Өнөөдөр дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр

Twitter Print
2016 оны 03-р сар 24-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Дэлхий нийт энэ өдрийг сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж иржээ. Манай улс ч энэ өдрийг тэмдэглэн сүрьеэгийн хор уршигийг иргэдэд сурталчлан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг. Сүрьеэ өвчин бүрэн эмчлэгддэг боловч дэлхий нийтээр сүрьеэ өвчний улмаас жилдээ 1.7 сая хүн нас бардаг. Харин сүрьеэгийн халдвараар өвчилсөн шинэ тохиолдол жилдээ 9.4 сая бүртгэгддэг гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргажээ. Анх 1882 оны гуравдугаар сарын 24-ны өдөр доктор Роберт Коч сүрьеэгийн вирусыг анх илрүүлсэн байна. Үүнээс хойш зуун жилийн дараа буюу 1982 оны гуравдугаар сарын 24-ны өдрийг “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон зарласан байна. Дэлхийн хэмжээнд бүртгэгдэж байгаа сүрьеэгийн тохиолдлын тоо жил бүр нэмэгдэж байгаа ч нас баралтын тоо жилээс жилд буурч, эмчилгээний үр дүн өндөр байгаа аж.

Манай улсын нийт хүн амын 10 орчим хувь нь сүрьеэгийн халдвар авсан байдаг ба нийт тохиолдлын 80 орчим хувийг ид хөдөлмөрлөх насныхан буюу 15-49 насны хүмүүс эзэлж байгаа аж. Сүрьеэгийн илрүүлэлт, оношлогоо, эмчилгээний үр дүн 2010 оны статистик үзүүлэлтээр Номхон далайн Баруун бүсийн  хэмжээнд тавьсан зорилтуудыг биелүүлж  байгаа  боловч  сүрьеэ өвчний тархалт улсын хэмжээнд буурахгүй байгаа ба уг  өвчин нь  манай улсын хүн амын нас баралтын  шалтгааны  6 дугаарт орж, Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны тоонд тооцогдож байна. 2011 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварт өвчнүүдийн дотор сүрьеэ 9,3 хувь эзэлж байна. Шинээр илэрсэн сүрьеэгийн тохиолдлыг насаар  нь авч үзвэл 16-44 насныхан 69 хувийг эзлэж байгаа нь залуу, хөдөлмөрийн насны хүмүүс илүүтэй өвчилсөн байна. Хүйсний хувьд эрэгтэйчүүд 55 хувь, эмэгтэйчүүд 45 хувийг тус тус эзлэж байна. УБ хотод сүрьеэгийн шинэ тохиолдол 2206 бүртгэгдсэн нь улсын хэмжээнд бүртгэгдсэн  нийт шинэ сүрьеэгийн дотор  55,4 хувийг эзлэж байна.
 


Сүрьеэ нь сүрьеэгийн нянгаар халдварлагддаг халдварт өвчин бөгөөд ханиад томуутай адил амьсгалын замаар халдварлагддаг тул энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь өвчилж, үлдсэн ихэнхи хувь нь өвчлөлгүйгээр амьдралын туршид сүрьеэгийн халдварыг хадгалсаар явдаг байна. Тиймээс иргэд  удаан хугацаагаар буюу гурван долоо хоногоос илүү ханиалгах, цээжээр өвдөх, цустай буюу цэртэй ханиалгах, шалтгаангүй жин буурах, халуурах шинж тэмдэг илэрч байвал эмчид яаралтай үзүүлж “сүрьеэгийн шинжилгээ” өгөх шаардлагатай аж. Сүрьеэ эдгэрдэг өвчин бөгөөд эмчийн заавраар эмээ 6-8 сар тогтмол уухад бүрэн эдгэрдэг. Эмээ алдаг оног ууж эмчилгээг олон хоногоор таслах нь сүрьеэгийн савханцар эмэнд тэсвэржин улмаар эмэнд дасалтай сүрьеэ үүсдэг байна. Харин эмэнд дасалтай сүрьеэ хоёр жилийн турш эмчлүүлэх шаардлагатай. Хамгийн гол нь энэ хугацаанд  эмч зөвшөөртөл ажил, сургууль, цэцэрлэг, олон нийтийн газар явахгүй байхыг сануулдаг тул ихэнхдээ эмнэлэгт буюу ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлдэг байна. Иймд сүрьеэгийн эдгэрэлтэнд өвчтөний сэтгэл санаа тайван байх нь чухал тул өвдсөн хүн айж эмээх, санаа зовох, ичих шаардлагагүй мөн өвчтөний гэр бүлийн гишүүд, найз нөхөд ажлын хамт олон өвчнийг бүрэн эдгэрэхэд нь туслах хэрэгтэй юм.

Г.Ганчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.