Үр хүүхдээ хүссэнээрээ дайрч, доромжилж гутаадаг монгол аав, ээжүүд...

Twitter Print
2018 оны 11-р сар 07-нд 15:14 цагт
Мэдээний зураг,

Номхон дөлгөөн, дуулгавартай хүүхдүүд чинь ажлын талбарт гараад яах учраа олохгүй бүдэрч яваа. Хар багаас нь жоохон л алдаа гаргавал ялын дээд шийтгэл өгөх нь холгүй загнаж, зодож өсгөсөн хүүхдүүд чинь таны бүтээж өгсөн жижигхэн хайрцагнаас хэзээ ч гарахгүй оюуны сул дорой байдалд аль хэдийн орсон байдаг.

Төрүүлсэн юм чинь алсан ч яадаг юм гэж загнах монгол эцэг эхчүүдийг хараад арай л зэрлэг бүдүүлэг зангаа хэзээ ч гээхгүй, боловсрохгүй ард түмэн юм даа гэж өр зүрх өвдөхийн хажуугаар үзэн ядах сэтгэл төрөх.

Хүүхэд төрснөөс хойш 18 нас хүртэл тэжээж асрах нь хүссэн хүсээгүй таны үүрэг. Энэ үүргээ өр мэт эргүүлж хариу нэхэн үхэхээрээ айлгах зарим эцэг эх бүүр ч дэндүү!!

Бага насанд нь зөв хүмүүжил өгөхийг хичээж цаг гаргаагүй мөртлөө алдаа гаргахад нь шийтгэлээ хамгийн харгисаар хийдэг эцэн эхчүүд олон байдаг. Уураа хүрэхээр п.., новш гэж хараадаг эцэг эхчүүд та яасан дээрэнгүй шударга бус гээч. Муу үгээр доромжилж дураараа зоддог ээж аав нарыг цагдаад өгөх нь зөв. Уураа гарахаар чиний төлөө л би ингэж байгаа гэж хэлдэг нь бүүр инээдтэй.

Хүүхдэдээ бага наснаас нь эхлүүлээд шударга бус дураараа ханддаг зан нь хөгжөөд нас биед хүрсэн хойно нь хүртэл хэзээч хариуцлагыг нь үүрэхгүй атлаа ажил амьдралд нь бас л дураараа оролцоно.

Алхам бүрийг нь хянаж цагдсаар байгаад алдаж онож ойлгох ухаан өгөөгүй хүүхдүүд чинь шинийг сэддэггүй, өөртөө итгэлгүй, сул дорой, амин хувиа бодсон амжилт бүтээл гэх юмгүй амьдралдаа сэтгэл дундуур зовж явна.

Үүнийг хэн нэгэн хүн рүү чиглэж бичсэнгүй. Би ч зарим алдааг том хүү дээрээ гаргаж байсан. Уншиж судалсан зүйлээсээ багахан ухаарч хүүтэйгээ илүү шударга, хүндэтгэлтэй харилцаж эхэлснээр миний хүү илүү өөртөө итгэлтэй мөн надтай илүү дотно, найзууд болсон.

Хүүхдээ сайн хүн болгоё гэвэл та ч гэсэн хичээ... Хүүхдээрээ хүндлүүлье гэвэл та ч гэсэн хүндэл. Хүүхдээрээ хайрлуулья гэвэл та ч гэсэн хайрла. Тэгэж байж эх үрийн холбоо сайн сайхан байх болно. 

Пүрэвдоржийн Одгэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.