Гурван насны хямрал

Twitter Print
2018 оны 10-р сар 08-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд 3 нас хүрлээ. Тэр өмнөхөө бодвол их зөрүүд, уцаартай болж эхэлнэ. Шалан дээр тэрийж хэвтэх, хөлөө дэвслэх, гараа элгэндээ тэвэрч, хөмсгөө зангидаж суух зэрэг нь энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд танил болсон байх. Аав, ээж нар хүүхдийн энэ өөрчлөгдөж буй зан байдалд их санаа зовж, бас нөгөө талаар бухимдаж байдаг. 

Энэ удаад бид 3 настай хүүхдэд тохиолддог, магадгүй хүүхэд насны бусад хямралыг бодвол илүү хурц, тод илрэлтэй энэхүү хямралын талаар толилуулж байна. 

Балчир наснаас хүүхэд насны дараачийн үед шилжих шилжилтийн энэ зааг дээр хүүхэд тархинд явагдаж буй хөгжилтэй холбоотойгоор бие даасан, танин мэдэхүйн сонирхолтой, ялангуяа өөрийгөө бусдаас ялгаж, өөрийн “БИ”-г мэдэрч эхэлдэг. Үүний зэрэгцээ хүүхэд өөрөө ч сайн ойлголгүйгээр зан байдал нь эрс өөрчлөгдөж ирдэг. Энэхүү өөрчлөлт нь 7 шинж тэмдгээр илрэх ба сэтгэлзүйчид үүнийг “7 гайхамшиг” гэж нэрлэсэн нь бий. Эдгээрийг товч дурдъя. 

1. Хүүхдүүд эрс шийдэмгийгээр эцэг эхийн хүсэлтэнд “тийм”, эсвэл “үгүй” гэж хэлдэг. Үүнээс гадна “би хоол идмээргүй байна”, “би одоо унтмааргүй байна” г.м.-ээр эсэргүүцэл илэрхийлэх нь олширдог. Үүнийг эсрэгшлийн шинж гэх ба энэ зан байдал нь яваандаа бусадтай харилцахдаа өөрийн үзэл бодлыг илэрхийлж сурах эх үндэс нь юм. 

2. Эцэг эхийн хэлснээс зориуд зөрүүдэлдэг. Жишээ нь, хоёулаа гадаа гаръя гэхэд үгүй, гарахгүй гэнэ. Тэгвэл гэртээ тоглох уу гэхэд гэртээ ч байхгүй г.м. Зөрүүдэлж буй энэ үйлдлийн цаад шалтгаан нь санаачлагыг өөрөө биш, том хүн гаргаж байгаад оршдог. Энэ нь дургүйцэхээр зүйл биш, хүүхэд өөрийн “Би”-г бүтээж байгаагийн илрэл.

3. Хэдэрлэж, зарим үед эцэг эхийнхээ өөдөөс сөргөөцөлддөг. Өмнө нь зүгээр л хийдэг байсан зүйлүүдээсээ гэнэт татгалзаж эхэлдэг. Усанд орох дуртай байснаа дургүй болох, “би яагаад заавал усанд орох ёстой юм” г.м. зан ажиглагддаг. Энэ зан байдал нь хүүхэд бие даасан болж байгаагийн эхлэл. 

4. Хүүхэд их зоргоороо, өөрийн дураар аливааг хийх гэдэг. Энэ насыг “би өөрөө” нас гэж судлаачид нэрлэсэн байдаг. Учир нь өөрөө хийж чадах ч бай, чадахгүй ч бай, бүх л зүйлийг өөрөө хийх гэж оролддог. Мөн үүний зэрэгцээ бардам байдал ажиглагддаг. Тэд өөрсдөө хийж чадахгүй, бас томчуулыг гуймааргүй байдаг… Энэ байдал нь хүүхэд аливаад суралцах, санаачлагатай байх үндэс нь юм.

5. Хүүхэд бусадтай зөрчилдөж, үймээн самуун дэгдээдэг. Хэрвээ доороо дүүтэй бол бүр ч сахилгагүйтдэг. Таны хайр халамж шаардлагатай байна гэсэн үг. 

6. Бүхнийг захирах гэнэ. Үүний цаад шалтгаан нь “би энд гол хүн нь” гэсэн бодол. 

7. Гэр бүлд тогтсон журам, биеэ авч явах хэм хэмжээ зэргийг үгүйсгэдэг. Тоглоомоо эвдэх, хаях гээд л. 

Дээр дурдсан зан байдалд та санаа зовох хэрэггүй. Зарим эцэг эхчүүд хүүхдээ буруу хүмүүжилтэй болж байна гэж бухимддаг. Харин ч эсрэгээрээ энэ бол таны хүүхдийн хөгжил хэвийн явагдаж байна гэсэн үг. 

Энэ үед нь яаж харьцах хэрэгтэй вэ?

Монголчууд хүүхдээ “даруулгатай” өсгөхийг эрхэмлэдэг. Хайр нь дотроо, хал нь гаднаа гэсэн зүйр үг ч байдаг. Энэ хямралын үед харин ямар ч сүрдүүлэг, загнах, тушаах хэрэггүй. Хүүхдийн бие даасан байдал, зөрүүд занг хүчээр нь дарах нь хүмүүжлээр доголдох том шалтгаан болно. 

Хүүхэд өөрийн том болж байгааг энэ насанд анх удаа ухамсарладаг. Бас бусдаас өөрийг нь хүндэтгэхийг хүсдэг. Энэ зан байдал эцэг эхчүүдэд дараатай санагддаг боловч үнэн хэрэгтээ хүүхдүүд илүү ядарч байдаг. Тэд юу болоод байгааг мэдэхгүй, мөн өөрийн сэтгэл хөдлөлөө зохицуулах чадваргүй байдаг. 

- Тэвчимгүй зан байдал гаргахад нь аль болох тайван ханд. Мөн өөрийн зөв гэж итгэлтэй байгаа үедээ хатуу байр суурьтай байж болно.

- Харилцах арга барилаа өөрчил. Түүнийг том хүн /бараг л/ болсон гэдгийг хүлээн зөвшөөр. Түүний үзэл бодол, бие даах гэсэн хүслийг хүндэтгэ. Хүүхэд аажмаар өөрийн бодлыг зөв илэрхийлдэг болно. 

- Сонголт санал болгож бай. Хоёулаа шатаар буух уу? Эсвэл лифтээр буух уу? гэх мэтээр. Өөрөөр хэлбэл бие даан шийдвэр гаргах боломж олгож байх нь зүйтэй.

- Шаардалгүйгээр, тусламж гуйж бай. Жишээ нь, зам хөндлөн гарахдаа миний гараас хөтлөөч, тэгэхгүй бол ээж нь айгаад байна г.м.

- Болохгүй гэсэн шаардлага аль болох цөөн байх нь зөв. Үүнийг эелдгээр хэлэх, мөн эцэг эх 2 хоорондоо санал нэг байх нь хүүхдэд илүү нөлөөлдөг. Ээжийн болохгүй гэсэн зүйлийг аав болно гээд байвал хүүхдэд буруу үлгэр дуурайл болно.

- Хүүхэд өөрийхөөрөө зүтгээд байх үед нь юуны өмнө хүүхдийн аюулгүй байдалд анхаарал тавих хэрэгтэй. Бие даан, өөрийхөөрөө шийдэх боломж олго, мөн хийж чадахгүй зүйлд нь туслах, зааж сургах нь үр дүнтэй байдаг. 

Эцэст нь хэлэхэд энэ хямралын үед эцэг эх хэдийчинээ зөв хандана, төдийчинээ богино хугацаанд хүүхэд өөрийгөө илэрхийлж сурдаг. Харин эсрэгээрээ бухимдаж, уурлаж загнах, өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэх нь хүүхдийг бие даасан бус, өөрт итгэлгүй, мөн том болоод баярлах, гомдох гээд бүхий л үедээ бусдаас хамааралтай нэгэн болгоход хүргэдэг.

Б.Цолмон

Эх сурвалж: http://must-setgelsudlal.blogspot.kr

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.