Нэг л өдөр ухаалаг утсаа унтрааж гадагш гарна, тэнд зөөлөн буух цасан ширхэгүүд “Рафаэлло” чихэрний кокосон үртсийг санагдуулахад бид пир хийтэл инээлдэнэ

Twitter Print
2018 оны 11-р сар 05-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

НЭГ Л ӨДӨР БИД...

Нэг л өдөр бид ухаалаг утаснуудаа унтрааж гадаад ертөнцөд хөл тавина. Тэнд урин хавар ирж, үдшийн бүрийд гудамжны гэрэлнүүд аварга гэрэлт цохнууд шиг харагдана. Бид хөтлөлцөн дундуур нь явж өнгөрөхөд бүдэг гэрэл нь биднийг гэрэлтүүлж хэсэгтээ биднийг дагалдана.

Нэг л өдөр бид нүүр номоор нөхөрлөхөөсөө залхаж найзуудаараа далай уруу аялна. Мөнгөн хайрст загас жараахай, агаарт эргэлдэх цахлай шувуу, элсэн цайз цамхагууд гээд л тэнд бүх юм жинхэнэ байна. Далайн давалгаа ар араасаа түрэн ирж элсэн дээрх мөрийг маань арилгаж орхино.... гэхдээ яадаг юм. Бид элсэн дээр мөрөө үлдээсэн л юм чинь. Шөнө дунд болоход дүгрэг сар тэнгэрт мандах нь яг л гортигоор зурсан мэт дув дугуй байна. Гэнэт одтой тэнгэр биднийг нөмрөн авах шиг болж, бид энэ үйл явдлыг тэмдэглэхээр бурбон дарс задална.

Нэг л өдөр бид инстаграмд тавьж байсан бүх зурагнуудаа устгана... тэглээ гээд огтхон ч харамсахгүй. Хоол салахын аргагүй амттай байх тул бид зургийг нь ч дарж амжихгүй. Бид хүнсний захаар явангаа анар жимснээс амсаж, нунтаг гоньд, улаан чинжүүний хурц үнэрээр амьсгалж, худалдагч хүүхнүүд гэр гэртээ хийж ирсэн шинэхэн бяслагаа цав цагаан маарлинд ороохыг харж зогсоно. Тэр үед бид бичлэг хийх тухай бодох ч үгүй. Яагаад гэвэл... тэгж ер нь яах юм бэ?

Нэг л өдөр олон ангит цувралаар гардаг зохиомол ертөнц дэндүү бүгчим, дэндүү давчуу санагдана. Тэр үед бид шимтэн үзэж байсан цувралаа дундаас нь хаяна. Учир нь бидэнд зүгээр л жинхэнэ амьдралаар амьдармаар санагдана. Бид мөстсөн гол мөрөнг харж, тагтаа шувуудыг хооллож, тэсгим өвлийн хүйтнийг үл тоон гадаа үнсэлцэн зогсоно. Зөөлөн буух цасан ширхэгүүд “Рафаэлло” чихэрний кокосон үртсийг санагдуулахад бид пир хийтэл инээлдэнэ. Дараа нь бид нэгэн зоогийн газар орж дулаацаж аваад танго бүжнэ. Одоохондоо бид танго хийж сураагүй байгаа л даа... гэсэн ч бид заавал бүжиглэнэ.

Нэг л өдөр бид “моод” гээчийг дагахаа больж өөрийн гэсэн донж маягтай болно. Элдвийн дүрмийг нулимж орхиод “хоорондоо огт авцалддаггүй” гэгддэг хувцаснуудыг хольж хутган янз янзын өнгөнүүдийг хослуулж үзнэ. Тэр үед хүмүүс тод өнгийн хувцас, хачин этгээд үс засалтыг минь өршөөн уучилж, илүү дутуу юмгүй энгийн төрхийг чинь ойлгоно. Би эмээгийнхээ зүүдэг байсан эртний зүүлтийг гаргаж ирнэ, харин чи комиссийн дэлгүүрээс өргөн хүрээтэй хуучны малгай олж авна. Аль аль нь үнэхээр тасархай харагдана... нээрээ шүү.

Нэг л өдөр бид чихэвчнүүдээ авч зүрхээ чагнаж эхэлнэ. Бидний эргэн тойронд уянгалаг хөгжим байнга эгшиглэдгийг гэнэт анзаарна. Намар унасан шаргал навчис, асгаран орох бороо, халуун уур савсуулан кофе нэрэх машин гээд бүгд л өөр өөрийн өнгө аястай. Бид хуучны тоосгон байрнуудын дурсамж бодлуудыг, моддын зөөлөн шивнээг... тэр бүү хэл тэртээ тэнгэрт алгуурхан хөвөх үүлсийг чагнаж эхэлнэ. Биднийг тойрон эгшиглэх тэр аялгуунд солгой өнгө ганц ч үгүй байна...

Нэг л өдөр бид утгатгүй твитээс уйдаж номын тавиур дээрээс хэдэн ном сугалж авна. Тоосонд дарагдсан тэдгээр номны үнэр сэтгэл дотор нэг л сонин мэдрэмж төрүүлнэ. Яг ямар мэдрэмж гэдгийг бид хэлж мэдэхгүй юм. Тэр мөчид хүүхэд насны маань мартагдсан мөрөөдлүүд сэргэж биднийг нөмрөн авна... Бид оломгүй их далайг гаталмаар ч юм шиг, уудам цэлгэр талаар салхи татуулан давхимаар ч юм шиг, хаа нэгтээ хэн нэгний нууж орхисон эрдэнэсийн эрэлд гармаар ч юм шиг, араас элдэх дайснуудаасаа зугатмаар ч юм шиг санагдана. Дээр нь дурламаар ч юм шиг санагдана. Тэнгэр минь, бид дурлахыг ямар ихээр хүсэх бол оо?

Нэг л өдөр бид хайр сэтгэлээ утгагүй эможигоор илэрхийлэхээ больж зүгээр л бие биеийнхээ нүд рүү ширтэн харна. Тэндээс бид огторгүйн бүх оддыг, зүүд нойрныхоо хэлтэрхийг, мөн өөрсдийгөө олж харна. Тэр үед юм хэлэх шаардлага байхгүй байна... учир нь бүх зүйл илэрхий байна. Гэсэн ч чи "Хайртай гэж үү?" хэмээн асууна... харин би “Хайртай” гэж хариулна.

Чи надад итгэхгүй байгаа байх л даа. Гэхдээ л би мэдэж байна: энэ яваа насанд, мөн энэ дэлхий дээр биш ч гэлээ нэг л өдөр бүх юм яг л ийм байх болно. Тэр цагт бид танго заавал бүжнэ... би амлая.

Татьяна Стрельченко

Эх сурвалж: СЗ.ru 

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.