нь сүүлийн 23 жил энэ хуулийг ерөөсөө хэрэглээгүй. Энэ хуулинд 20 сая төгрөг нуувал 5 жилийн ял өгнө гээд бичээстэй байгаа. Энэ хуулийг яагаад хэрэглээгүй вэ гэхээр тэрхүү зүйл, заалтаар нь айлгаж ичээж байгаад авлига, хээл хахууль авдаг бичигдээгүй хууль л өнгөрсөн 23 жилд үйлчилсэн. Тэгэхээр Эрүүгийн хуульд хүчтэй заалт байх тусмаа авлига хээл хахуулиас ангижрах биш, харин тэрхүү бусармаг үйлдлийг улам бүр гааруулдаг юм. Ер нь татвараар Эрүүгийн хэрэг үүсгэхээс илүүтэй баримт бичгээр нь Эрүү үүсгэдэг тогтолцоо руу Монгол Улс даруйхан шилжих цаг нь болсон. Би ийм л бодолтой явдаг.

Д.Монгол

- See more at: http://webcache.googleusercontent.com/search?q=cache:http://mongolcom.mn/read/5307#sthash.J2bH6RGZ.dpuf

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.