ОРГИЛСОН БУДАА хаашаа зорих вэ...

Twitter Print
2018 оны 11-р сар 06-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Өмнөдэлгэр сумын нутагт Мөнх-Өлзийт уулын өвөрт 1777 онд Цэвээндорж гэдэг лам Манзушир бурханы чулуун дүрийг бүтээлгэснээр суурь нь тавигдсан. Барайвун гэдэг нь дрэвун буюу “оргилсон будаа” хэмээх утгатай санскрит үг. Монгол дахь хамгийн том хийдүүдийн нэг болж хөгжихдөө буддын шашинт Энэтхэг Төвдийн орноо “Ар Халхын утай цагаан гүмбэн” хэмээн алдаршсан.

“Билэг өлзийт” хэмээх цогчин дуган нь 3 давхар, 30х30м өргөн, 12м өндөр, 64 баганатай, боржин чулуун суурьтай, байгалийн чулуугаар бүтээсэн ханатай, сүншигийн, сахиусны, номын, хурлын зэрэг бие даасан хэсгүүдээс бүрдсэн том уран барилга байсан. Тус хийд шарын шашны ид үед 4 дацантай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байв.

1900 оны үед тахалын улмаас лам нарын тэн хагас нь үрэгдэж, 1930 оноос үлдсэн лам нар нь баривчлагдаж, байшин барилга нь нураагдсан боловч үлдэгдэл туурь нь тухайн үед ямар том хийд байсныг илтгэсэн хэвээр байдаг. Одоогийн туурь, сэргээсэн цогчин, эргэн тойрны орчинд явган аялал хийхэд 3 цаг орчим зарцуулдаг бөгөөд шашин соёлын үнэт дурсгал ихтэй.

Энэ хийд рүү улсын төсвөөс хөрөнгө зарж 60 км цахилгааны шон татсан. Цаашид хийдийн үйл ажиллагааг ямар байдлаар хэрхэн өргөжүүлж хөгжүүлэх нь тодорхойгүй. Өмнөдэлгэр сумын захиргаанд хамааралтай юу гэхээр “үгүй” гэх, Гандан хийдийн харъяа гэх. Амарбаясгалант хийд шиг бумба мумба тахиад түмэн хүний хөл хөдөлгөөнд даруулж “мөнгө хөөх” гээд байна уу, Хамарын хийд шиг “байнгын зорчигчтой” мөргөлийн газар болох гээд байна уу. Байнга ном хурж байна уу гэхээр бас үгүй. Гандан шиг “даварчихсан” байлгамааргүй байна. Азийн буддын шашинт орнуудад сүм хийдийг АЖ-тай хэрхэн уялдуулан хөгжүүлж буй чиглэл хандлагын талаар зөвлөмж өгөх бодолтой байна даа.

Ч.Буянбадрах

Олон улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.