О.Алтангэрэл: ”Стандарт” банкны өрийг ямар ч эргэлзээгүйгээр Эрдэнэт үйлдвэр төлнө

Twitter Print
2018 оны 10-р сар 05-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж авсан өрийг Монгол Улс барагдуулах ёстой болоод байгаа. Арбитрийн шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.


-“Эрдэнэт”-ийн 51 хувь дээр манай улс арбитрт ялагдаж, 105 сая ам.доллар төлөхөөр болсон. Өдөр хоног өнгөрөх тусам хүүгийн төлбөр нэмэгдэнэ. Гэтэл Английн дээд шүүхийн “Эд хөрөнгө царцаах тухай” захирамжийг “Эрдэнэт”-ийн трейдер компаниудад хүргүүлсэн байна. Хуульч хүний хувьд үүсээд байгаа нөхцөл байдалд ямар дүгнэлттэй байна вэ?

-Энэ мөнгө гарцаагүй Эрдэнэт үйлдвэрээс гарна. Үүн дээр ямар ч эргэлзээ байхгүй. Эрдэнэт үйлдвэрийн гадаад дахь бүх гүйлгээг зогсоож байгаад л арбитрийн шийдвэр заавал биелэх шинжтэй. Хэлэлцээрт нэгдэн орсон улсууд бүгд биелүүлнэ. Эрдэнэт үйлдвэрт гадаад ямар данс, хөрөнгө байдаг юм тэр бүгдийг нь битүүмжилнэ. Тэгэхээр энэ өрийг Эрдэнэт үйлдвэр л төлнө.

Миний хувьд анх 2013 онд арбитр дээр хэрэг үүсгэгдээд эхлэнгүүт мэдэж байсан. Түүнээс хойш ажиглаж байгаа. Тэр үед би “Одоо давж заалдаад ямар ч хэрэг байхгүй ээ. Харин үүнийгээ яаж төлөх үү гэдэг яриа хэлэлцээр дээрээ орох ёстой. Буруутай этгээдүүдээсээ хурдан мөнгийг нь гаргуулах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Одоо ч гэсэн энэ байр суурин дээрээ байна. Ингээд ярих юм бол олон микрофоны өмнө ярих хүсэлтэй УИХ-ын гишүүний ярьдаг сэдэв. Бие биенийгээ улстөрчид муухай харагдуулах гэж шүүрч авдаг хэрүүлийн алим болоод л энэ хэрэг үргэлжлээд яваад байна. Ер нь хэн нэгнийг буруутай гэж хэлээд, хэн нэг нь гоё сайхан яриад тэр өр төлөгдөхгүй. Тэгэхээр энэ өр яах аргагүй нэхэгдэж байгаа. Гарцаагүй төлөх л болсон өр.

-Баталгаа гаргуулсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хувьд шоронд хоригдсон. Түүнийг энэ өрийг төлөх ёстой гэдэг. Учир нь бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж яригддаг шүү дээ?

-Ш.Батхүүг бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж ярьдаг. Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд тоглодог энэ том банк олон улсын хуулийн компаниудаар эрх ашгаа хамгаалуулдаг. Гэтэл тэд хуурамч гарын үсэгтэй гэрээнд хууртаад мөнгө өгөх тэнэг хүмүүс биш ээ. Тэр байтугай суман дахь банкны салбараас хуурамч бичиг баримтаар мөнгө авах нь хэцүү шүү. Ер нь бол хуурамч бичиг цаасны асуудал арбитрийн шүүхийн шийдвэр дотор байна. Энэ, энэ хуурамч байна гэдгийг уншсан. Гэхдээ шүүх яагаад энийг цааш үргэлжилсэн харилцаа гэж үзсэн бэ гэхээр Ш.Батхүү түрүүнд нь Эрдэнэт үйлдвэрийг зээл авахдаа баталгаа гаргуулж байсан түүхтэй. Тэр түүхийг Монгол Улсын төр зөвшөөрөөд баталгаа гаргаж өгч байсан. Ингээд харахаар “Эрдэнэт” үйлдвэр хоёр урсгалтай. Нэг талаар манай улсад улс төрд явсан томоохон улстөрчид Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн. Тэгж ашгаа олсон. Нөгөө талд “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалыг зарсан. Үүн дээр Ш.Батхүү гэдэг хүн давуу эрхтэй байсан. Зээл авсан он жилүүдэд Ч.Ганзориг, Ш.Батхүү гэдэг хүмүүс олон удаа хамтарч ажилласны нотлох баримтууд байдаг. Ш.Батхүү буруутай нь үнэн. Тэгвэл яагаад түүнд баталгаа гаргаж өгсөн төр засаг, дараа нь тэр үргэлжлээд данс руу нь мөнгө орж ирж байхад нүдээ аниад явсан Ч.Ганзориг, хариуцсан дарга, захиралууд, ийм харилцааг явж байгааг мэдсэн төрийн түшээдүүд нь юу ч хийгээгүй юм бэ.

-Энэ хэрэгтэй холбоотой хүмүүсийг АТГ-т шалгаж байгаа л гээд байдаг шүү дээ?

-Эрүүгийн хуулиар бол наадуулын чинь хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч байгаа. Тиймээс хэргээс мултарчихна гэж тооцож яваа байх. Гэтэл Эрдэнэт үйлдвэрт учруулсан хохирол, өөрсдийн хууль бусаар хөрөнгөжсөн хөрөнгийг нь хурааж авах зохицуулалт төрд бүрэн байгаа. Яагаад Ш.Батхүү гэж хүн ийш, тийш нь тараасан хөрөнгүүдийн хойноос явахгүй байгаа юм бэ. Тагаад эр улсуудад дарга удирдлагууд хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. АТГ нь яагаад шалгаж дуусдаггүй юм бэ. Хэнд таалагдаж, хэн нь таалахгүй байгаа болоод энэ хэрэг дуусахгүй байгаа юм. Хэн цаанаас нь хамгаалаад байгаа юм бэ. Эрдэнэт үйлдвэрийн дарга, захирлууд гэдэг чинь юу дуртайгаа хүссэн зоргоороо хийдэг, мөнгөтэй болдог, хэнд ч дийлддэггүй тийм хүмүүс юм уу.

-Ш.Батхүүгээр ”тахил өргөөд” энэ хэрэг хаагдах байх гэж зарим хуульч, улс төрийн хүрээнийхэн ярих юм билээ...

-Ш.Батхүү гуай буруутай. Тэрийгээ ч өөрөө хүлээсэн. Гэхдээ мань эр “Одоо надад юу ч байхгүй” гэсэн юм ярьж байгаа. Тэр их мөнгө зүгээр алга болно гэж байхгүй. Тэгвэл хаашаа орчихов. “Эрдэнэт” рүү түлш нийлүүлдэг, тэндээс зэсийн баяжмал авдаг, энэ үйлдвэрийг барьцаалж өчнөөн сая ам.доллар авсан хөрөнгө одоо агаарт замхарчихсан гэвэл хэн ч итгэхгүй шүү дээ. Хэн тэрийг олон жил нуун дарж, хамгаалсан юм бэ. Хэн яагаад одоо болтол хэрэг шийдүүлэхгүй байгаа юм. Үүний хойноос явах ёстой.Бүх бурууг Ш.Батхүүд тохоод өнгөрөх гэж байгаа. Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байсан хүмүүс бүгдээрээ хариуцлага хүлээх ёстой шүү дээ.

-Ажлын хэсгийнхний зүгээс арбитрт ялагдсан шалтгааныг 49-ийнхөнтэй холбон үзэж байгаа бололтой. “Эрдэнэт”-ийн 49-ийн хувийнхан холбогдох бичиг баримтууд шүүхэд гаргаж өгөөгүйгээс болж арбитрт ялагдах шалтгаан болсон. Тэгэхээр ялагдах хүлээлгэх болсон энэ асуудлыг дотооддоо шүүхээр авч хэлэлцэх ёстой гэсэн санал гарсан байна лээ. Тийм боломж байгаа юм уу?

-Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал зарим баримтыг гаргаж өгөөгүй гээд барин тавин юм ярьдаг. Түүнийг хуульчийнхаа хувьд үнэн бодитой зүйл яриад байна гэдэгт итгэж байгаа Түүний зөв байх. Гэхдээ яагаад одоо болтол тийм зүйлийг шалгаагүй юм бэ. Дээрээс нь надад байгаа мэдээллээр арбитрт Монголын тал 15 мянга гаруй хуудас материал гаргаж өгсөн. Эрдэнэт үйлдвэрийн захиралаар ажиллаж байсан улсууд энэ маргаанд ялагдъя гэж ерөөсөө бодоогүй ажилласан гэж өөрсдөө хэлдэг. Үнэхээр тэр маргаанд ялагдахад нь эндээс баримтыг нь гаргаж өгөөгүй хүн байгаа юм бол тэрэн дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зөв. Гэхдээ энэ чинь хууль зүйн хувьд боломжгүй. Ийм баримт байсан бол тэнд ялах байсан гэдгийг нотлох юу ч байхгүй. Арбитр бол арбитр.Бид ялагдсан л бол ялагдсан.

Шийдвэр гаргах эрх мэдэл нь 51 хувьд байгаа шүү дээ. Гэтэл 49 хувийнхан баримт гаргаж өгөөгүй гэж юм яриад байх юм. Бүх асуудлыг шийдэх ёстой 51 хувийн төрийг төлөөлж байсан хүмүүс нь яагаад юу ч хийгээгүй юм бэ. Энэ асуудал эхнээсээ авахуулаад өчнөөн дуулиан шуугиан болоход “Эрдэнэт”-ийн одоогийн захирал Х.Бадамсүрэн ажил авснаасаа хойш юу хийв гэхчлэн олон асуудал гарч ирнэ.

-Манай улс 105 сая ам.долларыг нэг дор төлөх эдийн засгийн боломж байхгүй. Нөгөө талдаа “Эрдэнэт”-ийн гадаад худалдан авалтын мөнгө орж ирэхээргүй боллоо. Ингээд бодохоор тэр өрийг дарахад төсөвт нэлээд дарамт болох нь мэдээжийн асуудал. Одоо ямар гарц байна вэ?

-Нэг л зүйлээс сэргийлэх ёстой. “Эрдэнэт” төлөх нь гарцаагүй юм чинь график тогтооно, бууруулъя гэнэ. Тодорхой хэмжээний үнийн дүн дээр тогтоно. Энэ жилдээ тэдэн саяыг, дараа жил төдөн саяыг төлнө гэж гэрээ хийнэ. Түүнийхээ дагуу “Эрдэнэт” бага багаар төлөөд л дуусгана. 51 хувьд оногдох ногдол ашиг буюу татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх ёстой байсан, улсын төсөвт орох ёстой байсан мөнгөний татварыг багасгаад Эрдэнэт үйлдвэр өрөө төлнө. Дунд нь яг гэм буруутай хэсэг хүмүүс завшаад өнгөрнө.

-Төлөлтийн график гаргахаар хүү нь нэмэгдээд явна биз дээ?

-Хэлэлцээ хийх байх л даа. Бид наана алдсан мөнгөө ерөөсөө ярихгүй байгаа шүү дээ. Хуулийн компанид төлсөн мөнгө, Лондон руу өчнөөн дахиж явсан зардал зэргийг тооцох ёстой.

-Тэр зардал нь хэд орчим болж байгаа вэ?

-Одоо 105 сая ам.доллар болж байна. Бусад зардлууд нь арав гаруй сая ам.доллар өлхөн гарчихсан байгаа. Ингээд Монгол Улсад 120 гаруй сая ам.долларын хохирол учирч байгаа. Бидний татварын мөнгөнд орж эмч, багш нарын цалин, ахмадуудын тэтгэвэр болж очих ёстой мөнгийг ингээд өрөнд өгчихөж байна.

-Төлөх график гаргах процесст нь хэдий хугацаа орох вэ?

-Хэлэлцэж тохиролцож, ямар нөхцөл тавихаас шалтгаална. Одоо асуудлыг ийм болтол нь ямар нэг яриа хэлэлцээргүй явсаар байгаад хүндрүүлчихсэн бол хэцүү л байх.

Бас хууль зүйн дагуу арга хэмжээ авах бололцоотой байх. Хуулийнхаа механизмыг бүрэн дүүрэн ашиглаж чадна гээд сайн ажиллана гэвэл урт л хугацаа авах байх. Гэхдээ л Монгол Улс хохирох нь тодорхой болсон.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төр авсан асуудал ч арбитрийн шүүхэд очсон. Энэ тал дээр танд ямар мэдээлэл байна вэ?

-Засгийн газрын тогтоол гараад шууд улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан гэж ойлгосон. Энэ бол улаан цагаан дээрэм. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголдоо авчирсан процедур нь зөв, буруу явсан гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагаараа тогтоолгоод авах эрх нь Засгийн газарт байгаа. Угаасаа өөрийнх биш байсан зүйлийг өөр хүнийх болонгуут шууд төр нийгэмчлээд авч болохгүй. Энэ бол Үндсэн хуулийн маш том суурь зарчмын хөндсөн асуудал. Үйлдэл нь буруу. Хэрэв 49 хувийг авчирах процесс нь буруу байсан бол тухайн үед Ерөнхий сайд, төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой. Гэтэл хэнд ч хариуцлага тооцохгүй мөртлөө аж ахуйн нэгжийг улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах замаар дээрэмддэг ийм булай юм байж болохгүй.

Мөнхжаргалын Мөнхцэцэг

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.