Т.Гантөмөр: Улаанбаатарын өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан байгаа...

Twitter Print
2018 оны 11-р сар 02-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр оройхон ажил тарахын алдад Нийслэлийн захирагчийн Тамгын газрын үүдэнд Улаанбаатар хотын Засаг даргын Ажлын албаны дарга, Нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөртэй уулзаж Улаанбаатар хотын энэ өвлийн бэлтгэл ямархуу байгаа болон ойрын үед хотын Ерөнхий менежерийн хувьд хийж амжуулсан ажил үйлсийнх нь талаар сонирхон ярилцсанаа уншигчиддаа толилуулж байна. Т.Гантөмөр даргын хувьд ойрын өдрүүдэд нэлээн их ажилтай, тэр хэрээр ч Улаанбаатар хотын 2018-2019 оны өвлийн бэлтгэл ажлууд гайгүй сайн биелэлттэй явж байгаа ажээ.

-За өнөөдөр 11-р сарын 1 болж өвлийн эхний сар гарч байна. Хоёулаа ярилцлагаа Улаанбаатар хот маань энэ өвөлд бэлэн үү гэдэг асуултаар эхлэе гэж бодлоо?

-За энэ талаар товчхон дүгнэвэл Цахилгааны эх үүсвэрүүд, Инженерийн хангамжийн байгууллагууд, хот, дүүргийн энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагууд нь Улаанбаатар хотынхоо хүн ардын энэ өвлийг өнтэй давах бүх бэлтгэл бүрэн хангагдсан гэдгийг хэлье. Ямартай ч энэ өвлийн бэлтгэлийн талаар бүх талаар санаа зовох зүйлгүй болсон гэж ойлгож болно.

-Саяхан эхний цас нэлээн сүрхий орсон. Ер нь цас ороход өнөөх цас хайлуулах бодисууд аль хэр нөөцтэй байдаг юм бол, Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид нь хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар аль хэр хангагдсан байдаг юм бол, ялангуяа ажлын дулаан хувцас хэрэглэлээ бүрэн авч чадсан уу, тэд нар ер нь өвөлжилтийн бэлтгэлээр аль хэр хангагдсан байдаг хэрэг бол?

-Ер нь бол өнгөрсөн өвлийн бэлтгэлийг хэрхэн хангасан тухай бид нарын зүгээс 2018 оны тавдугаар сарын 15-16-нд Халаалтын хугацаа дуусангуут Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд “Энэ өвлийг иймэрхүү байдалтай даван тууллаа. Ирэх өвлийн бэлтгэлийг ингэж ингэж хангана аа” хэмээн ярилцсан. Үндсэндээ Засаг даргын зөвлөлийн хурлаар ирэх өвлийн бэлтгэлийн талаар гурван удаа хэлэлцээд холбогдох шийдвэрүүдийг гаргаад, эдгээр шийдвэрүүдийн дагуу ийм чиглэлийн үүрэг бүхий бүх л байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах ажлууд үндсэндээ хийгдээд дууссан байгаа. Хоёр хоногийн өмнө буюу өнгөрсөн 10 дугаар сарын 30-нд энэ чиглэлийн Мэргэжлийн байгууллагуудын бүх улсуудыг дуудаад “За нөхөд минь одоо ингээд энэ өвлийн цаг агаар дандаа ийм таатай байгаад байхгүй ээ. Энэ жилийн өвлийн талаар Ус цаг уурын Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс өгсөн мэдээгээр бол энэ өвөл нь бусад өвлөөсөө илүү их цас орно оо. Орох орохдоо хоног өдрүүдийн хоорондох давтамж нь их байна шүү. Өөрөөр хэлбэл нэгээс гурван өдрөөр дараалан орох юм байна шүү гэдэг урьдчилсан прогнозыг бидэнд өгөөд байгаа шүү” гэдгийг мэдэгдсэн. Тийм учраас өнгөрсөн хоёр дахь өдрийн тэрхүү хурлаас “За хэрвээ амралтын өдөр дараалан цас орвол бид бүхэн замаа яаж цэвэрлэх ёстой вэ, явган хүмүүсийн замыг яах юм” гэдгээ ярилцаж, үүрэг даалгавараа өгсөн байгаа.

Дээр нь бидний зүгээс мэдээж хэрэг Улаанбаатар хотын Гол болон туслах зам, Орон сууцны дундах замуудаа тооцвол ерөнхийдөө 383 км-ын урттай хатуу хучилттай зам байдаг л даа. За тэрхүү замаа метр квадратаар нь хэмжээд үзвэл 5.8 сая хавтгай дөрвөлжин метр талбайн зам замын байгууламжийн цас мөсийг бид бүхэн арилгах ийм чиг үүргийг Хот тохижилтын газар, 9 дүүргийн энэ чиглэлийн төрийн болон төрийн бус оролцоотой 21 байгууллага, өөрөөр хэлбэл ТҮК гэж нэрлэдэг байгууллагууд хариуцан ажилладаг л даа.

За өнөөдрийн байдлаар манай энэ бүх мэргэжлийн байгууллагууд энэ жилийн тухайд яг байгаа үлдэгдэл нь хэд байна гэвэл Давс 1773 тонн, Тусгай зориулалтын бодис 1476 тонн үлдсэн байгаа юм. За энэ бол ямартай ч эхний нэг хоёр сардаа хангалттай хүрэлцэх хэмжээ гэж тооцоолж байгаа бол цаашдаа бид нар бас нөөцөө авах үүднээс Засаг даргын нөөц хөрөнгөнөөс бид нар 350 сая, Нийслэлийн төсвөөс 550 сая, нийлээд бол үндсэндээ бид нар 800 гаруй сая төгрөгөөр 900 гаруй тонн тусгай зориулалтын бодисыг ОХУ-аас наашаа ачигдаад ирж байгаа юм.

Дээр нь бид нэмж 300 гаруй тонн тусгай зориулалтын бодис авахаар гэрээ хэлцлийг ном журмын дагуу хийж байгаа болно. За дүүргүүд бол шаардлагатай хэмжээнийхээ хариуцсан зам талбайнхаа хэмжээгээр бас нэмж тусгай шийдвэр тогтоол гаргаад давс, бодисоо татаж авахаар болоод, нөөцлөөд байж байгаа юм.

Ер нь Улаанбаатар хотын Хот тохижилтын газрын хэмжээгээр бол бидний зүгээс дээрх 383 км замын нийтдээ 55 орчим зам замын байгууллагуудын  цас, мөсний болон хог шавхайг Хот тохижуулах газар цэвэрлэж янзалдаг л даа.

-За тийм байж. Тэгэхээр Хот тохижуулах газрын үүрэг хариуцлага нэлээн их байдаг байх нь ээ дээ?  

-Тийм л дээ. Ер нь бол хот тохижуулах газар өнгөрсөн жилийн байдлаар бол 22-23 удаагийн их бага цасыг цэвэрлэсэн байгаа юм. Ингэхэд зөвхөн зам, замын байгууламжийн зорчих хэсгийн тэрхүү цасыг Тусгай зориулалтын бодисоор хайлуулж цэвэрлэхэд 1945 тонн тусгай зориулалтын бодис хэрэглэсэн тооцоо, дүн гарсан байгаа юм. Тэгвэл энэ жилийн тухайд цас их орох давтамжтай болж байгаа тул үүнийгээ нэмээд зөвхөн хот тохижуулах газрын хэмжээнд 2000 гаран тонныг бэлдэе, цааш нь дүүргүүд, алслагдсан зам цэвэрлэдэг энэ чиглэлийн хувийн хэвшлийн замын байгууллагууд, ТҮК-үүд өөр өөрсдийнхөө хэмжээгээр давс, тусгай зориулалтын бодисоо нөөцөлж байна. Жишээлбэл манай энэ Нисэх, Хан-Уул, Биокомбинатын чиглэлийн зам талбай цэвэрлэдэг Эко-Бахманд гэж байна. Энд гэхэд л давс 111 тонн, тусгай бодис 40 тонныг өөрийнхөө хариуцсан зам, замын байгууллагын хэмжээнд нөөцөлчихсөн хэрнээ цас нэмж орж магадгүй гэж үзээд дахиад мөн тэр хэмжээний бололцоогоороо давс, тусгай зориулалтын бодис нөөцөлж байх жишээтэй. За эдгээрийн гол ололт нь юу байна гэхээр бид нар урьд жилүүдэд бол Улаанбаатар хотын бүх зам, замын байгууламжуудыг Хот тохижилтын газар хариуцдаг байсан л даа. Хот тохижилтын газар урьд нь Улаанбаатар нэгж гэсэн том айл байсан юм. Тэндээ 1800 орчим хүнтэй том газар байж байгаад өнгөрсөн 2016-2017 онд нэг байгууллага гурав хуваагдаад Хот тохижилт, Авто зам засварын газар, Геодизийн газар гэж салаад Хот тохижилтын хүн хүч, машин механизмын хувьд багасаад явчихсан.

Тэгэхээр нь бидний зүгээс хотынхоо замуудаас гол замуудаа өгөөд, алслагдсан замуудаа энэ чиглэлийн хувийн хэвшлийн байгууллага, дүүргүүдэд хуваагаад өгсөн л дөө. Үүний үр дүнд манай иргэд, хүмүүс нэлээн анхаарсан байх. Цас оронгуут бид ерөөсөө дор дор нь олон байгууллагууд зэрэг шахуу гараад хуваарьтай газруудаа цэвэрлэдэг, томоохон үр дүнтэй болсон л доо. Хоёрдугаарт энэ чиглэлийн хувийн хэвшлийн байгууллагууд нөгөө хөрөнгө оруулалтуудаа хийх бололцоотой болсон. Яагаад гэвэл урьд нь бид нар төдийлөн оролцуулдаггүй байсан бол бид өнгөрсөн жилээс эхлүүлээд тэр хариуцсан замыг нь зун, хавар намар дөрвөн улиралд бүх замын цэвэрлэгээг төсөвтэй нь хуваарилж өгөөд, тэгээд тэд тогтмол орлоготой, ажилтай учраас нөөцөө бүрдүүлээд ажиллаад байх бололцоотой, хүн хүч, машин техниктэй болцгоочихсон.

Нөгөө нэг асуудал бол бид нар ажилчдынх нь хөдөлмөр хамгааллын хувцас, ялангуяа өвлийн хувцас, дээр нь машин механизмынх нь бүрэн бүтэн байдал, мөн тусгай зориулалтын бодисонд тохиргоо их чухал гэдгийг ихээхэн анхаардаг. Тохиргоо байхгүйгээс болоод магадгүй 2-4 тоннын тусгай зориулалтын бодис ачсан машины тохируулга буруу л байх юм бол тэрхүү 2-4 тонн бодисыг 3-4 минутын дотор л бүгдийг нь цацаад хаячихдаг жишээ маш олон байдаг. Тэгэхээр тэрхүү бодисын тохируулга маш чухал гэдэг нь цаанаа нөгөө үр ашигтай, хүртээмжтэй байх зэрэгт ихээхэн чухал гэдэг нь ойлгогдож байгаа юм.

Тэгэхээр бид энэ талаар өнгөрсөн мягмар гарагт хийсэн хурлаараа нийтдээ 27-28 мэргэжлийн байгууллага, 9 дүүргийнхээ мэргэжлийн хүмүүстэй ярилцаж, үүрэг даалгаврыг нь өгсөн байгаа.

-Тусгай зориулалтын бодисын тохируулга ихээхэн чухал гэдэг нь таны ярианаас ойлгогдлоо. Гэтэл явж байгаад харахаар ТҮК-ийн ажилчид тэр бодисоо хүрзээр л цацаж байгаа харагддаг л даа. Ер нь тийм стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж, машин механизмууд аль хэр байдаг юм бол?

-Хот тохижилтын газар болон зарим гол дүүрэг, жишээлбэл Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн төрийн болон Орон нутгийн өмчтэй аж ахуйнууд, хуучнаар төрийн ТҮК-үүдэд бол портер дээр юмуу, эсвэл нөгөө 5 тоннын Камаз дээр солиод, зун болохоор усалгааны машин хийчихдэг л дээ. Өвөл болохоор дээр нь нөгөө бодисоо ачдаг тусгай зориулалтын машин байдаг л даа. Тухайлбал саяын нэр дурдагдсан дүүргүүдэд бол 6-7 машин бий. Харин бусад алслагдсан Биокомбинат, Баянхошуу чиглэлүүдэд яах аргагүй хүрдэхээс өөр арга байдаггүй.

Өнөөдөр хотын удирдлагын зүгээс яаж байна гэхээр ялангуяа төв зам дээр машины тэвшин дээр ачаад явах ийм аргаар биш, нөгөө бэлтгэгдсэн машин дээр, харин байхгүй бол машин дээр зориулалтаар нь тоноглоод хийхээр гайгүй үр бүтээлтэй болно л гэж үзэж байгаа. Ялангуяа Улаанбаатар хотод ийм хэдэн машин тоноглоод, төв хэсгийнхээ 6 дүүрэг, Улаанбаатарынхаа гол замуудын цас мөс, халтиргаанд зориулсан машинууд бэлтгэн гаргаж давс, тусгай зориулалтын бодисуудаа цацна шүү гэдгээ нэлээн шийдвэртэй ярилцсан байгаа.  

Дээр нь 2016 оны өвөл би өөрөө Хот тохижуулалтын газрын даргатайгаа Яармагийн замд хамт явж тохируулгыг хийж байсан. Тэр чинь ер нь маш нарийн тохируулгатай байдаг л даа. Жишээлбэл нэг хэсэг газар яваад л зогсдог. Дахиад явж байгаад л зогсоно. Энэ хоорондох интервал нь нөгөө дугуйныхаа эргэлтээр зохицуулан асгахгүй нэг дор бүгдийг нь асгачихангуут л тэр нь дуусчихдаг л даа. Уг нь тэр чинь хоорондоо хэдэн метрийн зайтай хүчээр шүршээд, дараа нь пауз аваад шүршихээсээ хамааруулан тохируулгаа хийгээд явдаг. Энд бол мэдээжийн хэрэг ажилд хандах хандлага, техникийн сэтгэлгээ, хариуцлагын асуудал их чухал байдаг л даа. Тэгэхгүй бол өгсөн 4-5 тонн тусгай зориулалтын бодисыг 100 хүрэхгүй метр газарт цацчихаад ороод ирвэл тэр нь ямар ч үр дүнгүй хий хоосон зардал гарч, хайран юм болноо доо.

-Давс, тусгай зориулалтын бодисыг нэлээн ярилаа. Энд технологи их чухал байдаг байх л даа?

-Энд ихэнх нь урд зүгийн Хятадуудын технологи байдаг л даа. Урд нь байсан хотын удирдлагууд  хямд үнэтэй  гэдгээр нь тэдгээр бодисуудын ихэнхийг Хятадаас авчирч байсан юм билээ. Харин бид нар бол ОХУ-ын Новосибирск, Эрхүүгээс Монгол орны Байгаль, цаг уурын дасан зохицох чадварт нийцтэйгээс гадна, маш өндөр концентрацид халуунаа барьдаг, магадгүй өвлийн хүйтэнд Яармагт шөнөдөө -30-40 градус хүрч байхад зохицолдоо сайтай бодисууд оруулан ирж байгаа юм. Харин концентраци султай бодисыг зам дээр цацвал өвлийн хүйтэнд өөрөө аяндаа дулаан ялгаруулж чадахгүй учраас, хүйтэнд гөлийгөөд хөлдчихдөг гэмтэй байдаг юм. Тэгээд дээр нь дугуйнуудын эргэлтээс гарсан дулааны үйлчилгээнээс хамааран өндөр концентрацитай, чанартай бодис цацвал зам мөстөн хөлдөж, халтиргаа гулгаа үүсдэггүй сайн талтай байдаг л даа.

Яг тэр сайн чанарын бодисыг зориулалтаар нь цацвал цасаа хайлуулаад, дээр нь халуунаараа ууршаад, дугуйнуудынхаа эргэлтийн давтамжаар хүйтэнд дулаанаа бариад байдаг үйлчилгээтэй бодисууд оруулан ирж байгаа юм. Тийм болохоор эдгээр бодис нь бас өртөг өндөртэй байдаг. Энд мэдээж мэргэжлийн байгууллагууд дандаа зохих тендер шалгаруулалтын дагуу хийж байгаа юм. Гэтэл саяхан ОХУ-д рублийнх нь ханш өсчихлөө. Тийм болохоор энэ жил бид нар нэг тонн тусгай зориулалтын бодисыг хамгийн бага үнийн санал буюу 550 төгрөгөөр л оруулан ирж байгаа юм. Гэтэл бага үнийн саналын дагуу чанар муутай бодис ч ороод ирэхийг үгүйсгэх аргагүй болчихдог гэмтэй.

Тийм болохоор ч цаанаасаа албан ёсоор лаборторын шинжилгээ, үйлдвэрийн бичигтэй тийм л тусгай зориулалтын бодисуудыг бид нар ОХУ-аас оруулан ирж байгааг хэлэх ёстой.

-Саяхан ЖДҮДС-аас 1.4 тэрбум төгрөгийг салгаад авчихсан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцорч байсан. Тэрэн шиг үйл явдал л битгий давтагдаасай билээ. Та ер нь тэр талаар санхүүжилтүүдээ “Шилэн данс” байлгаж, хяналт шалгалтыг зохих ёсоор нь явуулж чадаж байгаа юу?

-Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны бүх л сайтууд нь цахим сайтууд болохоор гарч байгаа бүх л төсөл арга хэмжээ, тендер, худалдан авалтууд гээд бүх зүйл их нарийн. Тэр байтугай манайх АТГ-ын байнгын хяналт шалгалт дор, өдөр тутам гарч байгаа нэг үйлчилгээ бүр дээр, тодруулбал 5 сая төгрөгөөс дээш үнэлгээтэй гарч байгаа бүх л үйлчилгээнүүд цахим сайт дээр гараад явдаг. Тэгэхээр бүх л үйл ажиллагаа маш тодорхой баримттай байгаа. Миний хувьд бол тусгай зориулалтын бодисууд дээр ялангуяа Хот тохижилтын газар дээр, замын байгууламжуудынхаа цас мөсний шаардлагатай давс, бодисууд дээр хуулийн дагуу тендер зарлаад л шалгарсан байгууллага нь бичиг баримтаа албан ёсоор бүрдүүлээд л өгдөг. Тэр байтугай би чинь энэ цас мөсний давс бодисуудад их харам байдаг л даа. Өөрөө явж тохируулгыг нь нарийн үзэж хянадаг. Манай зарим хүмүүс ялангуяа Замын цагдаагийн зохицуулагч нар ялангуяа өгсүүр болон уруу газрууд дээр магадгүй шөнөжин цас ороод нөгөө ТҮК-ийнхэн гарч цэвэрлэхгүй байх хооронд замын хөдөлгөөн ихсээд явчихдаг. Тэгэнгүүт нөгөө Замын цагдаагийн зохицуулагч нар чинь Шуурхай удирдлагынхаа төв рүү мэдэгдээд яг нөгөө чигээ аваад гүйцэтгээд явж байсан тусгай бодисуудыг өөр чиг рүү, яг өөрийнхөө хариуцсан талбай постон дээр цацуулаад явчихдаг гэмтэй.

Тэгэхээр энд бол 2016 онд тушаал гаргаад “Зам замын байгууллагууд цас мөсөө цэвэрлэх менежментийг яаж явуулах талаар” нарийн чиглэл гаргасан л даа. Тэгэхээр ерөөсөө цас оронгуут л тэр зорчих хэсгийн цасыг л машины дугуйн нөлөөгөөр дагтаршиж, нягтруулахгүйгээр түүнд зориулагдсан шотктой машинууд яаралтай цэвэрлэчих шаардлагатай юм л даа. Түүний дараа зэрэгцээд нуухаа аваад яг энэ үед нь явган хүмүүсийн замыг цэвэрлээд явдаг нарийн графикыг бид гаргаж өгсөн байгаа. Хоёрдугаарт өглөө ялангуяа Нийтийн тээвэр, автобуснуудын хөдөлгөөн ид оргил цаг үед манай зарим дүүргийн замын цэвэрлэгээний хүмүүс замын нэгдүгээр эгнээгээр тэргээ түрээд цас мөсөө цэвэрлээд яваад байдаг л даа. Тэгэхээр ид ачааллын үед бид нар ялангуяа зуны цагт бол хэдэн цагт замаа цэвэрлэх ёстой юм, өвөл нь яах юм гэдгээ маш нарийн гаргаж, энэ чиглэлээр Засаг даргын захирамж гаргаад бүх хүмүүстээ үүрэг даалгавараа өгөөд, хамгийн гол нь манай дүүргүүдийн ТҮК, хот тохижилтынхон энэ чиглэлийн ажилчдаа өглөө хаанаас авах юм, тэгээд ч ажилчдынхаа нийтийн тээвэрлэлтийг ч бас зохицуулах шаардлагатай болж байгаа юм.

Энэ чиглэлээр бид зарим нэгэн санхүүжилт дээр нь шаардлагатай шатахууныг нь ч гаргаж өгье гэж байгаа. Ингэснээрээ бид өглөө эрт хөдөлгөөн идэвхжихээс өмнө, цас орохоос өмнө замаа цэвэрлэдэг горимд шилжихгүй бол болохгүй нь ээ л гэж дүгнэж байгаа юм.

-Цахилгаан станцуудын энэ өвлийн нүүрсний нөөц хэр хангалттай бэлтгэгдэж, нөөцлөгдсөн бол?

-Өнгөрсөн 10 дугаар сарын 2-ны Засаг даргын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг оруулахад ер нь манай дулааны 2,3,4, Амгалангийн Цахилгаан станцуудын нүүрс нөөцлөлт нь доод тал нь 14-21 хоногийн нөөцтэй байсан л даа. Харин өнгөрсөн мягмар гарагийн хуралд бүх л Цахилгаан станцын хүмүүсээ цуглуулаад тэр талаар дүгнэхэд хамгийн багадаа 21 хоногоос цаад тал нь нэг сарын нөөцтэй болсон байсан. Ер нь Эрчим хүчний сайдын өгсөн норм нормотивоор бол нэг Цахилгаан станц нь доод тал нь 21 цаад тал нь 31 хоногийн хооронд л нүүрсний нөөцтэй байх ёстой юм л даа. Тэгвэл өнөөдөр бид нар 21-31 хоногийн нөөцтэй байгаа учир сая нэр дурдагдсан Цахилгаан станцуудын нүүрсний нөөц хангалттай хэмжээнд байгаа гэж л дүгнэж байгаа юм.

-Цахилгаан станцуудаас гадна Нам даралтын зуухнууд, жишээлбэл Баянзүрх дүүргийн зарим нэгэн хотхонууд дулаанаар хангалттай сайн хангагдахгүй байгаа талаар мэдээлэл явж байсан. Үүнийг яаж зохицуулахаар ажиллаж байна?

-Улаанбаатарын Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын тогтоолын дагуу Улаанбаатар хотод энэ жил 68 Нам даралтын халаалтын зуухыг Төвлөрсөн дулаанд холбох үүрэг даалгавартай байснаас бүгд холбогдсон л доо. Ирэх жил бид нийтдээ 70 ийм Нам даралтын уурын зуухыг Төвлөрсөн дулаанд холбоно. Энэ бүгд нийлээд агаарт хэдий хэмжээний нүүрс шатаалтыг багасгах нь тодорхой болно л доо. Зүгээр өөрийн тань асууж байгаагаар бол Баянзүрх дүүргийн 4-р хороо буюу Хил хамгаалах газрын хойд тал, Их засаг Их сургуулийн баруун талд байдаг "Глоб" гэдэг байгууллага нь 2004 онд барьсан Амины орон сууцтай байдаг л даа. Тэгээд сүүлд нь Хэрэглээний шугамнаас нь 3-4 айл нэмэлт аваад тэгээд ачаалал нь хэтэрсэн байдаг юм.

Тэгээд үүний дагуу манай Эрчим хүчний хөгжлийн төв Ерөнхий  захиалагчаар нь ажиллаад тэдний тендерт шалгарсан байгууллага энэ Нам даралтын уурын зуухыг Төвлөрсөн дулаанд холбох ажлыг хийсэн байдаг. Гол хүндрэлтэй асуудал нь юу байсан бэ гэхээр энэ уурын зуухын шугамын тодорхой хэсэг нь хувь хүний өмчинд байсан л даа. Тэгээд тодорхой хугацааны дараа тэр хүн гарч ирээд “Иргэн миний өмч дээр та нар дур мэдэн холболт хийсэн байна. Тийм учраас энэ холболтыг би хийлгэхгүй” гээд бүх шугам хоолойг нь хаачихаад байсан. Тэгээд түүнийг манай Захирагчийн Ажлын албаны байгууллага олон талаас нь авч үзээд сая өнгөрсөн 10 дугаар сарын 26-нд тэр байрны 150 гаруй айлын Эрчим хүчний холболтыг бүрэн хийгээд өнгөрсөн лхагва гараг буюу 10 сарын 31-нд тохируулга ашиглалтыг бүрэн хийж дуусгаад эдгээр айлууд бүгд цахилгаан, дулаанаар хангагдсан байгаа.

Харин надад 31-нд Албан ёсны бичиг баримт ирсэн нь “Баянзүрх дүүргийн 4-р хороо, Сансар хотхоны хэдэн өрх Төвийн дулаанд холбогдсон ч гэсэн дулаангүй олон хонож байна. Мөн хэрэглээний халуун усгүй байгааг шийдэж өгөач” гэсэн байсан л даа. Тэгээд үүнийг нь судлаад үзэхээр манай Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газар ашиглалтыг нь хариуцдаг юм билээ л дээ. Харин тэр хавийнхан 2017 онд Төвийн эрчим хүчтэй холбогдсон байсан л даа. Гэтэл эдгээр айлууд нь Ус сувгийн Удирдах газарт 1.6 сая төгрөгийн хэрэглээний зардал төлөөгүй байсан. Тэгээд төлбөрөө төлөөгүй болохоор нь Орон сууцны Удирдах газрынхан хэрэглээг нь хязгаарласан асуудал үүсчихсэн байдаг.

Тэгээд бид нар энэ асуудлыг газар дээр нь үзэж хараад ямар ч гэсэн эхний удаа тэрхүү төлбөрийг нь графикын дагуу бага багаар нь төлүүлэх, тэр хооронд нь дулааныг нь өгүүлэх чиглэлээр төрийг төлөөлж Орон сууцны Удирдах газар болон Сансар хотхоны эдгээр хэдэн айл, манайх гурав тохиролцоод ажиллаж байгаа болно. За ер нь үндсэндээ Улаанбаатар хотод өөр ямар нэгэн байдлаар халаалтаа аваагүй, хэрэглээний халуун ус байхгүй ийм хэрэглэгч айл өрх болон албан байгууллага өнөөдөр байхгүй юм.

-Орон сууцны конторын тухай ярихаар СӨХ-ийн асуудал бас яах аргагүй босоод ирдэг. Өөрөөр хэлбэл СӨХ-д мөнгө төлөөд байдаг, гэтэл Орон сууц нийтийн аж ахуйн конторт бас л мөнгө төлөх шаардлагатай байдаг. Үүнийг хариуцах эзэн нь хэн бэ гээд, тэр дунд иргэд давхар мөнгө төлөх асуудал үүсээд байдаг л даа. Үүнийг ер нь яах вэ?
-За нийт Орон сууцыг 100 хувь гэж үзэхэд 53 хувь нь буюу 53 орон сууц нь манай Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газар буюу тоймлож хэлбэл төрийн мэдлийн, Орон нутгийн өмчийн газрын мэдлийн ашиглалт хариуцсан мэдэлд байж байдаг. Тэр Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газар бол энэ 53 хувийн Ашиглалтынх нь бүх зардлыг дулаан, цахилгаан, халуун усыг шууд дамжуулаад хэрэглэгчид рүүгээ оруулдаг л даа. Тэрнийхээ төлбөрийг л айлуудаасаа аваад эргээд цаад ус, дулааны газрууддаа дамжуулдаг юм л даа. Тэгэхээр одоо тусгай зөвшөөрөл бүхий ийм байгууллага гэж ойлгож болно. Харин нөгөө 43 хувь нь бидний ярьдгаар хувийн Орон сууцны контор, СӨХ-үүдэд байдаг байхгүй юу. Эдгээр нь Орон сууцны Удирдах газарт хамаарал байдаггүй, Монголын өмчлөлийн холбооны гишүүн бус гэж явдаг. Харин энэ чиглэлийн Хувийн орон сууцны Мэргэжлийн холбоо, Хяналтын холбоо гэсэн хоёр холбоонд хамаарагддаггүй, тус тусдаа биеэ даагаад явдаг. Тэгсэн хэрнээ Тусгай зөавшөөрөл байдаггүй.

Эрчим хүчний тухай хуулиар бол 10 гектар дулаанд хүрсэн ийм хэрэглэгч байгууллагууд дээр бол Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс  Эрчим хүчний хуулийн дагуу дулааны зөвшөөрөл өгдөг л дөө. Тэгээд тэрхүү зөвшөөрөл авсан дулаанаа эдгээр айлуудаар дамжуулах гэрээгээ хийдэг байхгүй юу.

Гэтэл эд нар нь 10 гектар хүрэхгүй байсан л даа. Иймэрхүү байрууд бол 2016-2018 онуудад бол 500 гаруй байсан л даа. Үүнийг манайх холбогдох байгууллагуудтай хамтраад 30 болгон цөөрүүлсэн юм. Яагаад гэвэл бүгдийг нь хооронд нь нэгтгээд хүчин чадлыг нь томруулаад, тэгээд 10 гектарт хүргээд, Мэргэжлийн байгууллагуудынх нь уялдаа холбоог сайжруулаад ингээд тийм үр дүнд хүрсэн юм. Одоо үлдсэн 30 байгууллага  нь өнгөрсөн есдүгээр сарын эхээр Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрлөө авах гээд материалаа өгчихсөн байна лээ. Үүнээс шаардлага хангасан нь маш цөөхөн, шаардлага хангахгүйд нь энэ жил өгөхгүй гэхээр цаана нь байгаа олон Орон сууцны хэрэглэгч нарт Тусгай зөвшөөрлийг нь өгөхгүй бол дулаан болон усаа авч чадахгүй л дээ.

Тэгэхээр бид тэд нарыг тусгай зохион байгуулалтанд оруулаад “Ямар ч гэсэн ирэх жил танай дээр хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу ийм ийм байрууд шинээр нэмэгдэх юм байна. Ингээд нэмэгдэхээр танайх 10 гектарт хүрэх юм байна. Тэр хүртлээ та нар одоо байгаа Тусгай зөвшөөрөлтэй Доржийнхтойгоо нийлээд үйл ажиллагаа явуулж бай. Та нар харин хариуд нь энэ айлаасаа тодорхой хэмжээний шимтгэлээ аваад түүгээрээ ашиг орлогоо тооц" гэсэн ийм нарийн зохицолдоог хийсний хүчинд өнөөдөр бид Тусгай зөвшөөрөлгүй тэгээд хэрэгцээг хангаж байгаа Хувийн Орон сууцны контор, СӨХ байхгүй байгаа юм л даа. Харин ч бидний зүгээс өнгөрсөн 2017-2018 онуудад Хувийн Орон сууцны мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэх, уялдуулах зохицуулах, Эрх зүйн орчинг нь боловсронгуй болгох, төрөөс хамтран ажиллах уялдаа холбоо сайжирсаны үр дүнд бид Хувийн Орон сууцны мэргэжлийн Холбооны дор хамаарч байдаг олон СӨХ-үүдийн дунд Дуудлагын нэгдсэн төвийг сая 10-аадхан хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн Содон хороололд байгуулж өгсөн байгаа.

Одоо тэр төв яасан гэхээр тэдгээр хамаарал бүхий айлаас ямар нэгэн инженерийн халуун хүйтэн усны дуудлага өгөхөд тэр нэгдсэн төвөөрөө дамжуулаад дуудлагыг хэрхэн барагдуулав, чанар нь ямархуу болсон бэ, хаана хаана дуудлага ирсэн зэргийг нь бүгдийг нь цахим сүлжээнд холбоод нэгтгээд авдаг болсон. Одоо Улаанбаатар хотын Орон сууцнуудын 53 хувь нь манай Орон сууцны Удирдах төвд хамааралтай бол үлдсэн 47 хувийнх нь 23 хувь нь саяын манай дуудлагын төвд хамаарагддаг болсон. Харин үлдсэн 20 орчим хувь нь хамрагдаж байгаа СӨХ, конторуудаа бид ирэх жил мэргэжлийн байгууллагуудтайгаа хамруулж, уялдуулсаны үр дүнд ингээд бүх л Орон сууц нийтийн аж ахуйн газрын Тусгай зөвшөөрлөөр ус, дулаанаа түгээдэг, зохицуулдаг бүх зүйл нь төрийн нэгдсэн үйлчилгээнд хамрагдаж, хяналттай болно гэж бид ажиллаж байгаа болно.

-За одоо өвлийн эхэн сар эхлэхэд долоо наймхан хоног үлдлээ. Гэтэл Улаанбаатарын зарим газарт Гэрэлтүүлгийн байдал тун тааруухан, базаахгүй байна. Үүнийг хэрхэн сайжруулах вэ. Өвөл болж байхад хаа сайгүй харанхуй газрууд их байна л даа?

-Улаанбаатар хотын 383 км-ын урттай төв болон Орон сууцны хорооллууд дундах замууд дээр 90 мянган ширхэг Гэрлийн шон байж гэмээнэ Улаанбаатар хот өнөөдрийн шаардлагын хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, иргэдийн аюулгүй байдал хангагдах болно гэж үздэг юм л даа. Гэтэл одоо хөрөнгө санхүүгээсээ шалтгаалан 55-60 мянган Гэрлийн шон байгаа юм. Тэдгээр нь төв зам, дүүргүүдийн Засаг дарга хариуцсан, тэдэнтэй гэрээ хийсэн Орон сууцны хороолол дундах замууд, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар, УИХ-ын гишүүдийн тойрог, гэр хорооллууд дундах гэрэл гээд бүгд нийлээд 60 орчим мянган гэрлийн шон байгаа юм л даа. Үүн дундаас Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба хариуцсан нь төвийн 6 дүүргийн гол гудамжнуудаа манай Гэрэлтүүлгийн компани хариуцдаг юм. Харин Орон сууцнуудын дундах болон Гэр хорооллынхыг нь дүүрэг нь хариуцдаг юм. Одоо тэгээд хаана гэрэлтүүлэг нь хүндэрч байна гэхээр Орон сууцнууд дундах гэрэлтүүлгүүд, Гэр хорооллын дундах гэрэлтүүлгүүдийн асалт, ашиглалт, засвар үйлчилгээ нь доголдоод байгаа юмаа.

-Яагаад тэр вэ?

-Тэр талаар тодорхой хэлбэл өнгөрсөн хоёрдугаар сард энэ асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулаад менежментийг нь өөрчилсөн юм л даа. Яагаад гэвэл гэрэлтүүлгийн мэргэжлийн байгууллагууд байдаг л даа. Гэтэл нэг сонгууль болохоор л нэг дарга, нэг УИХ-ын гишүүн гарч ирээд л нөгөө мэргэжлийн байгууллагуудыг өөрчлөөд хаячихдаг. Тэгээд сая Засаг даргын захирамжаар тэрхүү мэргэжлийн байгууллагуудтай шууд гэрээ хийдэг гурван талтай болгосон. Ерөнхий менежер нь, Засаг дарга, тухайн аж ахуйн нэгж хийнэ гэсэн гурван талын гэрээ хийхээр эрх биш сонгууль болгоноор мэргэжлийн байгууллагуудыг өөрчлөөд байж чадахгүй байх болов уу. Хоёрдугаарт яг энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагуудад хөндлөнгийн хяналт тавихад шаардлагатай хоёр хувийн санхүүжилтийг нь олгохоор болсон байгаа. Ирэх жил буюу 2019 онд бид нар “Улаанбаатарын гэрэлтүүлэг” аяныг зохион байгуулахаар болж байгаа.

Өнөөдөр Улаанбаатарын гэрэлтүүлэг бол 96-97 хувьтай байгаа юм.

-За та бид хоёрын ярилцлага өндөрлөж байна. Таны хойшдын ажилд амжилт хүсье?

-За хичээх болно оо. Дэлгэрэнгүй ярилцлага авсан өөрт чинь баярлалаа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.