70 тэрбумын концессуудыг би хараагүй, сонсоогүй, үзээгүй...

Twitter Print
2018 оны 11-р сар 06-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

ЖДҮ-ээс зээлсэн нэг тэрбумыг тойрон шуугиад л байгаа болохоос 70-80 тэрбумаар нь улсын төсвөөс хувийн компанидаа авч байгаа УИХ-ын гишүүдийг дурсах ч үгүйд би гайхаж байна.

Концесс, тендэр нэрийн дор татвар төлөгчдийн мөнгөнөөс “хулгайлж”л шинэ цагийн баячууд бий болсон. Тэдний гол ашиг олдог “мөнгөний гахай ” нь улсын төсөв. Тэндээс авахад хэн нэгнийг гуйж, цаг алдаж, авлига өгөхгүйн тулд Монголын толгой компаний эзэд бүгд УИХ-д ороод суучихсан. Халаасны хулгайчаас ялгаатай нь тэд “хуулийн дагуу” хулгайлна л даа. Эргээд хариуцлага ярихад хууль, Засгийн газрын тогтоол ярина. Өөрсдөдөө зориулаад өмнө нь баталчихна. Ингээд дүрмийн дагуу хулгайлна. 

Өнгөрсөн хугацаанд концесс, тендэр нэрээр улсын төсвөөс том “ажил” авсан компаниуд бүгд УИХ-ын гишүүн эзэнтэй. Сүүлдээ хэт улайраад Ж. Эрдэнэбатын засгийн газрын 5 сайд нь хувийн компанидаа концесс авснаас болж Засгийн газраа унагаж байлаа.

Энэ концессуудын анхаарал татсан нэг зүйл нь батлагдсан концессуудыг холбогдох газрууд судлаад үзтэл хэт өндөр үнэтэй байсан учраас 280 тэрбумыг хэмнэх боломжтой байна гэж ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат мэдэгдэж байсан. Тэгэхээр сайд дарга нарын концесс гээчийн ард ямар том “луйвар” байдгийг анзаарах хэрэгтэй. 

Хэдхэн хоногийн өмнө батлагдсан 2019 оны төсөвт УИХ-ын гишүүн С.Бямбацогтын 78 тэрбумын өртөгтэй Чойр дэд станцын концесс-т 42 тэрбумыг нь өгөхөөр оруулж ирснээс 37 тэрбумыг нь өгөхөөр боллоо.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын 79 тэрбумын төсөвт өртөгтэй Оюутолгой-Цагаансуваргын 220 квт-ийн хоёр хэлхээт ЦДАШ барих концесст 7 тэрбумыг өгөхөөр баталж байна. Төсвийн ажлын хэсэг Яармагт баригдах төрөх эмнэлгийн 2 тэрбум төгрөгийг “булааж” Н.Номтойбаярын хувийн компани руу барих дэд бүтцэд өгчээ.

Бид ч хөөрхий юм үзээгүйн болохоороо ЖДҮ-ийн нэг тэрбумын зээлээ л тойрон эргэлдэж байя! Цаана нь томчууд 70 тэрбумаар нь хувийн компанидаа авч л байг, тийм ээ?!

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.