Гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медаль хүртлээ

Twitter Print
2018 оны 10-р сар 28-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн өчигдөр /2018.10.27/ эхэлсэн. Тэмцээний эхний өдөр Монголын бөхчүүдээс ганцаар дэвжээнд гарсан гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд Косовогийн залуу жүдоч Дистра Красникиг цэвэр ялж, алтан медаль хүртэв.

Түүний өрсөлдөгч Дистра Красники 22 настай. Энэ жилийн ДАШТ-ий эхний шатанд Украины залуу од Дария Билодидэд ялагдаж байсан бол өнөөдөр олимп, дэлхийн аварга, Аргентинийн Паула Паретог ялсан юм.

Баянхонгор аймгийн уугуул, "Хүч" спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч, Гавьяат тамирчин М.Уранцэцэг ийнхүү Абу Дабигийн “Их дуулга”-д аварга болсноор Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри болон “Их дуулга” ангиллын тэмцээнээс 11 дэх түрүүгээ хүртсэн нь энэ юм.

Манай тамирчны хувьд А хэсгийг тэргүүлэн барилдсан ба эхний тойрогт гоц мөргөж, улмаар Бельги, Португалийн бөхийг ялж, хэсгийн аварга болсон. Харин хагас шигшээ барилдаанд Унгарын жүдоч Ева Черновишкиг цэвэр ялснаар аваргын төлөө шалгарсан юм. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг жиндээ дэлхийн чансааны гуравт бичигдэж байна.

Дашрамд дуулгахад,  62 орны 348 жүдоч өрсөлдөж буй Абу Дабигийн “Их дуулга”-д  эмэгтэйчүүдээс  М.Уранцэцэг /48 кг/, эрчүүдээс Г.Одбаяр /73 кг/, Н.Дагвасүрэн /81 кг/, Б.Тэмүүлэн /+100/ нар эх орноо төлөөлөн оролцож байгаа юм.

Өнөөдөр Г.Одбаяр /73 кг/, Н.Дагвасүрэн /81 кг/ нар дэвжээнд гарах бол Б.Тэмүүлэн /+100/  даваа гаригт барилдана.  

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.