Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт шатахууны үнэд нөлөөлсөн гэлээ

Twitter Print
2018 оны 10-р сар 10-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ он гарсаар шатахууны үнэ гурван ч удаа нэмэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр орон нутагт АИ-92 шатахуун 2010 төгрөгт хүрсэн бол өнөөдөр нийслэлийн захын хорооллуудад үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн.

Тэгвэл энэхүү үнийн өсөлт нь валютын өсөлттэй холбоо гэж АМГТГ-аас тайлбарласан байна. АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть" компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн. Мөн манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж худалдаа хийдэг тул ам долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна" гэв.

Шатахууны үнийн хувьд гурван хүчин зүйлээс шалтгаалж хэлбэлздэг аж. 100 хувь гаднаас импортоор шатахуунаа авдаг. Ойрын үед газрын тосны боловсруулах үйлдвэрээ барих ёстой. Өнгөрсөн долдугаар сард үнийн асуудал хөндөгдөж орж ирэхэд томоохон импортлогч аж ахуйн нэгжүүдэд манайхаас мэдэгдэл хүргүүлж байсан. Гадаад зах зээлийн ханш ам.доллар өсч байгаа бол мөн ханш буурч байгаа тохиолдолд тухайн бүтээгдэхүүний үнийг буулгаж байхыг мэдэгдсэн. Тус компаниудаас гадаад зах зээлийн ханш буурахад жижиглэнгийн үнийг буулгана гэсэн хариу өгч байсан гэлээ.

Гэвч өнөөдрийн байдлаар гадаад зах зээлийн үнэ ханш өссөн байгаа юм. Түүнчлэн төрийн зүгээс худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн зохицуулалт хийх боломжгүй юм. АМГТГ-аас Бүтээгдэхүүний тухай хууль, Газрын тухай хуулийн дагуу үнийн өсөлтийг тогтвортой байлгах тал дээр анхаарч ажилладаг. Тодорхой хэмжээнд үнийг тогтвортой ашигтай байлгах, ам.долларын ханшаас бууруулах зэргээр анхаарч байна.

Өнгөрсөн зургадугаар сард Үнийн зөвлөл хуралдаж, тодорхой саналуудыг Сангийн яам болон холбогдох аж ахуй нэгжүүдэд хүргүүлсэн. Эндээс үнэ тогтоохгүй, тодорхой зөвлөмж гаргаж холбогдох газруудад хүргэх чиглэлээр ажлаа явуулдаг юм. Шатахуун нөөц хангамжийг салбарын яам нь харин хариуцдаг гэдгийг онцлов.

“ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжсэн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх шалтгаан болсон бөгөөд энэ оны эхний дөрөвдүгээр сарын дунд үед мөн газрын тос 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн нь АНУ, Сири улсын геополитикийн зөрчилдөөнөөс үүссэн улс төрийн хурцадмал байдалтай холбоотой.

Мөн тавдугаар сараас АНУ нь Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс татгалзаж, Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан Венесуэл болон Ливи улсын газрын тосны олборлолт эрс буурсан зэрэг нь газрын тосны үнийн өсөлтөд нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үний өсөлтэй холбоотойгоор ОХУ-ын Роснефть компаниас энэ оны аравдугаар сард шатахууны хил үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран ам.доллар /тн дизелийн түлш 758 ам.доллар/ тн үнэтэйгээр нэмэгдүүлсэн” гэж тус газраас мэдээллээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.