УИХ дахь АН-ын бүлэг 2019 оны төсвийг эрс эсэргүүцнэ гэв...

Twitter Print
2018 оны 11-р сар 05-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 5-ны даваа гарагт УИХ дахь сөрөг хүчин АН-ын Бүлгийн хурал төрийн ордны “Б” танхим буюу “Чингис хааны нэрэмжит танхим”-д болж, У.Хүрэлсүхийн тэгүүлсэн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн чиглэлээр болж өнгөрсөн байна. УИХ дахь сөрөг хүчин АН-ын Бүлгийн энэ өдрийн эсэргүүцлийн хурлын талаар Бүлгийн дарга Д.Эрдэнэбат бол Бүлгийн гишүүн З.Нарантуяа, Д.Батзандан нар саяхан мэдээлэл хийсэн юм.

Тэдний зүгээс Д.Эрдэнэбат дарга нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан УИХ дахь МАН-ын Бүлгийн гишүүд дангаараа баталсан 2019 оны Улсын төсөвт хориг тавихыг уриалсан бол З.Нарантуяа гишүүний хувьд 2019 оны төсөвт багтсан 370 гаруй зураг, төсөлгүй барилга, байгууламжийг хасах хэрэгтэй гэсэн юм.

Харин АН-ын Бүлгийн гишүүдээс МАН-ын Бүлгийн эсрэг дорвитой дуугардаг гишүүний нэг болон Д.Батзанданы хувьд “Шатахууны үнийн хөөрөгдлийг дэвэргэж буй Засгийн газрын бодлогыг эрс эсэргүүцэж байна” хэмээн мөн л ширүүхэн мэдэгдэл хийсэн юм.

Ялангуяа АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байхаар тооцон оруулж ирж байсныг өнгөрсөн баасан гарагийн хуралдаанд оролцсон МАН-ын Бүлгийн 40 гаруйхан гишүүн санал нэгдээд баталчихсан. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувь байхаар тооцсон байгаа нь урьд өмнө дуулдаж байгаагүй их алдагдалтай төсөв болсон.  Ингэхдээ Монгол Улсын төсөвт 2019 онд төвлөрүүлэх орлогын хэмжээг 7.3 их наяд, зарлагыг 9.4 их наяд төгрөг байхаар тусгачихсан байсан. Нийгмийн даатгалын сангийн орлогыг 2.2 их наяд, зарлагыг 2 их наяд төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 407.6 тэрбум, зарлагыг мөн 407.6 тэрбум байраах тусгасан байна. Ирэх оны төсөвт цалин, хөлс нэмэхэд 720 тэрбум төгрөг, МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгоход 41 тэрбум төгрөг тусгасан. Мөн ирэх онд 117 сургууль, 144 цэцэрлэг, 34 дотуур байр, 61 эмнэлэг, 50 улсын болон орон нутгийн замын ажлыг эхлүүлэх, орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 189 тэрбум төгрөгийг 21 аймагт хуваан олгохоор тусгасан байдаг. Харин төсвийн алдагдлын дийлэнхийг гадны зээл тусламжаар хэрэгжүүлэх нийслэлийн шинэ Цэвэрлэх байгууламж, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын төсөл зэрэг эзэлж байгаа нь бас л хэтэрхий үрэлгэн зардал болчихсон. Тэгэхээр энэ хачирхалтай, үрэлгэн зардалд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавих нь тодорхой болов уу. Бид ч Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээд явна” гэсэн юм.

Харин гишүүн Д.Батзандан “Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн гэгч нөхөр хачин хачин юм ярьж байгааг нь телевизээр харсан л даа. Түүнийхээр бол ирэх 2019 онд иргэдийн цалинг 720 тэрбумаар нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан гэсэн. Харин сүүлийн өдрүүдэд инфляци ихээхэн өсч байгаа. Тэгэхээр цалин нэмсэн ч иргэдийн амжиргаанд сайнаар нөлөөлөхгүй нь тодорхой шүү дээ. Тиймээс Засгийн газар, Монголбанк хамтран төсөв, мөнгөний бодлогоо уялдуулах, иргэдийн амжиргааг сайжруулах, инфляцийг бууруулах чиглэлд бодлого боловсруулж ажиллах цаг нь болчихоод байна шүү дээ” гэж байсан юм.

Ийнхүү УИХ дахь АН-ын Бүлгийн гишүүд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын Сангийн яамнаас голчлон боловсруулан УИХ-д оруулж, МАН-ын бүлгийн 40 гаруй гишүүний саналаар баталж дөнгөсөн ирэх 2019 оны Улсын төсвийг “Урьд өмнө дуулдаж сонсогдож байгаагүй их алдагдалтай, үргүй зардал ихтэй маш муу төсөл баталчихлаа. Ерөнхийлөгч хориг тавьж бид ч түүнийг нь дэмжихгүй бол улсаа сүйрүүлэх төсөл болчихлоо” хэмээн эсэргүүцлээ илэрхийлэв. Ямартай ч энэ 11 дүгээр сар улстөрийн тэмцэл, эсэргүүцлийн хөдөлгөөн ихтэй хачин жигтэй сар болох нь ийнхүү тодорхой болж эхэллээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.