Яаж би Ж.Энхбаяр шиг элдэв сан, төслөөс алгасахгүй ”тууж”, тэрбумтан болсон атлаа шударга үнэний гол дүрд сурамгай гэгч нь тоглох вэ?

Twitter Print
2018 оны 11-р сар 03-нд 17:51 цагт
Мэдээний зураг,

Яаж би-23 /ЖДҮ/

Яаж би 
ЖДҮ-ийн зээлдэгчид шиг нэр хүндээ “нэг тэрбум”-аар арилжиж, орох байх газраа олж ядан ордноор нэг “бүлтэгнэх” вэ?

Яаж би 
Б.Батзориг шиг хариуцсан салбараасаа хулгай хийчихээд, “уучлаарай” гэдэг ганцхан үгийг хоолойгоороо давуулж чадахгүй “өширхөх”вэ?

Яаж би
Я.Содбаатар шиг эхнэрийнхээ найзуудыг тэрбумаар “эрхлүүлж”, хэдхэн сарын дараа өгсөн мөнгөнийхөө тоог таг мартах вэ?

Яаж би
Ж. Энхбаяр шиг элдэв сан, төслөөс алгасахгүй ”тууж”, тэрбумтан болсон атлаа шударга үнэний гол дүрд сурамгай гэгч нь тоглох вэ?

Яаж би
Н.Учрал шиг баригдангуутаа хулгайлсан мөнгөө нүүр лүү нь хуйлж шидэн, ”хулгайчтай тэмцэнэ ” гэж гэнэн хонгортон олноор “өхөөрдүүлэх” вэ?

Яаж би
А.Солтан шиг их хуралд 3 жил суугаад танигдаагүй мөртлөө ЖДҮ-ээр 3 хоногт танигдаж, хэл хөлд зэрэг орж, хотлыг баясгах вэ?

Яаж би
Б.Ундармаа шиг 128 тэрбумын хөрөнгөтэй, дээрээс нь хувийн банктай мөртлөө “жижиг дунд” ангилалд багтаж зээл авах вэ ?

Яаж би
Түүнийг
ЖДҮ-ийн 3 хувийн хүүтэй зээлийг хувийн банкаараа 30 хувь болгон зээлдүүлж, ядарсан ардаа шулсан гэж хардахгүй байж чадах вэ?

Яаж би
Эдгээр гишүүдээс авсан зээлээ зориулалтын дагуу үйлдвэрлэл эрхэлж байгаа нь ядаж ганц нэг байгаа гэдэгт итгэх вэ?

Яаж би
МАН-ын генсек Д. Амарбаясгалан хүртэл ЖДҮ-ийн зээл авч , улс төрийн намд яг ямар “үйлдвэрлэл “явуулсны учрыг олох вэ?

Яаж би
Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар шиг хууль цаазын тангарагаасаа хулгайчтай нийлж хулгай хийж баригдтлаа няцах вэ?

Яаж би
У.Хүрэлсүхийн хурц сэлэм Б.Батзоригийн “бөндгөр”-ийг бодох юмгүй цавчсан мөртлөө түүнтэй яг адилхан сайд Я.Содбаатар луу далайж ч амжилгүй хуга үсэрсний нууцыг тайлах вэ?

Яаж би
АН, МАН хоёр шиг “хэн нь их иддэг бэ?” реалити шоунд хамтдаа оролцож, түмний доог, төрийн эмгэнэл болох вэ?

Яаж би
“ЖДҮ” тойрсон мэдээлэл шиг төрийн ялзралыг түмний хүчээр уудалж, увайгүй луйварчдыг “цаазын тавцан”-д нэг нэгээр нь дуудах вэ?

Яаж би
Үлдсэн ЖДҮ-ийн зээлдэгчид шиг зальдаж авсан зээл нь илрэх вий гэхээс айж зугтсаар, төсөв батлахад ч чуулгандаа сууж чадахгүй болтлоо “сандралдах” вэ?

Яаж би
ЖДҮ-ийн 1 тэрбумын зээл тойрон биднийг хэрэлдэх хооронд зарим гишүүд концесс нэрээр 70 тэрбумыг хувийн компанидаа авч байгааг илчлэх вэ?

Яаж би...


Сэтгүүлч Б.Отгон

2018.11.03

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ме

      (202.21.124.131) 2018-11-04 12:17
      • 0
      • 0

      Яаж би Оюундарь гишүүн шиг бар ажиллуулдаг хүүдээ 950 саяын зээл авч өгөөд миний хүү монголын хөгжилд хувь нэмрээ оруулж бхад та нараас уучлалт гуйхгүй гэж толгой дээгүүр чинь тас ширвэдэг болох вэ?

      Хариулах