Засгийн мэдлийн 22 санд шалгалт оруулахаар болжээ...

Twitter Print
2018 оны 11-р сар 01-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

Өчигдөрхөн ЖДҮДС-аас 1.4 тэрбум төгрөгийн зээл авч дөнгөсөн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг сайдын ажлаа хүлээлгэж өгөөд, төрийн ордноос явж одсон билээ. Мэдээж Б.Батзоригийн араас улстөрийн хариуцлага хүлээж сайдын суудлаасаа буух, улстөрийн хариуцлага хүлээх учиртай УИХ дахь МАН-ын Бүлгийн олон товариш байгааг ард нийтээрээ л мэдэрч, хүлээж байгаа нь ойлгомжтой болчихсон. Мэдээж ЖДҮДС-тай нийлээд Засгийн газрын мэдэлд 22 сан байдаг нь тодорхой болсон баримт билээ.

Өчигдөр болсон УИХ дахь МАН-ын Бүлгийн хурлаас УИХ-ын Төсвийн байнгын хороонд Засгийн газрын тусгай сангуудыг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргасан гэдгийг Бүлгийнх нь дарга Д.Хаянхярваа мэдээлж байсан. Ажлын хэсгийг МАН-ын Бүлгийн дараагийн хурлаар байгуулах бөгөөд Засгийн газрын мэдэлд байдаг сангуудын үйл ажиллагааг шалгах юм гэсэн. Учир нь сангуудын ард дандаа хөрөнгө, мөнгө, санхүүжилттэй холбоотой асуудал байдаг учраас ийнхүү шалгалт хийхээр болоод байгааг ч МАН-ын Бүлгийн дарга мэдүүлсэн. Ингээд Засгийн газрын мэдэлд байдаг тэдгээр 22 сангийн нэрийг дурдая гэж бодлоо. Эдгээр 22 санд Байгаль орчин, уур амьсгалын сан, Эрсдэлийн сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Дархлаажуулалтын сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Засгийн газрын нөөц сан, Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Соёл, урлагийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Тариаланг дэмжих сан, Улсын авто замын сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Зэвсэгт хүчний хөгжлийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Инновацийн сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Спортыг дэмжих сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан зэрэг 22 сан үйл ажиллагаа явуулж, тодорхой хэмжээний зээлийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгодог бололтой юм.

Гэтэл ЖДҮ-ийг хөгжүүлж, экспортыг орлох бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх гээд нойр хоолоо умартан зүтгээд ч тэрхүү ЖДҮДС-ын хөрөнгө, мөнгөнөөс зээл авч чаддаггүй жирийн иргэд хэдэн мянгаараа бужигналдаж байхад Засгийн газрын мэдлийн дээрх 22 санг дампууруулж, юу ч үгүй хоосруулчих шахан тэрбум тэрбумаар нь зээл авчихсан МАН-ын эрх мэдэл бүхий этгээдүүдтэй хатуухан хариуцлага тооцох цаг нь болчихжээ. Энд мэдээж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэмээгч энэ товариш давын өмнө харъяалагдах учиртай санагдана. Учир нь тэрээр өөрийн мэдлийн “Жи Пи Эм” гэгч ХХК-д ЖДҮДС-аас багагүй зээл аваад өгчихсөн нь нэгэнт тодорхой болчихоод байгаа юм.

Ингээд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос томилогдох Ажлын хэсэг Засгийн газрын мэдэлд үйл ажиллагаа явуулдаг олон төрлийн 22 сангийн хөрөнгө мөнгө, олгосон зээлүүдийн талаар маш сайн нягтлан шалгаж гэм нүгэлтнүүдийн нэрсийг даруйхан олон нийтэд мэдээлвэл зохилтой санагдана. Тэгж чадвал Засгийн газрын мэдлийн дээрх 22 санд чухам хэн гэгч, ямархуу нөхдүүд шуналын хүйтэн гараа лавхан дүрсэн нь тодорхой болох болов уу...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.