Аяако гүнж энгийн иргэнтэй хуримлан хэргэм зэргээсээ татгалзлаа

Twitter Print
2018 оны 10-р сар 29-нд 14:42 цагт
Мэдээний зураг,

Японы гүнж Аяако сама, далайн шуудан тээврийн ажилтан Кэй сантай Токио хот дахь Мэйжи сүмийн Бурханы өргөөнд хуримын ёслолоо хийв. Хүрэлцэн ирсэн хүндэт зочдын өмнүүр аажуухан алхаж буй гүнж Аяако, сүйт залуу Кэй Мория нарын дүрс бичлэг Японы үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан байна. 

Энэ 30-ны өдрөөс эхлэн энгийн иргэнтэй хуримлан, язгууртны амьдралаар биш эгэл жирийн амьдрах сонголтоо хийж, “Ниппон Юсен” хөлөг онгоцны компанийн ажилтан 32 настай Кэй Морияг амьдралынхаа ханиар сонгососн Аяако сама “...Олон хүн өнөөдөр биднийг хүндэтгэн талархал, билэгдлийн үг хэлж байгаад туйлын аз жаргалтай байна. Та бүхэнд баярлалаа..." хэмээн ард түмэндээ бөхийн хүндэтгэл үзүүллээ.

Олон улсын сургуульд нийгмийн халамжийн чиглэлээр суралцсан Аяако сама үргэлжлүүлэн судалгаа шинжилгээний ажил хийх ажээ. Мөн үүнээс өмнө суралцахын хажуугаараа Канад-Японы нийгэмлэг болон, Тэнгисийн хөвгүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллаж байсан ажээ.

Эдүгээ 28 настай Аяако нь эзэн хаан Акихитогийн талийгаач үеэлийн охин бол түүний сүйт залуу Кэй Мория нь 32 настай, “Ниппон Юсен” хөлөг онгоцны компанийн ажилтан юм.

Аяако гүнж Хэйаны үеийн (794-1185 он) үс засалт, өмсгөлөөр гоёсон бол сүйт залуу нь өрнө дахины ёслолын хувцас өмсчээ. Сүйт залуу удалгүй өмсгөлөө сольсон байна. Хуримын ёслолын дараа гүнж "Би аз жаргалаар дүүрэн" байна хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. 

Японы эзэн хааны гэр бүлийн эрэгтэйтэй суусан энгийн эмэгтэй язгууртан болдог бол энгийн эрэгтэйтэй суусан гүнж язгууртны хэргэм зэргээсээ татгалздаг уламжлалтай. Аяокогийн хувьд эгэл жирийн хүнтэй гэрлэж байгаа тул Эзэн хааны гэр бүлийг орхиж явах ёстой юм.

Сүйт залуу Кэй Мория “Аяаког энгийн хүний амьдралд суралцахад нь тусалж чадна гэж найдаж байна” гэж хэлжээ. Мөн тэрээр “Бид гар гараасаа барилцаад хамтдаа бүтээж, аз жаргал бялхсан гэр бүл үүсгэхийг хүсч байна" хэмээн хэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Японы эзэн хаан Акихито гүнж Аяаког үдэж гаргах ёслол болсон юм. Эзэн хааны ууган ач охин мөн энгийн иргэнтэй 2020 онд гэрлэхээр төлөвлөөд байгаа аж.

Аяакогийн эцэг, ханхүү Такамадо 2002 онд нас баржээ. Японы засгийн газар гүнжийг энгийн амьдралд шилжихэд нь зориулж төсвөөс 950 мянга орчим ам.доллартай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гаргасан байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.