О.Баасанхүү: У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцортол тэмцэх болно доо...

Twitter Print
2018 оны 11-р сар 03-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс цаг үеийн асуудлаар утсаар холбогдож дараах мэдээллийг авсан юм. Тэрбээр “Төсөв батлагдах цагаар Ардчилсан нам ажил хаяснаас болж парламент хяналтгүй болсон. Хяналтгүй болсныг далимдуулж өнгөрсөн баасан гарагт Захиргааны шүүхийг татан буулгах хуулийн төсөл орж ирж байсан. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд Засгийн Газрын шийдвэр, шийдвэрийг биелүүлж буй аймаг, нийслэлийн Засаг даргын аливаа шийдвэрийг Захиргааны шүүхээр авч хэлэлцэхгүй болж байгаа юм. Энэ заалт нь маш хортой үр дагавартай шүү дээ.

Түүнчлэн Төрийн өмчийн хорооны дарга, прокурорын орлогч, УИХ-ын гишүүд нь ЖДҮДС-аас зээл авчихсан. Үүнд хэн нэгэн иргэн гомдол гаргах эрхгүй байгаа юм л даа. Дээрээс нь иргэдийн газрыг албадан авбал гомдол гаргах эрхгүй болчихсон байгаа. Өөрөөр хэлбэл хуучнаар газар чөлөөлөлттэй холбоотойгоор хүмүүс нийслэлийн Засаг даргын, Засгийн газрын Тусгай зээлийн асуудлаар гомдол гаргаж, дахин шийдвэрлүүлэх эрх нь хаагдчихсан гэсэн үг.  

Би үүнийг улайм цайм луйвар гэж харж байгаагаа өнгөрсөн баасан гарагт илэрхийлж л байсан. Миний зүгээс үүнийг хойшлуулж өгөөч, АН-ыг орж ирэхээр тал талаасаа хэлэлцье гэдэг санал тавьсан боловч харамсалтай нь хүлээж аваагүй. Тэгээд л УИХ дахь МАН-ын Бүлгийн гишүүд олонхиороо түрий бариад ирэх 2019 оны Улсын төсвийг ардчиллаас бүрэн ухарсан байдлаар хүч түрээд баталчихсан. Үндсэндээ ирэх оны Улсын нэгдсэн төсвийн Тэнцвэржүүлсэн орлого нь 9.6 Их наяд байх бол Зарлага нь 11.5 Их буюу 1.9 Их наяд төгрөгийн алдагдалтай төсөл батлагдчихсан. Мөн түүнчлэн Үндсэн хуульд заасан Засгийн бүрэн эрх ард түмний гарт гэсэн заалт буюу ард түмэн Засгийн газрын дээр байж шүүхээр аливаа асуудлыг шийдвэрлүүлэх эрх нь мөн Үндсэн хуульд заасан “Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй бөгөөд эрх зүйн этгээд байна” гэсэн заалтыг зөрчихөөр болчихсон. Өнөөдөр Засгийн газрын бие даасан хаант засаглалтай  болох бүтцийг явуулж байгааг би эрс эсэргүүцэж байгаагаа хэлчихье ” гэсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасахүү мөн ЖДҮДС-ын зээлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Ганцхан Б.Батзориг гэдэг хүн огцроод бусад нь сандал ширээтэйгээ зууралдаад үлдэх ёсгүй. Хэд хэдэн сайдыг огцруулах ёстой. Зээл авсан хүн нь огцрохгүй, өгсөн хүн нь огцорно гэдэг юу гэсэн үг вэ. Энэ утгаараа Я.Содбаатар сайд огцрох ёстой. Дээрээс нь эрчим хүчийг хэд хоногоор тасалсныхаа хариуцлагыг хүлээж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ч огцрох хэрэгтэй.

Шатахууны үнэ хэрээс хэтэрлээ. Шатахууны үнийг буулгаж чадахгүй бол чаддаг хүнээр нь сайд хийлгэх хэрэгтэй. Удахгүй би У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцортол нь шахалт үзүүлэн тэмцэх болно” гэсэн юм...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.