Эцэг эх, багшийн дарамт шахалтаас нүд нь анивчин, мэдрэл нь суларсан хүүхдүүд таардаг боллоо

Twitter Print
2018 оны 11-р сар 05-нд 16:42 цагт
Мэдээний зураг,

1970, 80 -аад онд өрнөдөд "яаруу хүүхдүүд" (David Elkonin, 1981) гэдэг ойлголт орж ирсэн. Энэ нь хүүхэд насаа "хүүхэд шиг биш" өнгөрөөж, сургалт, дамжаагаар шахуулсан завгүй багачууд юм. 

Орчин цагийн монгол хүүхдүүд мөн адил болжээ. Ээж, аав, асран халамжлагчид хүүхдийг "супер ухаантай", "гайгүй" хүн болгох, хурдан том болгох, сургах эсвэл ээж, аав нь ажилтай, гэрт харах хүнгүй, зарим нь бусдыг зүгээр дуурайн, бусдаас хоцрохгуй гэх зэрэг хувь хүний зан чанарын онцлог, хүсэл эрмэлзэл, амьдралын хэв маягаас болж өглөөнөөс үдэш болтол сургууль, сургалтаар шахаж байна. 

Нүд нь анивчин, мэдрэл нь суларсан хүүхдүүд бага биш таардаг. Зургаан настангууд бүр өрөвдөм. Сургуулийн коридор, гудамжинд хичээл тараад амсхийх эрхгүй асуугдан байцаагдаж, зарим нь загнуулах, цохиулан нулимстай нүдтэй бүлтэгнэн зогсох нь энүүхэнд. Гэртээ аав, ээжтэйгээ "хичээлээ хий", "хичээлээ хийсэн үү" хүрээнд харьцаж, зав гарвал утас оролдоно. 

Хүүхдийн танин мэдэхүйн бүтэц, схем, хөгжлийн мөчлөг насанд хүрэгчдээс тэс өөр. Тэд бидний багасгасан хувилбар огт биш юм. Хүүхэд чөлөөтэй, өрсөлдөөнгүй, хатуу дэг журам, зохион байгуулалт үгүй орчинд байх, тоглох маш их хэрэгцээтэй.  Хүүхдийн ачааллыг хэтрүүлэхгүй, багадуулахгүй байх нь нэн чухал.

Хүүхдийн стресс, сэтгэл зүйн ачаалал, дарамтын үүсгүүрүүд: 

1. Сургууль - хичээлийн агуулга, багтаамж, үзэж сурах хурд, хэт их гэрийн даалгавар, олимпиад, уралдаан тэмцээн, өрсөлдөөн шалгалт, гүйцэтгэлд суурилсан тестийн дүн, үнэлгээ 

2. Багш нар, үе тэнгийнхэнтэйгээ харьцах харилцаа - их өрсөлдөөнтэй сургуульд сурдаг хүүхэд өөрийгөө "толгой муутай", "дунджаас доогуур" гэж үнэлэн бодож, хүлээн авсан бол энэхүү өөрийн талаарх итгэл үнэмшил, өөртөө итгэлгүй байдал стресс, дарамтын эх сурвалж болно. 

Амьжиргааны түвшин сайн ч сурлага, урлаг, спортын ямар нэг онцгойрох шинж чанаргүй хүүхдийн хувьд эсвэл авьяас чадвартай ч бага орлоготой, эцэг эх нь архины хамааралтай, хүчирхийлэлтэй өрхийн хүүхэд өөрийгөө багш нар, үе тэнгийнхэндээ хүлээн зөвшөөрүүлэх нь стресс болдог. 

Сурлага, урлаг спорт төдийгүй бусад хүүхдэд таалагдах, дотно, найз болохын тулд хоорондоо өрсөлдөнө. Хүүхдийн өөр хоорондын өрсөлдөөнөөс гадна боловсролын салбар хүүхдийг ангилдаг. Хувийн эсвэл төрөлжсөн сургалттай улсын сургуульд ороход хүүхдийг шалгадаг. Зарим хүүхэд цэцэрлэгт орохоосоо эхлэн сорилт, тест бөглөн шалгуулж ангилагдана. Анги, сургууль дотроо ч түвшингээ тодорхойлуулна. 

Бусдын зүгээс тухайн хүүхдээс хүлээх хүлээлт, амжилт хүүхдэд маш их дарамт болдгийг судлаачид илрүүлж тогтоосон байна. (Мэrfy Della Cortes) 

3. Эцэг эхчүүд болон бусад насанд хүрэгчид - зарим аав, ээж, асран халамжлагчид санхүү, гэр бүл, найз нөхөд, алба ажлын харилцааны асуудал, бэрхшээлээс үүдэлтэй аливаа зүйлд хүүхдийг хутгах, буруутгах нь элбэг харагддаг. Гэтэл хүүхэд томчуудын өмнө тулгардаг асуудлуудтай нүүр тулахад бэлэн биш үедээ байцгааж байдаг. Тэдний онцлог, хэрэгцээ шаардлагыг бодож харьцах нь хүүхэд эрүүл өсч торних, хөгжих шалтгаан нөхцөл болно. 

Хүүхдээ хамт хамгаалцгаая.

Atemy сэтгэл зүйн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.