“Хүчил төрөгч”-өөр “амьсгалъя” гэвэл Хаан галерейг зориорой

Twitter Print
2018 оны 10-р сар 08-нд 11:16 цагт
Мэдээний зураг,

...Юунд ч юм яарч, хаашаа ч юм тэмүүлэх завгүй хүмүүс. Завсар чөлөө олгохгүй мэдээллээр булах сошиал орчин, хотын утаа, замын түгжрэл, ажлын стресс, амьдралын аар саар бэрхшээл биднийг ер нь юу эс бухимдуулна вэ. Хааяа сэтгэлээ уужиртал урт амьсгаа авмаар санагдах үе танд гардаг л биз дээ. Тэгвэл Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, чөлөөт уран бүтээлч, зураач Ц.Түвшинжаргалын ХААН галерейд өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн “Хүчил төрөгч” анхны бие даасан үзэсгэлэнг зорьж очоорой. Бидний төдийлөн анзаардаггүй ч амин чухал хэрэгцээ болсон тархины түр амсхийлт буюу оюуны алжаал тайлж, сэтгэлийн таашаал өгөх тэр зүйл бол яах аргагүй харах яруу найраг гэгддэг уран зураг, дүрслэх урлагийн бүтээлүүд билээ. Чухам энэ л цангааг тайлахаар уран бүтээлч бүсгүй сүүлийн хоёр жилийн турш хийсэн цоо шинэхэн бүтээлүүдээ энд дэлгэн тавьжээ

Монголын дүрслэх урлагт өдгөө томоохон байр суурь эзлэх болсон нэн шинэ, орчин үеийн тѳрѳлд багтах ѳрѳг урлагийн бүтээлүүдийг “Хүчил төрөгч” үзэсгэлэнгээс харах боломжтой. Өрөг урлаг гэдгийг манайхан инстолляц буюу орон зайн урлаг гэдгээр нь илүүтэй мэдэх болов уу. Зураач Ц.Түвшинжаргал хүний амьдралд үл үзэгдэх, үл мэдрэгдэх боловч одоогийн нийгэмд агаар ус мэт хэрэгтэй байгаа хувь хүний нандин чанаруудыг уран бүтээлдээ тусган харуулахыг зорьжээ. Тэр ч үүднээс үзэсгэлэнгээ Мэдрэх, Хүсэх, Орших, Үйлдэх гэсэн дөрвөн үндсэн агуулгын хүрээнд зохиомжилж, бүтээл туурвисан нь сонирхолтой шийдэл байв. Тухайлбал, “Хүсэх” хэмээх бүтээлдээ мод, гипс ашиглан алгаа тоссон эрэгтэй, эмэгтэй хүний гарыг дүрсэлсэн баримлууд хийсэн бөгөөд биенээ бүү мэхлээч, амьтны амь бүү таслаач, итгэл найдвар, хайр халамжаа харамгүй нэгэндээ түгээгээч хэмээсэн санааг илэрхийлж буй юмрьжээ. Тэгвэл “Мэдрэх” хэмээх бүтээлд нь 30 гаруй хѳрѳг зураг багтсан төдийгүй хѳрѳг тус бүр нь хувь хүний нандин чанарууд, мэдрэмжүүдийг илэрхийлсэн нь анхаарал татаж байв.

Харин “Орших” хэмээх бүтээл нь монгол дээлийн эсгүүрийг харуулсан даавууны өөдсөөр хийсэн ажил юм. Маш их цаг зарцуулсан, уйгагүй сууж хийсэн бүтээл гэдгийг зураач Ц.Түвшинжаргал онцолно лээ. Үзэсгэлэнгийн танхимд орж ирсэн хэн бүхний анхаарлыг татах өөр нэгэн ажил нь таазнаас зэрэгцүүлэн өлгөсөн ижил өнгийн даавуунууд дээр эхнэр үстэй монгол эмэгтэйг таван өөр янзаар дүрсэлсэн “Үйлдэх” хэмээх өрөг бүтээл юм. Энэ нь “Grand art-9” залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн тэргүүн байранд шалгарсан бүтээлийнх нь нэг хувилбар гэдгийг зураач онцолсон.

Зураач Ц.Түвшинжаргалын хувьд  2001 онд Дүрслэх урлагийн “Анима” сургууль, 2005 онд СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг төгссөн, өөрийн гэсэн орон зайг бүрдүүлж яваа чадварлаг уран бүтээлч юм.  Тэрээр дотоод, гадаадад зохион байгуулсан 40 орчим хамтарсан үзэсгэлэнд оролцож байсан бөгөөд энэ удаагийнх түүний анхны бие даасан үзэсгэлэн аж.

“Хүчилтѳрѳгч” үзэсгэлэн 10-р сарын 26-ныг дуустал ХААН галерейд 10.00-19.00 цагийн хооронд олон нийтэд нээлттэй байх юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.