Ардчилсан эмэгтэйчүүд бүх шатны тэргүүнээ 98,000 гишүүний саналаар тодруулна

Twitter Print
2018 оны 10-р сар 08-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

"Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль “Сэтгэлийн хүч” уриан дор үргэлжилж байна. Нэр дэвшигчид 21 аймаг нийслэлийн есөн  дүүргээр өртөөлж,  нийт эмэгтэйчүүддээ үзэл санаа, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа бөгөөд уулзалт Ардчиллын өлгий нутаг Хэнтий аймгаас эхэлж Дорнод, Сүхбаатар  аймагт үргэлжиллээ. Орон нутгийн холбоодын гишүүдийн ирц 100 хувьтай, сонгууль амжилттай явагдаж, Хэнтий, Дорнод аймгийн холбоод тэргүүнээ сонгосон байна. Дорнод аймгийн АЭХ-ны тэргүүнд Нямсүрэн, Цэнгэлжаргал, Цэцэгмаа нар өрсөлдөж, 1 сонгогчийн саналаар Нямсүрэн ялалт байгуулсан байна.

Намын Үндсэн дүрмийн дагуу “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгуулийг зохион байгуулахаар болж, 10-р сарын 3-ны өдөр албан ёсны нээлтээ хийсэн билээ. Нээлтийн үеэр нэр дэвшигчид үнэмлэхээ гардсан бөгөөд АЭХ-ны тэргүүнд С.Одонтуяа, Ц.Цэрэндолгор, Т.Пүрэвхатан, Нийслэлийн АЭХ-ны тэргүүнд НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, Ц.Одонтунгалаг, ҮБХ-ны гишүүн Б.Пунсалмаа нар тус тус нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.

Мөн аймаг, дүүргийн АЭХ-ны тэргүүнүүдийг сонгоно. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “АЭХ тэргүүнээ сонгохдоо үндэсний хэмжээнд бүх эмэгтэй гишүүдийн оролцоог хангаж, ажиллана. Тиймээс ч нэлээн өрсөлдөөнтэй сонгууль болно гэж харж байгаа. Ардчилсан эмэгтэйчүүд илүү оролцоотой, санаачлагатай, бүтээлч ажиллаж чаддагаа ямагт харуулдаг. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэгт ганц эмэгтэй гишүүн байгаа нь З.Нарантуяа. Гэхдээ З.Нарантуяа гишүүн ганцаараа гэлтгүй эрх баригч намын эмэгтэйчүүдээс илүү ажиллаж байгааг онцолмоор байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Ардчилсан нам дэргэдээ эмэгтэйчүүдийн олон нийтийн байгууллагатай болоод 20 гаруй жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд Монголын улстөрд чадвартай, мэдлэгтэй, боловсролтой эмэгтэйчүүдийг бэлтгэсэн улстөрийн том институци бол яах аргагүй “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”. Холбоо маань шинэ, залуу улстөрч эмэгтэйчүүдийг бэлтгэх дараагийн их аянаа эхлүүлээд байна. “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сунгаа бол түүхэн үйл явдал. Яагаад түүхэн арга хэмжээ гэж онцолж байна вэ гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн оролцох сонгууль биш монголын ардчиллыг бэхжүүлэх үйлсэд зүтгэх улстөрч эмэгтэйчүүдийг бэлтгэх учраас онцгой ач холбогдолтой. АЭХ-ны тэргүүнээр хэн сонгогдох, манлайлж ажиллаж чадах уу гэдэг хүлээлт нийгэмд байна. Тиймээс ч хамгийн шилдэг эмэгтэйчүүдээ сонгуульд нэр дэвшүүлсэн. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, төрийн инстутицийг ил тод, тунгалаг байх, цаашилбал улстөрийн тогтолцоон дахь эрүүл үзэгдлийг бий болгоход эмэгтэйчүүдийн оролцоо ямар түвшинд байх талаар нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ нь ардчилалд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа" гэсэн билээ.

АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгуулийн сурталчилгаа энэ сарын 5-нд албан ёсоор эхэлсэн бөгөөд сонгуулийн нэгдсэн дүн ирэх 11-р сарын 5-нд гарна. 

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Дүүргийн энгийн иргэнээс нь

      (103.9.90.53) 2018-10-10 15:03
      • 0
      • 0

      Салдангийн Одонтуяа та төрийн ажил хаяад албан тушаал хөөж жүжиглэж явахын оронд дүүргийнхээ ажлаа олигтойхон хийчээч. Дийлэхгүй байж рекладаж даахгүй нохой булуу хураана гэдгээр явахаа болилдоо. Архичин согтуу,тэнүүлчид, золбин нохойноосоо салаадхаач

      Хариулах