Ерөнхий прокуророос Б.Батзоригийг эргүүлэн татуулах саналаа ирүүлжээ...

Twitter Print
2018 оны 11-р сар 05-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

За ямартай ч ЖДҮДС-г хоосруулчих шахан өөрсдийн болон, эхнэрүүдийнхээ мэдлийн компаниудад 950 саяас 1.4 тэрбум хүртлэх их хэмжээний зээлүүдийг аваад өгчихсөн нь тодорхой болсон УИХ-ын гишүүд болон сайд нарыг УИХ-аас эргүүлэн татаж эхлэх нь тодорхой болж байна. Тухайлбал Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нь УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод гардуулсан байна. Прокуророос ирсэн бичгийг УИХ нь хуулиараа 48 цагийн дотор шийдвэрлэх ёстой гэдэг. Учир иймд МАН-ын Бүлэг өнөөдөр үдээс хойш Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлаар хуралдахаар болсон гэнэ.

УИХ-ын нэр бүхий гишүүд болон түүний хамааралтай компани Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас  ихээхэн хэмжээний хөнгөлөлттэй зээл авсан талаар мэдээлэл цацагдаж нэлээдгүй хэл ам дагуулсаар байгаа билээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал, А.Сүхбат, Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Б.Ундармаа нар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн эзэмшдэг компаниудад  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл аваад өгчихсөн нь ил болоод байгаа. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Хариуцлагаа хүлээж, сайдын албан тушаалаа өгнө” гэж мэдэгдсэн билээ. Мөн  АТГ-аас ЖДҮХС-гийн захирал Ж.Төгсбилэг тэргүүтэй дөрвөн албан тушаалтанг саатуулан шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг ч ард иргэд телевизийн дэлгэцнээс үзэж сонссон нь лавтай.

Тэгэхээр ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороодын болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх нь тодорхой болж байна. Ямартай ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн ихэнхийнх нь “Нүгэл нь нүдээрээ гарч” УИХ-ын гишүүн хэвээрээ байх уу, үгүй юу гэдэг нь удахгүй тодорхой болцгоох нь тодорхой болж эхэллээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.