Зүрхээ чагна, У.Хүрэлсүх ээ...

Twitter Print
2018 оны 11-р сар 06-нд 10:32 цагт
Мэдээний зураг,

У.Хүрэлсүх ээ, зүрхээ чагна... Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцоруулсаны чинь хариуг, 60 тэрбумынхантай зарласан дайны чинь хариуг өөрийг чинь дэмжсэн 33 ын бүлгээс авах гэж ЖДҮ -г гаргаж ирлээ. Өөрийнхөө сэтгэл зүрх итгэл үнэмшилээр биш фракцуудын шахааны хүмүүсийг Засгийн газартаа оруулсаны чинь лай ингэж толгой дээр чинь ирэв.

Тэд өлөн цөөврүүд байж гэдгийг одоо мэдсэн ч оройтсон байгаа биз. Харин одоо ухаантай хөдлөх цаг биш үү. Батзориг сайдыг огцоруулсан ч Засгийн газарт чинь дахиад Цэрэнбат, Содбаатар гээд хоёрын хоёр сайд ЖДҮ гээс мөнгө авчихсан данхайж сууна. Тэр хоёрыгоо бас гал руу шидэх үү. Танхимаасаа хасах уу. Хэрэв тэгвэл 4 сайдаа (Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ) огцоруулсан Засгийн газарт цаашаа ажиллах ёс суртахуун хийгээд эв нэгдлийн хүч үлдэх үү. Үлдэхгүй. Бас ард түмний уур хилэн ч дарагдахгүй.

Тэгэхээр танай Засгийн газрыг огцоруулаад энэ УИХ тарахгүйгээр шийдвэр гаргах гэж байна. Таныг бас намын даргаас чинь зайлуулна. УИХ- ын гишүүн биш намын дарга хэрхэн сульддаг гэдгийг хангалттай амсаж яваа өөрийг чинь нэмж тавлаад яахав. Харин энэ бүхний автор нь хэн бэ. Хажууд чинь суугаа Ч.Хүрэлбаатар шүү дээ. Засгийн газраа тонгорч туг тахиад Ч.Хүрэлбаатар дараагийн Ерөнхий сайд болно. Дахиад л 60 тэрбумынхан төрийн толгойд гарна гэсэн үг.

Энэ бүх бузар булайг таслан зогсоох гарц бий. Тэр бол УИХ ыг ТАРААХ. Хэдий болтол Монгол төрийн жолоог олигархуудад, нам дамжсан мафийн гарт атгуулсаар байх вэ. Хэдий болтол нүүрсчдийн гарт дарлуулсаар байх юм. Улс орон гэдэг улсын төсвөө батлахдаа хэдий хэр нүүрс зарахаа тооны машинд хийж, дэлхийн зах зээл дээр нүүрс, алтны үнэ нэмэгдэхээс шалтгаалан амьдарна гэдэг өр өвдмөөр биш үү.

Ард түмэн чинь ядуу байна. Зовж байна. Хэдий болтол зовж, шаналах юм бэ. Энэ бүх бухимдал, шаналал, маргалдаан мэтгэлцээнийг дуусгах хүч, боломж өөрт чинь байна. Боломж нэг л удаа ирдэг. Тэр боломжийг алдвал дахиж хэзээ ч засч залруулж чадахгүй.

Зүрхээ чагна, Хүрэлсүх ээ. Зөн совингоо дага. Тэрнээс намын хуучуул , олиграхуудын төлөөлөл, зангиа зүүж үнэртэй ус ханхалуулсан цэцэн туулайнуудын үгэнд бүү ор. Хурандаа хүн жанжин тугаа дайсны хөлд хаяж өгөөд, мөр зэрэгцэж явсан нөхдөө өөрийнхөө өмнөөс золиод зугтах учиргүй. Амьдрал цаашаа үргэлжилнэ. Түүхийн нэн эгзэгтэй цаг үед олиграхуудыг дагаж урсах уу, түүхийг бүтээлцэх үү гэдгээ сонго. ЗҮРХЭЭ ЧАГНА. Зүрх чинь эх орон ард түмнээ гэж цохилох ёстой гэдэгт эцсийн мөч хүртэл итгэсээр сууна.

Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.