Сонирхогчдын улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн болно

Twitter Print
2018 оны 11-р сар 05-нд 21:23 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн орон даяар энэ сарын 10-ны өдрөөс эхлэх гэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар нар өнөөдөр (2018.11.05) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны арваннэгдүгээр сарын 10-11-нд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулна. Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны арванхоёрдугаар сарын 08-09-нд, Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг 2019 оны нэгдүгээр сарын 05-06-нд Төрийн ордонд зохион байгуулна. 

Энэ жилийн тэмцээнд медаль хүртсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 шатарчинд дэд мастер цолыг олгоно. Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангилалын аваргууд оролцох эрх авах юм.

Оюуны спортыг улс даяар жигд хөгжүүлж, хичээллэдэг хүмүүсийн тоог нэмэгдүүлье гэсэн зорилгоор энэ тэмцээнийг 2013 оноос УИХ-ын дарга ивээлдээ авч зохион байгуулж ирсэн уламжлалтай. М.Энхболд даргын ивээл дор гурав дахь жилдээ болох гэж байна.

Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2100-аас дээш гараагүй сонирхогчид оролцох боломжтой.

Сумын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй 3, эмэгтэй 1 шатарчинг шалгаруулан Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд, дүүргийн тэмцээнээс эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчинг тус тус шалгаруулан Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах эрх олгоно.

Аймгийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй 2, эмэгтэй 1 шатарчинг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй 18, эмэгтэй 9 шатарчинг тус тус шалгаруулан 2019 оны шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцуулах эрх олгоно.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.