Дэлхийн хүн амын бараг тал хувь нь өдөрт $5.50 ам.доллараас бага орлогоор амьдарч байна

Twitter Print
2018 оны 10-р сар 18-нд 15:34 цагт
Мэдээний зураг,

ВАШИНГТОН ХОТ, 2018 оны 10-р сарын 17 — Дэлхийн эдийн засаг өснө гэдэг нь цөөн хүн нэн ядуу амьдарч дэлхийн нийт хүн амын бараг тал хувь нь болох 3.4 тэрбум хүн амьдралын үндсэн хэрэгцээгээ хангахын төлөө тэмцэнэ гэсэн үг гэж Дэлхийн Банк тэмдэглэв.

Өдөрт 3.20 ам.доллараас бага орлогоор амьдрах нь бага-дунд-орлоготой орнуудын ядуурлын шугамыг төлөөлж байгаа бол өдөрт 5.50 ам.долларын орлогоор амьдрах нь дундаж орлоготой улс орнуудын стандартыг харуулж байна гэж “Piecing Together the Poverty Puzzle” буюу “Ядуурлыг бууруулах арга замыг хамтдаа олцгооё” хэмээх хоёр жил тутмын ядуурал ба хамтын хөгжил цэцэглэлтийн тухай тайландаа Дэлхийн Банк дурджээ. 

Дэлхийн Банк 2030 он гэхэд өдөрт 1.90 ам.доллараас бага орлогоор амьдарч буй нэн ядуурлыг эцэслэх зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллана. Нэн ядуу амьдарч буй дэлхийн хүн амын тоо 2015 онд 20 хувь хүрч буурсан боловч нэн ядуурал буурах хурд удааширсан хэмээн Дэлхийн Банкнаас 9-р сарын 19-нд анхааруулжээ.

Гэвч эдийн засгийн өсөлтийг даган дэлхийн ядуу хүмүүсийн дийлэнх хувь нь харьцангуй чинээлэг орнуудад амьдарч байгаа учраас ядууралтай тэмцэхийн тулд ядуурлын шугам, ядуурлын талаар нэмэлт, илүү өргөн ойлголттой болох нь нэн чухал юм гэж тайланд дурджээ.

Дэлхийн Банкны Группын Ерөнхийлөгч Жим Ёнг Ким “2030 он гэхэд нэн ядуурлыг эцэслэж, хамтын хөгжил цэцэглэлтийг хангах нь бидний зорилго, энэхүү зорилгоо биелүүлэхийн төлөө бид ажиллана. Үүний зэрэгцээ дэлхийн ядуурлыг янз бүрийн түвшин, хэмжээнд өргөн цар хүрээтэй харна. Ингэснээр ядуурал нь илүү өргөн хүрээнд тархсан, нуугдмал хатуу тогтсон хэв маягтай байгааг тодорхойлж улмаар хүмүүст хөрөнгө оруулах нь чухал байгааг харуулж байна” гэв.

Нэн ядуурлын түвшин 1990 онд 36 хувь байснаа огцом буурсан ч ядуурлын шинж чанарт хийсэн тайлангийн дэлгэрэнгүй судалгаагаар ядуурлыг арилгахад тулгарч буй сорилт бэрхшээлийн цар хүрээг харуулжээ. Дэлхийн нийт хүн амын 1.9 тэрбум хүн буюу эсвэл 26.2 хувь нь 2015 онд өдөрт 3.20 ам.доллараас бага орлогоор амьдарчээ. Дэлхийн хүн амын 46 хувь нь өдөрт 5.50 ам.доллараас бага орлогоор амьдарч байна.

Энэхүү тайлан нь ядуурлын мөнгөн хэмжүүрээс гадна ус, эрүүл ахуй ариун цэврийн нөхцөл, боловсрол, цахилгаан эрчим хүчний хэрэглээ хүртээмж нь гэр бүлийн сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлж байгааг ойлгох зорилгоор судалжээ. Ядуурлын хүнд хэцүү ачааг эмэгтэйчүүд, хүүхдүүд хамгийн ихээр үүрдэг тул ядуурал өрхийн гишүүн бүрт хэрхэн нөлөөлж байгааг тайлан мөн шинжилжээ.  

Судалгаанд хамрагдсан 91 орны 70-д нь хүн амын хамгийн ядуу доод 40 хувийн орлого өссөнийг тайланд дурдсан байна. Нийт улс орнуудын талаас илүү хувьд хүн амны орлого дунджаас илүү хурдан өссөн нь тэдгээр орнууд эдийн засгийн үр өгөөж ихээхэн хүртсэн гэсэн үг юм. Гэвч хамтын хөгжил цэцэглэлтийг хангахад ахиц гаргах чиглэлээр дэлхийн зарим бүс хоцрогдмол байна. Хамтын хөгжил цэцэглэлтийг үнэлэхэд шаардлагатай байгаа мэдээлэл хамтын хөгжил цэцэглэлтийг сайжруулах шаардлагатай улс орнуудад хамгийн сул байгааг тайлан анхааруулжээ. Бага орлоготой дөрвөн улсын дөнгөж нэг буюу зөрчил сөргөлдөөний нөлөөлөлд өртсөн, эмзэг 35 орны 4 нь л хамтын хөгжил цэцэглэлийн талаарх цаг хугацааны мэдээлэлтэй байна.

Эдгээр шинэ арга хэмжээ нь Дэлхийн Банк бүх улс орнуудад амьдралын олон хүчин зүйлс, өрх бүрийн гишүүн бүрт нөлөөлж буй ядуурлыг илүү сайн хянаж мониторинг хийх боломжийг олгох юм.

БҮСИЙН ТОЙМ

Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг: Тус бүс нутаг нь хамтын хөгжил цэцэглэлтийг хамгийн сайн дэмжиж хэрэгжүүлэгчдийн нэг юм. Хүн амын хамгийн ядуу 40 хувийн орлого 2010 ба 2015 онд дунджаар 4.7 хувиар өсчээ. Зүүн Азид нэн ядуурал хамгийн их хэмжээгээр буурсан төдийгүй, мөн өдөрт 3.20 ам.доллар,  5.50 ам.доллараас бага орлогоор амь зогоож буй хүмүүсийн эзлэх хувь хамгийн ихээр буурчээ. Хэдийгээр нэн ядуурлын хувь хэмжээ маш бага байгаа ч ариун цэвэр, эрүүл ахуйн хүртээмж дутмаг хүмүүсийн эзлэх хувь өндөр байна.

Европ болон Төв Ази: Тус бүсийн олон орнууд хүн амынхаа хамгийн бага орлогоор амь зогоож буй 40 хувийн орлогыг нэмэгдүүлэхэд бэрхшээлтэй тулгараад байна. Нөгөө талаас санхүү болон өрийн хямралын улмаас хүн амын орлогын түвшингээр доод 40 хувь нь ихээхэн хямралд өртсөн байсан зарим орнуудын эдийн засаг сэргэж эхэлжээ. Хөгжиж буй бүсээс Европ, Төв Азийн орнуудад өдөрт 3.20 ам.доллар, 5.50 ам.долларын ядуурлын шугамаас доогуур орлогоор амьдарч буй хүмүүсийн эзлэх хувь хамгийн бага байна. Гэвч Европ, Төв Азийн бүсэд сургуульд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүсийн эзлэх хувь Зүүн Ази, Номхон Далайн орнууд, Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудтай харьцуулахад харьцангуй бага байна.

Латин Америк, Карибын тэнгисийн орнууд: Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасанаас шалтгаалан тус бүсийн орнуудын эдийн засаг суларсны улмаас 2010-2015 онд хамтын хөгжил цэцэглэлтийг хангах бүсийн үзүүлэлт өмнөх жилүүдийн үзүүлэлтээс бага байна. Тус бүсэд 2015 оны байдлаар хүн амын бараг 11 хувь нь өдөрт 3.20 ам.доллараас бага, 26 гаруй хувь нь өдөрт 5.50 ам.доллараас бага орлогоор амьдарч байна. Мөнгөн бусаар хэмжигдэх ядуурал тухайлбал ундны усны хүртээмж, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл эсвэл цахилгаан эрчим хүчний хангамж дутмаг зэрэг үзүүлэлтийг мөнгөөр хэмжигдэх ядуурлын үзүүлэлтэнд төдийлөн хамааруулж тооцоогүй ажээ.  

Ойрхи Дорнод ба Хойд Африк: Хэдийгээр Ойрхи Дорнод ба Хойд Африкийн бүсэд өдөрт 1.90 ам.доллараас бага орлогоор амьдарч байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа ч нэн ядуурлын түвшин доогуур хэвээр байна. Гэвч тус бүсэд 2015 онд өдөрт 5.50 ам. доллараас бага орлогоор амьдарч байгаа хүмүүсийн тоо 1990 оныхнтой харьцуулахад нэмэгджээ. Түүнчлэн бараг долоон хүн тутмын нэг нь зохистой ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлөөр хангагдаагүй байна.

Өмнөд Ази: Бүсийн нийт хүн амын орлогын түвшингээр хамгийн доогуурт тооцогдох 40 хувийн орлого 2010 ба 2015 онд маш хурдацтай өсчээ. 1990-2015 онд нэн ядуурлыг бууруулах үзүүлэлт 35 хувь пунктаар буурсан ч 2015 онд өдөрт 3.20 ам.доллараас бага орлогоор амьдарч буй хүмүүс 8-хан хувиар буурсан, бүсийн нийт хүн амын 80 гаруй хувь нь өдөрт 5.50 ам.доллараас бага орлогоор амьдарч байна хэмээн бүртгэжээ. Түүнчлэн цахилгаан эрчим хүчгүй эсвэл зохистой ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй орчинд амьдарч буй өрхийн тоо Өмнөд Азийн бүсэд мөнгөөр хэмжигдэх ядууралд амьдарч буй иргэдийн тооноос илүү олон байна.

Саб Сахарын Африк: Бүсийн улс орнуудын гуравны нэг нь хүн амынхаа хамгийн бага орлогоор амь зогоож буй доод 40 хувийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр сөрөг үзүүлэлттэй байна. Нэн ядуурлын түвшингээр хамгийн өндөр үзүүлэлттэй бүсийн хувьд Африк тивийн хүн ам 1990-2015 онд ойролцоогоор хоёр дахин нэмэгдсэн бөгөөд өдөрт 3.20 ам. доллараас бага ба 1.90 ам.доллараас их орлогоор амьдарч байгаа хүн амын хувь хэмжээ хамгийн ихээр нэмэгджээ. Хэрэглээний түвшин доогуур, боловсрол, суурь дэд бүтцийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй гэх мэт олон шалтгааны улмаас ядуучууд зүдэрч байна.

Холбоо барих:

Вашингтон хотод: Элизабет Хоутон, Ажлын утас: (202) 458-5922; Гар утас: (703) 863-4030, ehowton@worldbankgroup.org;

Вебсайт: www.worldbank.org/poverty

Фейсбук хаяг: http://www.facebook.com/worldbank

Твиттер: http://www.twitter.com/wbg_poverty

YouTube хаяг: http://www.youtube.com/worldbank

 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.