Уртын дуу бол нэгэн төрлийн бясалгал

Twitter Print
2018 оны 10-р сар 09-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

Орчин цагт суръя л гэвэл юм бүхэн боломжтой, нээлттэй сайхан болж дээ! Уртын дуу заах хүн хайж явлаа, эндээс тийм хүн олно гэдэг бараг бүтэхгүй мөрөөдөл талдаа. Гэтэл засаг төр дэмжээд, ахмад уран бүтээлч багш нар санаачлаад ийм сайхан, цахим сургалтын эхийг тавьжээ. Юутай сайхан! Уртын дуу бол зүгээр ч нэг ардын урлаг биш, сонгодог урлаг!

Сонгодог урлаг гэдгийг нь дэлхийд таниулж, хүлээн зөвшөөрүүлж чадвал одоо хойт хөршид "Чайковскийн нэрэмжит" дуурийн дуулаачдын, олон улсын уралдаан болдог шиг Монголд маань уртын дуучдын, олон улсын шилдэг дуучдын уралдаан асар өндөр шалгууртай, өрсөлдөөнтэй болдог болох боломжтой. Зөвхөн монгол уртын дууг үр хүүхдэдээ багаас нь сургах гэж Ази, Европын бүх л улс орны ард түмэн хөөцөлдөж, залуус нь шүлэнгэтэн шохоорхож, уртын дуу дуулж чаддагаараа өөрийгөө нийгэмд дээгүүр зиндаатай гэж гайхуулах сэтгэхүй давамгайлж, хүний нийгмийн даяар үзэгдэл болох цаг айсуй. Гайхалтай урлаг гэдгийг нь Норовбанзад агсан дэлхийд таниулж чадсан, түүний нэрэмжит уралдаан тэмцээн ч болж байсан шиг санагдаж байна. Тэр тэмцээн яван явсаар дэлхийн дуулах урлагийн 2 том хэлбэрийн нэг-(нөгөө нь та бидний бэлхэнээ мэдэх, Венецийн загасчдын дуудлагаас үүдэлтэй гэх барууны сонгодог дуурь дуулах урлаг)-ийн хувьд тийм хэмжээнд очих цаг нэг их удахгүй байх аа.

Үүнд төрийн бодлого, үндэстний амбиц (эрмэлзэл) чухал, гэснээс байна шүү, уртын дуу бол ерөөсөө монголчуудын бясалгалын маш том хэлбэр, бие, хэл, сэтгэл, оюун санаагаараа эрүүл байхын үндэс байжээ гэж би хувьдаа нээлт хийлээ! Учир нь уртын дуу дуулахад өнөөгийн бясалгал, дияан хийгч, заагчдын хэлээд байдаг зөв амьсгал буюу хамраараа амьсгаа авч, хэвлий рүүгээ буюу уушигны гүн рүү нөөцлөөд, амаар гаргахдаа маш жигд, бага багаар гаргадаг юм байна.

Тэгэхээр энэ бол яг бясалгагчдын адил зөв амьсгалаад, эх нутгийнхаа тэнүүнд, эрдэнэт мал сүргийнхээ дэргэд, эрүүл агаарт, үнэн зүрхний үгээр утгын гүн, ая эгшгийн яруу найрлаар чихнээ сонсголонт, сэтгэлд зохист дууны сайхныг дуулан жаргаж яваа хүн зүрх сэтгэлийн боловсрол төдий дайны өндөр байхаас яах вэ! 

Дэлхийн энгээр бүү хэл, сансрын энгээр сэтгэж явсан биш үү, бидний дээдэс! 

Уртын дуу монгол дуу
Удахгүй сансрын аялгуу! гэж нэгэнтээ Явуу найрагч дуу алдсан байдаг. Үнэхээр ч "Уяхан Замбутив"-ийг сонссон ямар ч хүн газрын татах хүчнээс алдуурч, оюун санаа нь хязгаар хярхаггүй уудам сансар огторгуйн дунд дүүлэн нисдэг биш үү?!
Уртын дуугаа сурч, дуулж ариусцгаая, гэгээрцгээе!
Бас эрүүл амьдарч, саруул сэтгэцгээе!

Уртын дуу болбоос нэгэн төрлийн бясалгал мөн.

Ийм сайхан бясалгал, оюун сэтгэлийн дасгал бэлээхэн байхад элдэв доншууч, гадныхныг "төгс гэгээрсэн багш" энэ тэр гэж мухар сохроор даган хуйларч, хамаг байдгаа барьж давхидгаа боливол таарна! Аугаа сайхан бүхэн чинь дэргэд чинь бэлээхэн байна, монголчууд минь!

Л.Мөнхтөр

Лос Анжелос хот, АНУ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.