У.Хүрэлсүхэд В.Путин болох боломж байна...

Twitter Print
2018 оны 11-р сар 06-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын авто машины үйлдвэрийн эзэн Борис Березовксий Английн Лондон хотод амиа хорлож, газрын тосны магнат Михайл Ходорковский 173 тэрбум рублийн татвараас зугтаасан гэгдэн 13 жил шоронд сууж Швейцарь руу сүүлээ хавчуулан зугтлаа. 16 тэрбум ам.доллараа дансандаа үлдээгээд шүү. 

Үүний дараагаар хэвлэлийн магнат Гусинкий хувьцаагаа Засгийн газарт өгч, Москва хотын мэр Юрий Лужков газраа хураалгаж, Чукотка мужийн амбан захирагч Р.Абрамович хамаг хөрөнгөө дээрэмдүүлж, Ерөнхий сайд Антолий Чубайс бүгд Оросоос зугтаасан. Цөллөгдсөн.

Хөнгөн цагааны хаан гэгддэг Олег Дерипаска зэрэг өмч хувьчлалаар хулгайлсан хөрөнгөө сайн дураараа Засгийн газарт өгч шоронд суухаас аврагдав. ЗХУ-ыг задрангуут өмч хувьчлалаас төрсөн эдгээр олигархиуд В. Путинг дэмжин гаргаж ирсэн ч сүүлдээ арчуулсан. Эрх мэдэлд хүрэнгүүтээ КГБ-ээс цуглуулсан мэдээллээрээ Путин олигархиудыг шоронд хийж, хордуулж, боомилж, хураан авч, сүрдүүлсэн, зугтаасан олигархиудын араас тагнан мөрдөж байна. Тэр төрийн өмчийг хулгайлсан, нураасан бүхэнтэй тооцоо хийхэд ард түмэн уухай хашгирч байлаа. Хамгийн сүүлд л гэхэд 130 сая ам.долларын рубль, үнэт цаас, алт хадгалж АТГ-ынхаа даргыг дотуур өмдтэй нь шорон руу ачлаа. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путинг Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх дуурайдаг. Түүнд В.Путин шиг ард түмнийхээ дэмжлэгийг авах боломж байна. Путин баахан олигархиудыг суулгаж байгаад төрийн өмчийг буцаан авсан. Түүн шиг У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улсад авч болно. Дараа нь ЖДҮС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийг мөнгийг тэврүүлээд зогсоох хэрэгтэй. Мөлжигч, сорогч банкны захирлуудыг урьдын нүглээр нь нээнтэглэн ширээнд суулгаад зээлийн хүүгээ буулгахыг шаардан дарамталж болно.

Дараа нь Таван толгойгоос 350 мянган тонн нүүрс хулгайлсан Бат-Эрдэнийн хувийг хураах боломжтой. Ард түмэн яг л оросууд шиг үүнийг л хүсч байгаа. Монгол төрийн олигархиуд баяжиж, төрийн эрхэнд гарч, валютын ханшаар тоглож, авлигалд идэгдэж, байгалийн баялаг казино руу урсаж, луйварчид дураараа дургиж байна. Ард иргэд ядуурч, нефтийн үнэ өсч, өсвөр үеийнхэн хар тамхи татаж, залуус гадагшаа зугтааж байгаа үед Путин шиг хариуцлага тооцдог, намдаа, баячуулд ач санадаггүй нэгнийг хүсч л таарна. Хууль ёс гажуудсан улс орны ард түмэн хөгжил гэхээсээ илүү олигархиудын хамраас цус гаргах нударга хүсдэг дээ...

"Буян" Б.Жаргалсайхан

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.