Баярсайханы “БАЙГАЛЬ ЕРТӨНЦ”

Twitter Print
2018 оны 11-р сар 03-нд 11:56 цагт
Мэдээний зураг,

Батширээт сумын нутаг, МНТ-нд тэмдэглэснээр Хорхиног Жибурын хөндий, энд Тэмүжин Жамух нар анд бололцсон гэдэг. Судалгааныхаа явцад энэ сайхан байгалийг хэрхэн хамгаалж аялал жуулчлал хөгжүүлэх вэ гэдэг бодолд умбаж байв. Байгалийн сайханыг ашиглахаас гадна аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Тэр ойлголтонд музей хамаарна.

Батширээт суманд “Баярсайханы музей” гэж бий. Гурван үеийн анч удамтай Б.Баярсайхан нь Тэмүүжин хэмээх авъяаслаг зураач хүүгийнхээ ачаар ангын музейгээ байртай болгожээ. Хоёр эрхэм хүүгийнх нь хоёр бүтээлийг худалдан авснаар хөрөнгө бүрдэж жижигхэн байшин бариад анчин өөрөө тайлбарлан гайд хийдэг.

Музейд чоно, бэлтрэг, бодон гахай, мануул, шилүүс, гөрөөс, янзага, хярс, үнэг, булга, сохор номин, сарьсан багваахай, оготно, зурам, алтайн хойлог, бор галуу, энхэт бялзуухай, хөтүү, ятуу, шаазгай, тоншуул, хондон ангир гэх мэт амьтад, шувуудын дажгүй цэвэрхэн хийсэн чихмэлүүд бий. 

Баавгай, чоно, согоо, чонын далны яс, гөрөөсний шилбэ ба чонын шилбээр хийсэн үзэгний сав, отоо тарвага, үнэг, зэрлэг гахай, шилүүсний гавлын яснууд, бургасны, хусны, нарсны ураар сийлж хийсэн чихрийн таваг, үхрийн эврээр хийсэн чимэглэлийн зүйлс тавиастай. Энэ бүхнийг анчин Баярсайхан өөрөө урлан хийж музейгээ дэглэжээ. Хананд нь байх зургууд хүүгийнх нь бүтээл. Ирж үзсэн хүмүүс худалдаж авсаар энэ хэдэн зураг л үлдсэн гэж байв. Жилд 100-200 жуулчид ирж үздэг ба тасалбар нь 2000 төгрөг ажээ.

УБ хот дахь Байгалийн түүхийн музейгээ шинэ байшинтай болгоно гээд хаалгыг нь хаачихсан байгаа өнөө үед гэр бүлээрээ аялж яваа хүмүүс хүүхдүүддээ үзүүлж болох бяцхан ертөнц юм. Ер нь цаашид өргөжүүлэх боломжтой нөөц бүхий эхлэл. Дадал суманд байдаг анчин Баавайн ангийн музейтэй нэгтгэж эргэлтэнд оруулах боломжтой.

Анчин Баярсайханы хүү Тэмүүжин нь СУИС-ийн зураасан зургийн ангид элсээд дараа нь компъютор графикийн анги төгссөн. Өндгөн бар, харандаа, усан будаг, тосон балаар гайхамшигтай сайхан зурдаг бөгөөд бүтээлүүдийг нь хөрөнгө чинээтэй эрхэмүүд худалдаж авдаг ажээ.

Эдүгээ Тэмүүжин хүү нь ааваасаа сурч авсан өв, төрөлхийн зурах авъяасаа хөгжүүлсэн эрдмээрээ Байгалийн түүхийн музейн зураач, чихмэл бүтээгчээр ажилд оржээ. Аавынх нь яриагаар нэг будаг олж ирэхээр хот руу явсан чинь музейд ажилд орчихсон байсан гэж билээ.

Ч.Буянбадрах

Олон улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.