Ерөнхийлөгч Х.Баттулга БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг Монгол Улсад айлчлахыг урьжээ

Twitter Print
2018 оны 10-р сар 15-нд 12:08 цагт
Мэдээний зураг,

Энэ онд Монгол, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй юм. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.

БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЛОНГОС АРД УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН НАМЫН ДАРГА,

ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ЭРХЭМСЭГ НОЁН КИМ ЖӨН УН ТАНАА

Пёньян

Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд болон Танаар уламжлан найрсаг солонгосын ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 70 жилийн хугацаанд олон салбарт өргөжин хөгжиж, эдүгээ бид Азийн бүс нутагт урт удаан хугацаанд нөхөрлөж ирсэн найрсаг түнш улс орнууд болсон билээ. Дипломат харилцаа тогтоосны түүхэн 70 жилийг тохиолдуулан хоёр улсын ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэсэн олон сайхан арга хэмжээг хоёр талаасаа амжилттай зохион байгуулж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Таны өвөг эцэг, БНАСАУ-ын Их удирдагч Ким Ир Сен Монгол Улсад албан ёсоор айлчилсан нь Монгол, Солонгосын харилцаанд түүхэн ач холбогдолтой үйл явдал байсныг тэмдэглэхийн ялдамд Таныг манай улсад айлчлахыг урьж байгааг минь хүлээн авна уу.

Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн удирдагчид бат бэх үндэс суурийг нь тавьсан манай хоёр улсын харилцаа хоёр орны ард түмний нийтлэг эрх ашиг, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын тусын тулд цаашид ч өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна.

Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, сайн сайхны ерөөл дэвшүүлэхийн ялдамд найрсаг солонгосын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА

Улаанбаатар хот 2018 оны 10 дугаар сарын “10”-ны өдөр

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.