
Их Британийн Ерөнхий сайд хөл хорионы үеэр үдэшлэг зохиосондоо уучлалт хүсчээ Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусын халдварын тархалттай холбоотойгоор тогтоосон хөл хорионы дэглэмийн үед Даунинг-стрит дэх Ерөнхий сайдын эдлэнд үдэшлэг зохиосондоо уучлалт хүсчээ.
Сэтгүүлчдийн олж мэдсэнээр 2020 оны 5-р сард Англид хөл хорионы дэглэм үйлчилж, иргэдийг нэг дор олноороо цугларахыг хориглосон үед Ерөнхий сайдын эдлэнгийн цэцэрлэгт хүрээлэнд ойролцоогоор 30 хүн цугларсан үдэшлэг болсон аж.
Уг үдэшлэгт Ерөнхий сайд Борис Жонсон гэргийн хамт оролцжээ.
Их Британийн сөрөг хүчний намын тэргүүн Кир Стамер өмнө нь ийм алдаа гаргаж байсан Эрүүл мэндийн сайд, Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга нар албан тушаалаасаа огцорсон гэдгийг Ерөнхий сайд Борис Жонсонд анхааруулжээ.
Уг үйл явдалтай холбоотойгоор Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны нэр хүнд огцом унаад байна.
2021 оны 6-р сард YouGov судалгааны компаниас явуулсан санал асуулгаар Ерөнхий сайд Борис Жонсоны ажлыг сайшааж мөн эсэргүүцэж буй иргэдийг санал 50/50 хувьтай байсан бол өнөөдрийн байдлаар иргэдийн 71 хувь нь түүний ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Даунинг-стрит дэх Ерөнхий сайдын эдлэнд болсон үдэшлэг халдвар хамгааллын журмыг зөрчсөн эсэхийг тогтоох шалгалт явагдаж байгаа ч уг шалгалтын үр дүн юу гэж гарахаас үл хамааран Их Британийн сөрөг хүчнийхэн болон Борис Жонсоны намын зарим гишүүд түүнийг албан тушаалаасаа огцрох ёстой гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.