ЗТХЯ-ны газрын дарга нар нэгийгээ хөнөөсөн хэрэгт дахин нэг хүнийг яллагдагчаар татжээ

Twitter Print
2018 оны 10-р сар 15-нд 13:06 цагт
Мэдээний зураг,

Өнгөрөгч наймдугаар сарын 9-ны өдөр оройн 21 цагийн үед Зам тээврийн хөгжлийн яамны дарга нар  ажлын байран дээрээ архидан согтуурч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 38 настай Гомбосүрэнгийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсан билээ. Эл хэргийг ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 48 настай, сэжигтэн Б.Махбал үйлдсэн нь тогтоогдож, эдүгээ ШШЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдан шалгагдаж буй юм.

Хэрэг гардаг өдөр сэжигтэн Б.Махбал нь яамныхаа Зам тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн Ч.Ганбаяр, Төмөр зам далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Б.Артур, Төмөр замын бодлогын хэрэгжилт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, Авто замын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Э.Энхбат, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмаа нарыг уруу татаж, өдөржин архидсан байдаг. 

Харин хүн амины хэрэг гарч, олон цаг биенийгээ зодож тамлаж байхад хажууд нь байсан хүмүүс хамгаалж аврахаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй нь нийгмийн жигшил зэвүүцлийг хүргээд байсан билээ. 

Одоогийн байдлаар тус хэргийг Эрүүгийн хуулийн 11,1-дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлийн ажиллагаа нээж, Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нарийвчлан шалгаж байна. Хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэгт Нийслэлийн Прокурорын газар хяналт тавин ажиллаж байна. 

Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэрэгт холбогдуулан хоёр хүнийг яллагдагчаар татсан аж. Хэргийн үйлдсэн хэргээр яллагдагчаар татагдсан Б.Махбалыг цагдан хорьсон хэвээр байгаа бөгөөд тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Лхагвасүрэнг хэргийг хамтран үйлдсэн байж болзошгүй хэргээр яллагдагчаар татсан юм байна. Гэхдээ түүнийг батлан даалтад байлгаж мөрдөн шалгаж байгаа аж.

Түүнчлэн хэргийг нарийвчлан шалгах ажлын хэсэг мөрдөн шалгаж дуусаж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаагаад шүүх рүү шилжүүлэх төлөвтэй байгаа юм байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.