Багшаас, хүүхдээсээ дүн, медаль бүү нэх

Twitter Print
2019 оны 10-р сар 14-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

-Аав ээж, багш бид арга барилаа өөрчлөх хэрэгтэй-

Тэр тусмаа бага ангийнхан. Хүүхдийн ид хүнжих хөгжих нас. Үлгэр, өгүүллэг, шүлэг уншиж өгөөд (уншихгүй даалгаварт ч өгдөг) ухаангүй цээжлүүлээд маргааш нь буцааж асуухад хүүхэд бүрэн бүтэн сайн цээжилснээр үнэлдэг хэвээрээ л явна. Үүнд хүүхдийн жинхэнэ хөгжил оршихгүй ээ.

Хүүхэд уншсан зүйлээсээ эерэг тал, сөрөг тал, таалагдсан хэсэг, таалагдаагүй хэсгийг чөлөөтэй шүүмжлэлтэй байдлаар илэрхийлж, эргээд өөрийнхөөрөө ярьж чадаж байвал хөгжиж байна. Шүлэг дууг ч мөн адил бага насанд нь заавал яг таг цээжлүүлэх албагүй. Хүүхэд өөрийнхөөрөө өөрчлөөд уншиж л байг. Толгой холбож шүлэг, ая хэмнэлд тааруулж дуу гэдгийг ойлгож байвал хөгжил.

Энэ насанд тэр олимпиад энээ тэрээ бол хүүхдийг хүн ч биш робот ч биш ХЭН Ч БИШ болгоно гэдгийг ээж аав та ухаж сайн ойлгоорой. Багшаас, хүүхдээсээ дүн, медаль бүү нэх.

Минутын уншлага

Хүүхэд уншсанаа хэр ойлгож байгааг урамшуулахаас илүүтэй, минутад хэдэн үг хурдан уншиж байгаагаар үнэлэх.

Хурдан уншдаг болгохыг хүсвэл минутаар уншуулах биш насанд нь тохирсон үлгэр, өгүүллэгтэй номыг санал болгоод зүгээр л номд дурлуул. Гэр бүл дотроо түргэн хэллэг хэлэх, цагаан лонх тоолох зэргээр хөгжилтэй тоглоомууд тоглож бай. Хүчээр биш хүслээрээ хурдан уншдаг болох арга.

Багш бид үйлдвэрлэгч биш, өөрөөр хэлбэл олон төрлийн материалаар нэг л төрлийн бүтээгдэхүүн хийх биш. Багш бүр ДАСГАЛЖУУЛАГЧ баймаар байна. Хүүхэд бүрийн онцлогийг судалж түүнд тохирсон хөгжлийн түлхүүрийг тааруулах дасгалжуулагч.

Хүүхэдтэйгээ, орчин нийгэмтэйгээ хөл нийлүүлж өөрсдийгөө хөгжүүлцгээе. Ийм л хөгжлийн хөтөлбөртэй болоход "ТОМЧУУД"-д санал хүсэлтээ илгээцгээе.

Г. Төмөрзаяа

БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр, сэтгэл судлалын докторант

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.