“Ард түмнийхээ төлөө амиа ч хайрлахгүй” гэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахаар яасан их мэрийцгээнэ вэ...

Twitter Print
2018 оны 11-р сар 05-нд 10:03 цагт
Мэдээний зураг,

Хурандаа Ухнаагийн Хүрэлсүх нь Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар 2017 оны есдүгээр сарын 08-нд томилогдон ажилласнаас хойш яг нэг жил хоёр сарын хугацаа өнгөрөх гэж л өдөр хоног алгуурхан урсан өнгөрч байнам. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар багагүй ажил амжуулав, бас зарим нэгэн сайд нь ч багагүй хэрэг төвөг тарьж амжуулав.  

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Цагаан Ордоны урилгаар 2018 оны 9 дүгээр сарын 18-наас Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Америкийн дээд удирдлагуудтай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, АНУ-ын Цагаан ордны зүгээс буцалтгүй тусламж болгон олгосон 350 сая ам долларыг хүлээн авах гэрээнд гарыг үсэг зурж, тэрхүү мөнгөөр Улаанбаатарын цэвэр усны нөөцийг 100 жилийн баталгаатай болгох ажлыг эхлүүлэхээр тохиролцсон билээ. Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулж буй хоёр дахь компакт гэрээг баталгаажуулах Тунхаглалд гарын үсгээ ч зурж баталгаажуулсан.

Айлчлалын дүнд талууд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хамтарсан албан мэдээ гаргаж, хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай замын зураглалыг тохиролцсон нь Ерөнхий сайдын гаргасан томоохон амжилт, ажил хэрэг байсныг дурдах ёстой. Мөн Ерөнхий сайд Вашингтон хотноо АНУ-д аж төрж буй монголчуудын төлөөллүүдтэй ч уулзаж ярилцсан байдаг. Хамгийн гол нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх сүүлийн есөн жилийн хугацаанд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд өөрийн биеэр оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд болж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлсэн нь олон орны төрийн тэргүүн болон хүндэт зочдын сонирхлыг ихээхэн татсан билээ. Түүний зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер болон өндөр албаны бусад тушаалтантай уулзаж ярилцсан билээ.

Мөн тэрээр Нью Йорк хотноо болсон Социалист Интернационал байгууллагын төр, засгийн удирдагчдын жилийн уулзалтад оролцож үг хэлсэн нь Монгол Улсыг сонирхох дэлхийн хэмжээний сонирхлыг өндөржүүлэх ихээхэн үр дүнтэй ажил болсныг ч дурдах ёстой болов уу.

Мөн түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар энэ оны дөрөвдүгээр сарын 8-12-ны хооронд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарт тус тус бараалхаж эдгээр уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцсэний зэрэгцээ бүс нутаг, Олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон байдаг. Мөн Засгийн газар болон байгууллага, аж ахуйн нэгжүүд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан нь өнөөдөр ажил хэрэг болж эхлээд байгааг ч дурдах ёстой. Тэдгээр гэрээ хэлэлцээрийн эхлэл болж саяхан Яармагийн 255 метр урттай давхар гүүрийг БНХАУ-ын Төмөр замын 2-р ангийн барилгачид барьж ашиглалтад хүлээлгэн өгөөд байгааг ч дурдах ёстой санагдана.

Тэгвэл хамгийн сүүлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 10-р сарын 16-нд Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдахаар Дэд бүтцийнх нь ажлууд ихээхэн амжилттай хийгдэж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан билээ. Тэр үедээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг байгуулах барилга угсралт, Бүс нутгийн тээвэр Логистикийн төв, Малын хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулах ажилтай танилцсан байдаг.  БНЭУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгыг гэрээний дагуу энэ оны зургаадугаар сараас эхлүүлсэн билээ. Барилга угсралтын ажлын гүйцэтгэл төлөвлөснөөс нэг сараар ахицтай бөгөөд 40 хувийн гүйцэтгэлтэй байсан. Автозам барих, төмөр зам тавих, эрчим хүч дамжуулах агаарын сүлжээ байгуулах ажлууд хийгдэж байгаатай танилцсан. Тухайн өдрийн байдлаар нийт 27 км тавигдах төмөр замын барилгын угсралт 50 орчим хувь, автозамын барилгын ажил 35 хувь, эрчим хүч дамжуулах агаарын шугам татах, цахилгаан дамжуулах дэд станц барих ажил 85 хувийн гүйцэтгэлтэй буюу дэд бүтцийн барилга угсралт дунджаар 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй байсан билээ.

Энэ үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Газрын тосны үйлдвэрийг байгуулах нь монгол хүн бүрийн зорилго байх ёстой. Үр дүн нь хувь хүн, айл гэр бүрт мэдрэгдэх нь дамжиггүй. Тиймээс Газрын тосны олборлолтыг дотооддоо явуулж, үйлдвэрийг барьж байж нефтийн үнэ, ханшийн давалгаанаас эх орноо хамгаална. Монголчууд бид нефтийн бүтээгдэхүүнээ ам доллараар худалдан авч, дэлхийд нефтийн үнэ өсөх тусам даган нэмэгдэж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ уялдан тогтоогдож байна. Дэлхий дахинд эдийн засгийн чимээгүй дайн дэгдэж, том гүрнүүд худалдааны дайн эхэлж, сөрөг үр дүн нь Монгол Улсад мэдрэгдэх боллоо. Бид үүнээс сэргийлэх, ард түмнээ хамгаалах шаардлага байна. Тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд гурван зүйл хийх ёстой. Нэгдүгээрт эрүүл хүнсээр ард түмнээ хангаж, үндэсний аюулгүй байдлаа хадгалах, хоёрдугаарт эрчим хүчний хараат бус, аюулгүй нөхцөлөө бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлаа чандлан хамгаалах, гуравдугаарт нефть тослох материалыг дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байна. Үүнийг Засгийн газар шийдэж чадвал цаашид эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулсан хүчирхэг улс болох юм. Улмаар эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаанаа хөгжүүлэх тухай бодлогын зорилт, түүний хэрэгжилт дээрх гурван асуудалтай шууд холбоотой. Тиймээс бид нефтийн үйлдвэрээ дотооддоо байгуулахаар хичээн зүтгэж байна. Нефтийн үнэ ханшийг хүчээр барьж, тогтворжуулах зорилгоор цаасан мөнгө хэвлэж чадахгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, түр зуурын арга хэмжээ авснаар хэсэг хугацааны дараа илүү хүндрэл авчирч байсан гашуун туршлага бидэнд бий. Иймд төгрөгийн ханшийг унагаж, иргэдийн худалдан авах чадварыг улам сулруулж, үнэгүйдүүлэн цаасан мөнгө хэвлэх арга хэмжээ авахгүй гэдгээ хариуцлагатайгаар ард түмэндээ дахин мэдэгдэж байна. Хүндрэлтэй нөхцөлөөс гарах гарц нь дотоодын нефтийн үйлдвэртэй болох явдал. Энэ нь нэг тэрбум ам.доллараар гадаад зах зээлээс нефтийн бүтээгдэхүүн авахгүй, төгрөгийн ханш сулрахгүй, гадны улс орнуудад их хэмжээний валют нийлүүлэх шаардлага үүсэхгүй гэсэн үг юм. Монгол Улсын Засгийн газар ард түмний ажил, амьдралтай шууд холбоотой энэ асуудлын төлөө эрс шийдэмгий, хурдтай ажиллахыг хичээж байна. Бид зорьсондоо хүрнэ гэдэгт итгэж байна. Энэ бол түүхэн бүтээн байгуулалт юм” гэж хэлж байсан.

Ийнхүү жил хоёр сарын хугацаанд ард түмэндээ амласан бүхнээ амжуулахаар зориглон зүтгэж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамгийн сүүлд ЖДҮДС-аас 950 саяас 1.4 тэрбум төгрөгийг өөрийнхөө болон эхнэрүүдийнхээ мэдлийн компаниудад тараагаад өгчихсөн өөрийн намын УИХ-ын гишүүд болон сайд нартайгаа хатуухан тэмцэл явуулахаа зарлаж, тэр тэмцлийнх нь ч нөлөөгөөр ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өөрийн хүсэлтээр сайдынхаа суудлаас буугаад байгаа билээ.

Гэтэл ард түмэндээ амласан бүхнээ биелүүлэх, мөн ард түмнийхээ хөрөнгө мөнгөнд шуналын хүйтэн савраа дүрсэн болгонтой хатуухан тэмцэл явуулж эхлээд байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахаар УИХ дахь сөрөг хүчин АН-ын Бүлэг болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү, хамгийн хачирхалтай нь  УИХ дахь МАН-ын Бүлгийн Ж.Мөнхбат нарын зарим залуу гишүүд ч хүч хавсарч эхлээд байгаа нь ихээхэн адармаатай үйлдэл болоод байгааг хэлэх ёстой болов уу.

Ялангуяа МАН-ын дарга, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар ихээхэн зориг, зүтгэлтэй ажиллаж байгаа Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулж, өөрсдийнхөө дэмжигч гишүүдээс хэн нэгнийг дараагийн Ерөнхий сайдаар томилуулахаар сэмхэн холхилдож эхлээд байгаа УИХ дахь МАН-ын Бүлгийн гишүүн Ж.Мөнхбат болон Н.Учрал, Н.Номтойбаяр, Х.Нямбаатар гээд олон хачирхалтай залуу гишүүдийг яалтай ч билээ вэ. Харин УИХ дахь сөрөг хүчин АН-ын Бүлгийн тухайд өөрсдөө хэзээ ч ямар нэгэн зөрчил, хуйвалдаан зохион байгуулж байгаагүй юм шигээр Засгийн газрын Ерөнхий сайд руу дайрч давшилж эхлээд байгаа нь Монголд улстөрийн бас нэгэн хямрал л авч ирэхээс өөрөөр ямар ч сайн сайхан зүйл авчрахгүй нь тодорхой билээ. Гэтэл бас УИХ дахь МАХН-ын нэгэн төлөөлөл болох О.Баасанхүү гишүүн хүртэл “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруултал тэмцэх болно” хэмээж байгаа нь ч олигтой шийдэл, олигтой үр дүн авч ирэхгүй тэмцэл гэдэг нь тодорхой юм.  

Энд сануулахад Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараахан 2017 оны 10 дугаар сарын 4-нд УИХ-ын нэгдсэн чуулганд хэлсэн үгэндээ,

"Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига, хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно.

Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Ард түмэн ууртай байна. Улс орны маань нийгэм, эдийн засгийн байдал ч хүнд байна. Бид бүхэн үүнийг сайн мэдэж байгаа.

Ажилгүйдэл, ядуурал, амьдралын хүндэд бухимдахын зэрэгцээ нийгмийн шударга ёс алдагдаж, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, авлига хээл хахууль газар авч, төрийн нэр хүнд унаж, хүчгүйдэж байгаад ард түмэн уурлаж байна. Эрх мэдэл, өнгө мөнгөний өмнө хүчин мөхөсдсөн хууль цааз, төр, засагтаа гутарч байна. 

Бид бүхний байгуулахаар зорьсон хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм хаана байна вэ гэж та биднээс ард түмэн асууж байна. Бас нэхэж, шаардаж байна. 

Манай нийгэмд хууль цаазыг үл тоомсорлох сэтгэлгээ газар авч, хууль дээдлэх ёс, зарчим бүхэлдээ алдагдлаа. Нам дамжсан бүлэглэлүүд, олигархиуд төрийн чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг боллоо. Бүр сүүлдээ шударга ёсыг тогтоох тангарагтай хууль, хүчний байгууллагууд ч ийм бүлэглэлийн гар хөл болон үйлчлэх боллоо.

Монголчууд бид хуулийг дээдэлж амьдрах ёстой болохоос хууль сахиулагчдаас айж амьдрах учиргүй. Харин шударга төрийн албан хаагчдаа хүндэлж амьдрах учиртай.

Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна. Гэхдээ хуулийн хүрээнд.

Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй.

Төрийн байгууллагын удирдах, удирдуулах ёс алдагдаж, төрийн боловсон хүчний бодлого төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд хундаганы ард шийдэгддэг боллоо.

Сайд нь Төрийн нарийн бичгийн даргаа, Төрийн нарийн бичгийн дарга нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа байлаа. Төрт ёсны дэг жаяг, төрийн албаны мэргэшсэн байдал  алдагдаж, сахилга хариуцлага, дэг журам үгүй болж, Монгол төрийн дархлаа суларлаа.

Энэ бүхнийг л бид одоо тас цохин цэгцлэх ёстой. Ард түмэн ч үүнийг хүсэн хүлээж байна. Нэг ёсондоо шударга ёс гэсэн цэвэр агаар монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын өвлийн агаар шиг л болчихоод байна.

Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэсэн сайхан үг байдаг.

Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол та бидэнд цаг алга. Монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, мөр бүтэн, сэтгэл хангалуун, айх аюулгүй амар амгалан, аз жаргалтай амьдрах учиртай.

Манай Засгийн газар дээрх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ.  

Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ.

Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно.

Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана.

Эдгээрийг хийхэд мөнгө хэрэггүй. Зөвхөн улс төрийн эр зориг, сэтгэл хэрэгтэй.

Эрхэм гишүүд ээ

Хямарсан эдийн засагтай Монгол Улсын мөнгө хэмжээтэй, чадал хязгаартай нь үнэн. Гэхдээ төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтлана.

Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ бол ард түмний хөрөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна.

Ядуу иргэдтэй баян төр байхын оронд баян иргэдтэй цомхон төртэй байхыг би илүүд үзнэ.

"Иргэн баян бол улс баян" хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнгийн хэлсэн үгийг би энд дахин хэлэхийг хүсч байна.

Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи. Энэ баялгаас Монголын ард түмэн бүгд хүртэх учиртай. Баялгийн хуваарилалтыг зөв, шударга болгохын төлөө би зүтгэнэ.

Газрын доорх баялгаа газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана. Бид уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбараа зоригтой гаргаж ирэх цаг болсон.

Тэр тусмаа хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана. Монгол Улс далайд гарцгүй орон. Гэхдээ бид хүн далайд гарцтай орон. Монголчууд бидэнд асар том хоёр зах зээл, хоёр сайн хөрш байна.  

Үүгээрээ бид бас азтай ард түмэн. Энэ хоёр том зах зээлд бид зөвхөн уул уурхайн түүхий эдээс гадна эх орондоо үйлдвэрлэсэн хүнс болон бусад бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж байна. Энэ боломжийг бид бүрэн дүүрэн дайчлан ашиглах ёстой.

Хөгжлийн гарцад түүчээлсэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидээ дэмжинэ. Бизнесийн орчноо ээлтэй болгоно. Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт, шахалтаас миний бие өмгөөлөн хамгаалах болно. Харин та бүхнээсээ улсдаа төлөх татвараа шудрагаар төлж байхыг хүснэ.

Эдийн засгийн хямрал, энэ том сорилтуудыг даван туулахын тулд Монголын ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралтайгаа манай Засгийн газар гар, сэтгэл нийлэн зүтгэх болно. Бидний бодлого, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Хүнд хэцүү цагт бидэнд байнга туслаж, дэмжиж ирсэн НҮБ, ОУВС, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллатай идэвхтэй хамтран ажиллаж одоогийн эдийн засгийн хүндрэлт байдлаас гарна.

Бидний уламжлалт, найрсаг, түүхэн харилцаатай мөнхийн хөрш хоёр оронтойгоо болон  гуравдагч хөршүүдтэйгээ улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно.

Өнгөрсөн хугацааны алдаа бол эдийн засгийг хүний хөгжлийн бодлогоос ангид авч үзэж байсан явдал юм. Иргэдээ дэмжсэн бодлогын үр дүнд бидний олон жил ярьж ирсэн чинээлэг дундаж давхарга бий болж бэхжинэ. Манай Засгийн газрын бодлогын цөм нь Монгол Улсын иргэн та байна.

Ард түмнийхээ санал бодлыг сонсдог, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлддөг, гаргасан шийдвэр нь гагцхүү ард түмний төлөө байдаг Ардын Засаг байх болно.

Миний бие Монгол төрийг ард түмнийхээ итгэлийг хүлээсэн, ард нийт нь миний төр, бидний засаг хэмээн хүрээлсэн сайн засаг байлгахыг үнэн сэтгэлээсээ зорино.

Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлна гэсэн үг биш. Шударга ёс, хариуцлага дээр тогтсон эв нэгдэл өнөөдөр бидэнд ус, агаар мэт хэрэгтэй байна.

Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно.

Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна.

Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна.

Монгол Улс мандан бадарч, Монгол төр мөнхөд оршиг” хэмээн итгэл төгс өгүүлж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ард нийтээрээ хамгаалж, хийхээр төлөвлөсөн, эхэлсэн ажлуудыг нь дуустал нь хийлгэх цаг хугацаа олгохыг дэмжих ёстой цаг болжээ.

Түүнийг цаг бусаар огцруулахаар жигтэй хачин үйлдлүүд хийхээр болж байгаа УИХ дахь АН-ын Бүлэг болон МАН-ын Бүлгийн зарим ёс жудаггүй залуу гишүүд болон МАХН-ын ганц төлөөлөл болох О.Баасанхүү нарыг энэхүү хачирхалтай тэмцлээ татаж автал нь ард нийтээрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өмгөөлөн хамгаалах цаг болжээ. Тэгж байж л түүнийг цаг хугацаандаа багтан хийх ёстой ажлаа амжуулж, ард түмэндээ амласан бүхнээ хэрэгжүүлэхийг нь бид бүхэн харах, тодорхой үнэлэлт, дүгнэлтээ түүнд тавих боломжтой болох юм. Түүнийг үлдэж байгаа богинохон цаг хугацаанд амжуулах ажлыг нь хийлгэхийн тулд одоо л өмгөөлөн хамгаалах, ёс зүйгүй, жудаггүй улстөрчдийг хазаарлан тогтоох цаг нь болжээ, ард иргэд минь ээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.44) 2018-11-07 07:39
      • 0
      • 0

      Яасан нялга пялга манж бичээч вэ. Наад хуурамч хурандаа цолтой цэргийн бага дарга чинь алхам тутамдаа үг үйлдэл хоёр нь зөрж байгааг эрхэм бичээч харахгүй байна. сэтгүүлчид ингэж захиалгатай зүйл бичиж түмний толгой эргүүлж авилгачид, монголыг бузарлагчдыг оршин тогтноход нь нэмэр болоод байна. Хүрэлсүхийн үед төрийн алба бүрэн дампуурч аллагын газар боллоо, өөрийнх нь шадар хүмүүс сайд нар нь түмний хөрөнгийг дураараа хувийн компанидаа улайм цайм авдаг боллоо, хамгийн ойрын жишээ өөрийнх нь туслах шууд л МИАТ-ын дэд захирал болж 600 саяын хэрэгт холбогдлоо. Энэ бүхэн шудрага ёс уу? Ард түмэн амаараа шоучин ар худрагаар улсаа хуйлгайлагчийг таньдаг болсон шүү. Битгий ийм балай захиалгат юм бичиж түмний тархи угаах гэж оролд. их муухай байна. Шудрага л бай л даа сэтгүүлчидээ. Ард түмэн уншигчид мөнх, авилгачид зүг шорон шүү

      Хариулах

    • unshigch

      (124.158.107.85) 2018-11-05 14:14
      • 0
      • 0

      Ulaan namiin ulaan tsamtstai ene nohor yamar teneg PIAR hiideg yum be..

      Хариулах

    • Зочин

      (150.129.141.228) 2018-11-05 13:32
      • 0
      • 0

      еерее еерийнхее намын еренхий сайдаа хvчээр бvлэглэн авч хаяж байж гарч ирсэн юм чинь буруу нь юу байхав, бидний нvдээр бол засгаас гарч болохгvй алдаа болгоныг гаргалаа, хэлсэн амандаа хvрсэнгvй нэг л их бардам тvрэмгий л эр байлаа, яая гэхэв еедее шидсэн чулуу еерийн толгой дээр ...

      Хариулах

    • уншигч

      (124.158.107.85) 2018-11-05 11:43
      • 0
      • 0

      Тийм шүү. Ерөнхий сайдыг хамгаалах, хийх ёстой ажлуудыг нь хийлгэх цаг болсон шүү, дэмжиж байна

      Хариулах

    • Buren

      (124.158.107.85) 2018-11-05 10:58
      • 0
      • 0

      MAN-iin holsnii bicheech mangartdag baina shdee. Zailaa.

      Хариулах

    • Ажиглагч

      (124.158.107.85) 2018-11-05 10:49
      • 0
      • 0

      Захиалгаа нуршилгүй, санаагаа давхцуулалгүй, хэтэрхий долигонолгүй бичээсэй энэ сэтгүүлчэнцэр. Өмнөөс нь нүүр улаймаар. Бас "байнам" ч гэх шиг агуулгадаа зохицохгүй үг хэрэглэнэ. Ичээсэй.

      Хариулах