Монголын охидын баг Хонгконгийн багийг хожлоо

Twitter Print
2018 оны 10-р сар 27-нд 16:17 цагт
Мэдээний зураг,

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа 19 хүртэлх насны эмэгтэйчүүдийн тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд эдгээр өдрүүдэд Ливан, Тайланд, Вьетнам, Киргизстан, Тажикстан болон Мьянмар зэрэг орнуудад болж байна. Өнөөдөр Ливаны Бэйрут хотод “А” хэсгийн хоёр дахь тоглолт болж, Монголын охидын шигшээ баг Хонгконгийг 1:0-оор хожлоо. Тоглолтын хожлын гоолыг Энхбаатарын Энхмаргад орууллаа.

“А” хэсэгт Австрали, Хонгконг, Ливан, Монголын багт багтсан юм. Өмнөх тоглолтод дэлхийд чансаа өндөр Австралийн шигшээ багт 18:0-оор хожигдсон манай охид өнөөдөр Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтын эхний хожлоо байгууллаа.

Япон дасгалжуулагч Ики Ёүжигээр удирдуулсан Монголын 19 хүртэлх насны охидын шигшээ багийн ихэнх тоглогчид 16 насных бөгөөд тэд өнөөдөр түүхэн ялалтыг Ливаны талбайд үзүүллээ. Өмнө нь Монголын охидын баг Хонгконгт гурван удаа ялагдаж байсан түүхтэй. Одоогоор “А” хэсгийг Австралийн шигшээ баг тэргүүлж байгаа бол Ливан, Монголын баг удаалж байна.

Өнөө шөнө тэмцээнийг зохион байгуулагч Ливан, Австралийн багтай тоглоно. 19 насны охидын Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 27 орон оролцож байна. Эдгээр багууд хэсэг бүрт хуваагдсан бөгөөд хэсгээ тэргүүлсэн баг дараагийн шатанд өрсөлдөх эрхийг авна. Энэ хэсгийн сүүлийн тоглолт энэ сарын 28-д болно. Монголын баг хэсгийн сүүлийн тоглолтоо Ливантай хийнэ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.