Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд анхаарах хэдэн зүйл

Twitter Print
2018 оны 10-р сар 08-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Нялх хүүхэд өөрт нь эвгүй байгаа эсвэл өлссөнөө мэдэгдэхийн тулд уйлдаг гэдгийг хүн бүр мэднэ.Энэ бол хүүхэд өөрийн санаа бодлоо илэрхийлж «ярьж» эхэлж байгаа нэг арга хэлбэр юм. Харин хэдхэн долоо хоногийн дараа юу хүсч байгаагаа ойлгуулахаар өмнөхөөсөө өөр өөр байдлаар уйлдаг.

Зургаан долоо хоногтойгоосоо эхлэн хүүхэд шулганаж эхэлдэг. Ярих эрхтнээ дасгалжуулж байгаа нь тэр. Зургаан сартайгаасаа эхлэн хүүхэд орчин тойрныхоо дуу авиаг дуурайж эхэлдэг. Өнөөх шулганал нь эх хэлэнд өдөр хоногоор ойртож илүү адил төстэй дуу авиаг гаргадаг. Хэл ярианы хэмнэл нь улам бүр өөрчлөгдөж, хүүхэд шулганахдаа завсарлага авдаг болж, өөрөөр хэлбэл өөрийн хүслээ илэрхийлэхийг хичээж эхэлнэ. Дуу, хөгжмийг маш их баяр баясалтай сонсоно. Есөн сартайгаасаа эхлэн энгийн богино үе (Жишээ нь: ба-ба») дуурайн хэлэхийг оролддог болно.

Нэг ойтой болох үеэсээ зарим нэг хялбар үгийг /Жишээ нь: аав гэхийг «ааба» гэх мэт/ магадгүй жаахан муруй хазгай яриад эхэлдэг. Үг нь тодорхой утгыг агуулж эхэлдэг. Тухайлбал, «ааба» хэмээн аав уруугаа зүтгэх жишээтэй. Хүүхэд 9-36 сартай байх үеийг «хэлний хөгжлийн эмзэг үе» гэж нэрлэдэг. Чухам энэ үед хүүхэд маш чухал мэдээллүүдийг авч, олж авсан чадвар нь хүүхдийн хэл ярианы цаашдын хөгжлийн суурь болж өгдөг юм. Ер нь бол хүүхэд ярьж чадаж байгаагаасаа илүү их үгийг мэдэж байдаг. Өөрөөр хэлбэл яриа ойлгох чадвар нь ярих чадвараасаа түрүүлж байдаг.

Хүүхдийнхээ хэл яриаг хөгжүүлэхийн тулд эцэг эх юу хийх ёстой вэ?

Эцэг эх бол байгалиас заяасан хүүхдийнхээ хамгийн сайн хэлний багш нь байдаг. Тэд өөрсдийн яриа болон үйлдлээ зөнгөөрөө хүүхдэдээ тааруулж ханддаг. Дэлхийн хаана ч байсан ялгаагүй бүх л эцэг эх зөнгөөрөө хүүхэдтэйгээ онцгойлон харьцаж, харилцаагаа бий болгодог юм. Хүүхэд юуны өмнө эцэг эхтэйгээ л харилцаж эхэлдэг. Энэхүү анхны туршлага бол хэл яриа хөгжих үндэс нь болж өгнө. Дээр дурдсанчлан эцэг эхчүүд хүүхдийнхээ хэл ярианы хөгжлийг зөнгөөрөө зөв хийдэг.

Хүүхдэд ойр дотно харилцаа чухал

Харилцан анхаарал тавьж, харцаараа харьцах нь ярианд маш чухал байдаг. Энэ бол нярай хүүхдээс авахуулаад насанд хүрэгчдэд ч адил. Нярай хүүхэд хөхүүлэх, хооллох, усанд оруулах, өлгийдөх мэтийн ойр дотно байх үедээ илүү сайн сонсож байдаг.

 Нярайн хоолой, нярайн яриа

«Хүүхдэд тохирсон хоолойгоор» энхрийлэх нь тустай. Хэл ярианы чинь аялгуунд нярай хүүхэд анхаарч дуурайж эхэлнэ. «Өхөөрдсөн» яриа нярайд тун таатай, мэдээж жаахан өсөөд ирэхээр (18 сартайгаас) өөр шаардлага тавигдана. Энэ үеэс «хэлээ хазсан» яриа /Жишээ нь: хав хав гэхийн оронд нохой гэх мэтээр хэлж өгч байх/ огт хэрэггүй аль болох энгийн үгээр ярилц.

Дуу, шүлэг

Хэмнэл, өргөлт, дуу хоолойн өөрчлөлт нь хэл сурахад ихээхэн үүрэгтэй. Хүүхдийн дуу, шүлэг байвал их сайн.

Нэг нь ярьж байхад нөгөөх нь сонсдог

Хүүхэдтэйгээ ярьж байхдаа дунд нь завсарлаж бай. Түүнээс ямар үйлдэл гарахыг нь хүлээ. Ярилцана гэдэг чинь дараалалтай байдаг өөрөөр хэлбэл нэг нь эхлээд нөгөө нь дараа нь гэх мэтээр ээлжилнэ. Хүүхэд тань ямар нэг авиа гаргаж эсвэл нүүрний хөдөлгөөнөөрөө хариулна.

Юмсыг нэрлэж бай

Хүүхдийнхээ гарт байгаа эсвэл харж буй зүйлийг нь нэрлэж өгч бай. Хүүхдийнхээ нүдний өмнө хийж буй үйлдлээ түүнд хэлж өг. Нэг ижил үйлдэлтэй хамт сонсогдоод буй үгийг тогтоох замаар хүүхэд хэлд ордог.

Хүүхэдтэйгээ хамт чагна

Хүүхдээ сонсохыг нь урамшуулж бай. Ширчигнэх, шажигнах ер нь байгалийн аливаа дуу чимээг хүүхэдтэйгээ хамт чагнахыг хичээ. Харин телевизийн шуугиан хүүхдэд хэрэггүй. Тэнд буй олон дуу чимээ дотроос хэрэгтэйгээ ялгаж сонсох гэж хичээсээр хүүхэд ядрах болно.

Ярихад нь бүү саад хий

Хүүхэд тань хэлд ороод эхэлсэн үеэс хүссэн болгоныг нь нүднээс нь «уншаад» байх хэрэггүй. Хүссэн зүйлээ хэлэх, үгүй ядахдаа заахад нь хүүхэддээ тусалж, ингэхийг нь тэвчээртэй хүлээж бай.

Хүүхдээ сайн сонсож бай

Хүүхэд тань ямар нэг юм ярих гээд байвал тун сайн анхаар. Нүд уруу нь хараад, сонирхож байна гэдгээ илэрхийл. Яаруулалгүй тайван хүлээ.



Хэл яриаг нь яаж сайжруулах вэ?

Хүүхдээ заавал зөв хэлүүлэх гэж ахин дахин зовоох хэрэггүй. Хөгжлийнхөө зохих түвшинд очсон цагтаа л үгээ зөв ярьж эхэлнэ. Зөв хэлүүлэх гэж албадаад байвал хүүхэд бүр дарамтад орох нь бий. Зүгээр л буруу хэлсэн үгийг нь зөвөөр давтан хэлж өгч байхад л болно. Тухайлбал хүүхэд «өбөг» гэхээр нь «бөмбөг» гээд л хэлээд өгөхөд болно. Уг үгийг яаж зөв хэлдгийг хүүхэд сонсоод авна. Харин цаг нь болохоор хүүхэд уг үгийг зөвөөр ярьдаг болох болно.

Үлгэр дууриалаар

Маш тодоор удаан ярьж бай. Ингэснээр хүүхдэд сонссоноо өөрийн болгож авах цаг олддог. Ярилцаж байхдаа хөхиүлэн хөгжилтэй бай. Зугаатай зүйлийг хүн сурахдаа дуртай байдаг шүү дээ. Бүхнийг зөв хийх гэж байснаас хамтдаа инээлдэх нь хамаагүй дээр! Хүүхэд бие биенээсээ их суралцдаг болохоор аль болох ижил насныхантай нь уулзуулж бай! Байнгын ритуалаар /бүүвэйн дуу, .../ хүүхдийнхээ хэл яриаг хөгжүүлээд зогсохгүй түүнийг тайвшруулж өөртөө итгэлтэй болгодог.

Ингэвэл та хүүхэддээ тус­лах болно. Тухайлбал, шүүмжлэхгүй харин зоригжуулж, магтсанаар, бусадтай харьцуулалгүй яг байгаагаар нь хүлээн зөв­шөөрснөөр, зөв хэлүүлэх гэж оролдолгүй харин зөвөөр давтан хэлж өгснөөр, яаруулалгүйгээр харин тайван орхисноор хүүхдийн хэл ярианы хөгжилд маш том дэм болно. Мөн хүүхдийнхээ үгийг нь таслалгүйгээр анхааралтай сонсож, дуустал нь яриулж, асууж лавлаж байх, хичээллэх гэлгүй харин хамтдаа тоглож, ярилцаж бай, нэг дор хэт их ярилгүй харин тодорхой бөгөөд энгийн ярьж байх, ярианы алдаанд нь анхааралгүй харин хүүхэд юу хэлэхийг анхааралтай сонсож байх хэрэгтэй. Энэ энгийн мөртлөө бид мартаад байдаг хандлагууд нь ямар ч хүүхдэд маш чухал гэдгийг ямагт санах хэрэгтэй. Ялангуяа хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд ямар нэг байдлаар дарамтад орохгүй байх нь маш чухал. Тэдэнд алдаагаа засахаас айлгүй чөлөөтэй ярих боломжоор хангаж өгч байх нь тэдний хэл яриаг хөгжүүлэх боломжийг олгодог.

М.Баярмаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.