Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр тохиож байна

Twitter Print
2018 оны 10-р сар 31-нд 08:58 цагт
Мэдээний зураг,

БУРХАН БАГШ ТЭНГЭРИЙН ОРНООС ЗАЛАРСАН (ЛХАВАВ ) ДҮЙЧЭН

Намрын сүүл сарын шинийн 22-нд буюу 2018 оны 10-р сарын 31-нд "Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр" тохиож байна. Бурхан багш 33-н тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар Сүмжү-засүмжийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33-н тэнгэрийн орноос эргэж Замбуу тивд залран ирсэн хэмээдэг.

Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг, жилд тохиох дөрвөн их дүйчэн өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр" хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ.

Энэ хорвоод эрдэнэт хүмүүний төрөлд хүргэн элбэрэл хайраараа тэтгэн өсгөсөн ижий шиг ачтан хаа байх. Эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих өдөр. Ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд хичээх өдөр юм.

Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих , цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай.

Гавьж Даваанямын Лувсанжамц

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.