Засгийн газраас шатахууны үнийн асуудлаар ОХУ-ын компаниудтай уулзалт хэлцэл хийж байна

Twitter Print
2018 оны 10-р сар 08-нд 14:44 цагт
Мэдээний зураг,

УИХ  дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Бүлгийн хуралдаанаар валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл, нийслэлийн замын одгэрэлийг бууруулах асуудал, 2019 оны төсвийн төслийн талаар хэлэлцэхээр байсан аж. Гэвч гишүүдийн саналаас үүдэн Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Монгол Улс Валютын зохицуулалтын тухай хуулийг 1994 онд баталснаас хойш хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Харин энэ удаад нийгэм, эдийн засгийн байдалтай уялдуулан шинэчлэн найруулжээ. Шинэчилсэн найруулгаар гадаад, дотоод төлбөр тооцоотой холбоотой үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх зохицуулалтыг тусгасан байна. МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс гадны санхүүжилттэй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгийг Монголбанкаар дамжуулдаг байх, валютын ханшийн өсөлтийг хязгаарлах зохицуулалтыг тусгах зэрэг санал хэлсэн байна.

Мөн уг хуулийн төслийг Хөрөнгө оруулалтын банкны тухай хуультай хамт хэлэлцэх нь зөв хэмээн үзжээ. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн зүгээс ирэх долоо хоногт чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой гэсэн мэдээлэл ирүүлснийг МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллээ.

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Монгол Улсад ам.долларын ханш ихээхэн өсч байна. Валютын зохицуулалтын тухай хуулиар энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Хуулиар ам.долларын ханшийг зохицуулах нь өрөөсгөл. Энэ хуулийг баталснаар ам.долларын урсгалыг нэмэгдүүлэх, гадаад, дотоод төлбөр тооцоог олон улсын стандартад нийцүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Валютын ханшийн өсөлт олон зүйлээс шалтгаалж байгаа. Тухайлбал, Монгол Улсад зургадугаар сараас наймдугаар сард бүтээн байгуулалт өрнөдөг. Импортод түшиглэдэг улсын хувьд эдгээр саруудад ам.долларын эрэлт нэмэгдэж, ханш өсдөг. Хоёрдугаарт дэлхий нийтэд өрнөж буй “худалдааны дайн”-аас үүдэн ам.долларын ханш өсч байгаа. Дэлхийн 147 орны 80 орчим хувьд нь ам.долларын ханш 19-60 хувиар өссөн тухай мэдээлэл бий. Гэхдээ Монгол Улсын импортын хэрэглээ буурч, ноос ноолуур болон бусад бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх хандлагатай байгаа тул цаашид ам.долларын ханшийг тогтвортой байлгах боломж бий гэдгийг Монголбанкны удирдлагууд хэлсэн. Гишүүдийн зүгээс арилжааны банкуудад ихээхэн хэмжээний хадгаламж эзэмшиж буй иргэдийн үйл ажиллагаанд анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт хадгаламжийн 80 орчим хувь нь цөөн хэдэн хүн дээр төвлөрдөг. Эдгээр хүмүүс валютын ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор төгрөгийн хадгаламжаа ам.долларт шилжүүлэх зэргээр эрсдэл үүсгэх магадлалтай юм.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар шинэ банк байгуулах уу. Гадны хөрөнгө оруулалттай банк оруулж ирэх үү?

 -Шинэ банк байгуулахгүй. Ердөө л гадны хөрөнгө оруулалтыг л зохицуулахтай холбоотой хууль юм. Дэлхий нийтэд гадны хөрөнгө оруулалттай банкгүй орон байхгүй. Тиймээс тодорхой хуулийн зохицуулалт хийж, Монгол Улсад гадны хөрөнгө оруулалттай банк оруулах хэрэгтэй гэдгийг өнөөдрийн бүлгийн хуралдааны үеэр зарим гишүүд дурьдаж байсан.

-Шатахууны ханшийн өсөлттэй холбоотойгоор бүлгээс Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн үү?

-НӨАТ болон Онцгой албан татварын тухай хуулиар шатахууны үнийг зохицуулах боломж байгаа эсэхийг судлах хэрэгтэй гэсэн саналыг гишүүд хэлж байна. Олон улсын хэмжээнд гадны томоохон компаниудтай гэрээ байгуулж, тодорхой хэмжээний төлбөр төлөх замаар дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс үл хамааран шатахууны үнийг тогтвортой байлгадаг туршлага бий. Энэ асуудлыг нарийн судлахын Засгийн газарт үүрэг болгосон.

-Дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсч байгаа. Засгийн газраас импортлогч компаниудтай тохиролцоо хийсэн үү?

-Засгийн газраас ОХУ-ын компаниудтай уулзалт, хэлцэл хийж байгаа. Гэхдээ эцсийн байдлаар шийдэгдээгүй байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.121.84) 2018-10-08 15:10
      • 0
      • 0

      ОХУ-ын шийдвэрээр Монгол Улсад шатахууны үнэ нэмэгдлээ. 09 сард шатахууны хилийн үнэ АИ-92 тонн нь $721, дизель түлш $673 байв 10 сард үнэ $41, $91-аар нэмэгдэн АИ-92 тонн $762, дизель түлш $764 болов Импортлогч компаниудаа хараагаад яах билээ. Хилийн үнэ өөрөө өсчихлөө.

      Хариулах