МАН-ын бүлэг Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргалаа

Twitter Print
2018 оны 10-р сар 31-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, бүлгийн гишүүдийн олонхийн саналаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргалаа.

УИХ дахь олонхийн бүлэг ЖДҮ-ийг дэмжих сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэх үндэслэлээр энэ шийдвэрийг гаргажээ. 

Бүлгээс гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдад танилцуулж, огцруулах эцсийн шийдвэрийг УИХ-аас гаргах юм.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "УИХ дахь МАН-ын бүлэг үдээс өмнө хуралдаж хоёр асуудал буюу Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-ыг тараах асуудлаар өргөн барьсан зөвшилцөх бичиг болон ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийн асуудлыг хэлэлцлээ.

Тус намын бүлэг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдтэй хариуцлага тооцох ёстой гэж үзжээ. Улмаар зээл авсан хүмүүсийг зээлээ эргүүлэн төлж, хуулийн байгууллагаар шалгуулж, олон нийтээс уучлалт гуйх нь зүйтэй гэж үзсэн байна.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцож, сайдын суудлаас нь огцруулах асуудлыг өргөн барина гэдгээ бүлгийн хуралдааны үеэр мэдэгдсэн байна. 

Мөн тус намын гишүүд цаашдаа ЖДҮ-г хөгжүүлэх сангийн зээлийг арилжааны банкаар дамжуулах нь зөв гэдэгт санал нэгджээ. Тэрбээр мөн тус сангаас зээл авсан Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарт хариуцлага тооцохоо мэдэгдсэн байна. ЖДҮС-ийн зээлтэй холбоотой асуудлаар Үндэсний аюулгүй байдлын төвшинд зөвшилцөлд хүрэх ёстой гэж үзсэн" гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Зээл авсан УИХ-ын гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ?

-Үүнийг Ерөнхий сайдын хувьд үүрэг болгож, хариуцлага тооцно. Өөрийн хамаарал бүхий компаниудад зээл авч өгсөн нь өөрөө ёс зүйгүй үйлдэл. Нэр бүхий гишүүд зээлээ төлсний дараагаар хариуцлагын асуудал яригдана.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нийт хэдэн гишүүн зээл авсан бэ? Одоо ил болсон гишүүнээс өөр гишүүд бий гэсэн...  

-Бид хэвлэл дээр гарсан мэдээллийн хүрээнд мэдээлэлтэй байна.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх санд Сангийн яамнаас шалгалт хийсэн. Шалгалтын дүнтэй холбоотой бусад хүмүүст хариуцлага тооцох уу? 

-Шалгалтын дүн гарсны дараагаар холбогдох хүмүүст хариуцлага тооцно. 

-УИХ дахь АН-ын бүлгийн шаардлагыг хэлэлцсэн үү?

-УИХ дахь АН-ын бүлгийн шаардлагад УИХ-ын дарга хариу өгнө.

-Б.Батзориг гишүүн өөрийнх нь хамаарал бүхий компани биш гэсэн?

-Олон түмэнд ил болсон шүү дээ. Өөрийнх нь хамаарал бүхий компани болох нь тодорхой болсон.

-Ерөнхийлөгчийн саналд бүлгийн гишүүд ямар байр суурьтай байсан бэ?

-Ерөнхийлөгчийн хоёр үндэслэл бол УИХ-ыг тараах үндэслэл биш гэж гишүүд үзэж байна. ҮАБЗ-дөө зөвшилцөлд хүрэх ёстой. Цаашдаа Монгол Улсад аливаа асуудлыг шийдэхдээ зөвшилцлийн зарчим барих хэрэгтэй. Тэгэхгүй бол цаашдаа улс төрийн тогтворгүй байдал үүснэ.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд ийнхүү хариуцлага тооцдог юм байж. Концессоос зээл авсан гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ? 

-Энэ асуудлыг хэлэлцээгүй. 

-Б.Батзориг сайдад хариуцлага тооцсон юм чинь Я.Содбаатар сайдад хариуцлага тооцох уу? 

-Я.Содбаатарт хариуцлага тооцох талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх яриагүй. Б.Батзориг сайдад хариуцлага тооцох асуудлыг л ярьсан. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.9.89.18) 2018-10-31 15:34
      • 0
      • 0

      ЖДҮ-ийн сангаас зээл авах хүсэлтийг хэнч гаргаж болно. Хүсэлт гаргаад зээл авсан хүмүүсийг нэг их буруутгаад байх юм байхгүй. Зээлийг олгох эсэх шийдвэр гаргадаг байгууллага, албан тушаалтны хариуцлагын асуудал юм. Та ийм заалттай нийцэхгүй байна зээл олгох боломжгүй гээд болох юм шүү дээ. Харин ч зарим шударга хүмүүс зээлээ төлж байгаа нь саашаалтай. Уг нь зээлийг олгохдоо буруу шийдвэр гаргасан албан тушаалтан л буруутай шүү дээ. Тэднээр зээлийг төлүүлсэн ч буруутах юмгүй.Зээл авсан хүмүүс хуурамч бичиг баримт үйлдээгүй хулгай хийгээгүй болохоор буруу байхгүй юм л даа.

      Хариулах