Ч.Хүрэлбаатар: Ирэх оны төсөв нэлээн чанга болсон ч бүрэн хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллах л болно...

Twitter Print
2018 оны 10-р сар 05-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын энэ намрын чуулган нэлээн ширүүхэн эхэлсэн. Тухайлбал Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2019 оны Төсвийн төсөл, эдийн засгийн өсөлт, мөнгөний бодлого, банк санхүүгийн ерөнхий төлөв байдал, валютын өсөлт, Монгол Улсын гадаад экспортын гол цөм болсон уул уурхайн бүтээгдхүүнүүдийн үнэ ханш гээд маргаан мэтгэлцээн ихтэйхэн болсныг ард иргэд телевизийн дэлгэцээр харж, гайхан балмагдацгаасан нь тодорхой. Тэгвэл У.Хүрэлсүх тэргүүтэй энэ Засгийн газрын Санхүүгийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар эдгээр асуудалд ямар байр суурьтай байгааг нь сонирхон ярилцсанаа хүргэж байна.

-Энэ намрын УИХ-ын чуулганы анхны хуралдаанаар Монгол Улсын 2019 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын төсөөллөөр бол ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 8 хувь байхаар тооцоолсон бол Азийн хөгжлийн банк 6.3 хувь, харин Дэлхийн банк 6.6 хувийн өсөлттэй байна гэсэн байсан. Эдгээр ялгаатай төсөөллийн гол утга учир нь ер нь юундаа байгаа юм бол?

-Олон улсын банк санхүү, эдийн засгийн байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хамгийн эрсдэл багатайгаар буюу товчхондоо нэлээн чангахан тооцоолдог л доо. Урьд өмнө нь ч манай эдийн засгийн өсөлтийг нэлээн доогуур тооцоолж байсан. Жишээлбэл энэ 2018 оны эдийн засгийн өсөлтийг манай Засгийн газар 4 хувиар тооцоолон оруулж ирэхэд Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкны зүгээс 3 орчим хувийн өсөлттэй байна гэж л тооцоолсон байдаг. Тэгвэл энэ 2018 оны эхний хагас жилд Монгол Улсын эдийн засаг 6.3 хувийн өсөлттэй гарсан бол оны төгсгөлд бидний тооцооллоор 7-8 хувийн өсөлт гарна гэж үзэж байгаа юм. Миний зүгээс Олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас хийсэн дээрх тооцоонуудад үнэлгээ өгөөд хэрэггүй л болов уу. Харин зүгээр өөрийн Засгийн газрын зүгээс гаргасан тооцоо судалгаанд ихээхэн итгэлтэй байгаа гэдгээ л хэлчихье.

-Ирэх оны Төсвийн төсөлд Тэнцвэржүүлсэн орлогыг 9.6 их наяд төгрөг буюу  2018 оны түвшинтэй харьцуулахад 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн  тусгасан байсан нь УИХ дахь сөрөг хүчний зүгээс нэлээн шүүмжлүүлсэн. Нөгөөтэйгүүр Уул уурхайн салбарын өсөлтийг нэлээн дээгүүр тооцоолсон нь ч мэдрэгдсэн. Ялангуяа татварын бодлогыг нэлээн шинэчилснээр орлогын түвшинг ийнхүү нэмэгдүүлэн тооцсон байх. Ер нь ингэж их өсөлттэй тооцсоны гол учрыг тайлбарлахгүй юу?

-Ашигт малтмалаас орох орлогыг бидний зүгээс 1.2 их наяд орчмоор нэмэгдүүлэн тооцож оруулсан. Эдийн засгийн 8 хувийн өсөлттэй холбоотойгоор бодит орлого 690 тэрбум төгрөгөөр нэмэгдэн орж ирнэ гэж манай яамны зүгээс дүгнэсэн байгаа. За эдийн засгийн идэвхжил нэлээн сайжирсантай холбогдон импорт нэлээн өсч байгаа. Ийм учраас импортоос орж ирэх орлогыг 500 гаруй тэрбум төгрөг болно гэж мөн л тооцоолсон. Татварын багц хуулийн шинэчлэлт  2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд явахтай уялдан 110 орчим тэрбум төгрөгийн орлого нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнүүд гадагшаа голчлон гарч байгаа зургаан боомт дээр Гаалийн нарийн шалгалтын рентген төхөөрөмжүүдийг шинэчлэн тавина. Тухайлбал нарийн сайн камержуулна, нэгдсэн системээр хангана, гарч байгаа машин тэрэг болгоноос сорьц авдаг болно. Тэгэхээр түүндээ таарсан Гаалийн татварыг оногдуулж, хилээр гадагшаа гарч байгаа баялагийнхаа бүрэн дүүрэн хэмжээ, хязгаарыг мэдэж, найдвартай ажиллагааг төгөлдөржүүлж, орлогын мөнгөө бүрэн дүүрэн авдаг болно гэсэн үг юм. Саяхан Тавантолгой, Гашуунсухайтаар гарч байгаа нүүрсний хэмжээ, орлогын бүрдүүлэлтийн асуудалд Засгийн газраас ажлын хэсэг гарч хяналт, шалгалтын ажлыг явуулсан байгаа. Тэгэхэд нэлээн хэмжээний нүүрс хулгайн замаар алга болсон, идэж шамшигдуулдаг, нэг машин олон удаа хоосон гарсан хэмээн бүртгэгддэг зэрэг нэлээн олон зөрчлийг илрүүлсэн. Ингэхээр энэ бүхэн дээр үндэслэн Гаалийн хяналтыг өндөржүүлж, хяналт шалгалтыг тогтмолжуулснаар  нэлээн их хэмжээний орлого олно гэж тооцоолсон юм. Ингээд үзэхээр Уул уурхайн бүтээгдэхүүнээс орж байгаа орлого нь 1.2 их наяд төгрөг гэхээр цаана нь 2 их наяд төгрөг байна шүү дээ. Тэгэхээр энэ бүгд нь эдийн засгийн өсөлт, татвар гаалийн бодлогын шинэчлэлтээр нэмэгдэн орж ирэх бүрэн боломжтой л гэж үзэж байгаа юм.

-Тоо хэмжээний хувьд нарийвчлан авч үзвэл нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн байсан. Нүүрсний энэ их экспорттой холбогдуулан онцлоход Боомтуудыг шинэчлэх, асуудлуудыг нь бүрэн шийдэхэд  ямар үндэслэл тооцоолол гаргасан бэ?

-Ер нь энэ 2018 оны эхний дөрвөн сард нүүрсний экспорт нэлээн муудсан тал бий. Тэр нь голчлон улстөрийн асуудалтай холбогдон нүүрсний экспорт ийнхүү муудсан байгаа юм. Харин Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дараагаас нүүрсний экспорт огцом нэмэгдсэнийг манай ард иргэд мэдэрсэн байх. Тухайлбал өнөөдрийн байдлаар хоногтоо 1400 орчим том оврын машинаар нүүрс урагшаа гарч байгаа. Энэ байдал, хандлагаа бид цаашдаа улам төгөлдөржүүлэн хадгалаад явчихвал жилдээ 42 сая тонн нүүрсийг өлхөн гаргачихаж чадна. Дээр нь Гаалийн хяналтаа бүрэн бүртгэлжүүлээд, гаргаж байгаа баялгаа бүрэн тооцоод эхэлчихвэл орлого ч тэр хэрээр нэмэгдээд явчихна гэж үзэж байгаа.

-Засгийн газраас Эрдэнэс Тавантолгойг Олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар ярьж байгаа. Мөн түүнчлэн дэд бүтэц, төмөр замын хэд хэдэн чиглэлүүдийг барьж байгуулахаар баталсан. Эдгээр том төслүүд 2019 оны Төсвийн төсөлд ямархуу тоо хэмжээгээр тусгагдсан байгаа вэ?

-Том төслүүдээ зоригтой хөдөлгөж эхлэхээ Ерөнхий сайдын зүгээс ч тодорхой илэрхийлсэн байгаа. Гэхдээ бүх том төсөл л пижигнээд эхэлчихнэ гэвэл бидний зүгээс нарийн тооцоо, судалгаа давын өмнө хийж таарна л даа. Ер нь бол тодорхой хэмжээний томоохон ажлууд нэлээн далайцтай явагдана гэж үзэж байгаа учир бидний зүгээс эдийн засгийн бодит өсөлтийг 8-10 хувь дотроо бодож оруулан ирсэн л дээ. Гэхдээ эдгээр тооцооллыг бас хэтэрхий өөдрөгөөр хийж болохгүй шүү дээ. Гэхдээ эцсийн бүлэгт эдийн засгийн өсөлтөө 8 хувьд тооцоолсон боловч олон төрлийн тооцооллоор зарим тохиолдолд 10 хувь болоод байгааг хэлэх ёстой юм. Харин төсвийн орлого талд бидний зүгээс нэлээн болгоомжтой хандах учиртай л даа. Тэгэхээр энэ бүх тооцооллын эцэст Засгийн газрын зүгээс ихээхэн шаргуу, үр бүтээлтэй ажиллах зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм. Тэгж гэмээнэ эдийн засгийн энэхүү тодорхой өсөлт болон төсвийн орлого нэмэгдэн орж ирж, тодорхой зарлагууд цаг хугацаандаа санхүүжүүлэгдээд явах ёстой болно.

-Төсвийн зардал талд аваад үзвэл төсвийн хөрөнгө оруулалтыг нэлээн сайн нэмэгдүүлэхээр тусгасан байсан. Нөгөө талаар татаас, шилжүүлэг талын төсөөллүүд нэлээн өссөн байна лээ. Эдгээрийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Ирэх 2019 онд бол цалин, тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээр нийтдээ 720 тэрбум төгрөгийг төсөвт тусгаж оруулсан. Үүний дараагийн томоохон зардал гэвэл улсын төсвөөс хөрөнгө оруулалтын хэмжээг 1.3 их наяд төгрөг болсон нь нэлээн их хөрөнгө юм л даа. Үүнээс голлон эзлэх мөнгө нь шинэ баригдах сургууль, цэцэрлэг, спорт цогцолборуудын барилга, эмнэлгүүдийг шинэчлэх, ашиглалтыг нь сайжруулах, хөрөнгө оруулалтуудыг нь нэмэгдүүлэх зэрэг цогц асуудлууд байгаа юм. Мөн Улаанбаатар хотын утааг бууруулах талд ихээхэн хүч анхаарлаа хандуулах зэрэг гол асуудлууд байгааг хэлэх ёстой. Дараагийн нэгэн багц асуудал нь гадаадаас авсан зээлийн ашиглалтанд тавих хяналт шалгалтыг сайжруулах, тэрхүү зээлүүдийг тодорхой чиглэлд туйлын үр ашигтай зарцуулах асуудал орж байгаа.

Саяхан Ерөнхий сайдын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Мянганы сорилтын сангаас 350 сая ам долларын буцалтгүй тусламжийн асуудал шийдэгдэж, Улаанбаатар хотын цэвэр усны асуудлыг 100 жилийн баталгаатайгаар хангахын тулд бохир усыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах, гүний усны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг асуудал багтсан болохыг хэлэх ёстой. Мөн Төв цэвэрлэх байгууламжыг шинэчлэх ажлыг БНХАУ-ын 300 сая ам долларын  зээлээр хийж гүйцэтгэх асуудал Барилга хот байгуулалтын яаман дээр яригдаад үндсэндээ шийдвэрлэгдсэн байгаа. Үүнээс гадна өөрийнхөө Газрын тосыг боловсруулах үйлдвэрийг Сайншандын ойролцоо барьж байгаалахаар болж, одоогоор дэд бүтцийнх нь ажил ихээхэн амжилттай хийгдээд явж байна.

Түүнчлэн Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй болгох ажилд нэлээн их хэмжээний санхүүжилт хийгдэнэ. Бас Налайх чиглэлийн 2.9 км замын ажилд ч тодорхой санхүүжилт гарна. Хөшөөтийн хөндийн шинэ нисэх буудал тун удахгүй ашиглалтанд орж, ирэх 2019 оноос тэнд онгоцуудаа хүлээн авч, хөөргөх болно. Тиймээс түүнтэй холбоотойгоор мөн л тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, зардал ч гарах болно. Эдгээрээс гадна Улаанбаатараас аймгуудыг чиглэсэн авто замын ажилд ч томоохон хэмжээний хөрөнгө оруулалтууд хийгдэх нь зайлшгүй.  Энэ бүгд нь нөгөөх л зээлийн хөрөнгө мөнгөнд суугаад явчихна. Тэгвэл урсгал санхүүжилт багагүй нэмэгдэх нь энэ бүгдээс тодорхой харагдаж байгаа болов уу. Уг нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нь Орон нутгийн өмчид хамаардаг. Гэтэл тэдгээрийн засвар, үйлчилгээтэй холбоотой урсгал зардлууд нь тухайн яамны сайдын багцад суугаад явчихдаг болохоор Орон нутгийн өмчид нь хөрөнгө мөнгийг нь шилжүүлэх асуудлууд яригдаж шийдэгдээд явж байгаа. Тийм ч учраас Орон нутгуудад оногдох хөрөнгө оруулалтыг хэмжээ нэлээн нэмэгдсэн юм.

-Уул уурхайгаас орж ирэх хөрөнгө мөнгө төсвийн төслийн нийт хэдэн хувийг бүрдүүлж байгаа бол. Энэ асуудал цаагуураа нэлээн бүрхэг, багагүй асуудалтай яваад байх шиг санагддаг л даа?

-За тийм ээ. Энэ асуудлын цаана багагүй хэрэг, маргаан гарч байсан нь үнэн. Ер нь бол би дээр хэлсэн. Уул уурхайгаас орох орлого 2018 оны батлагдсан түвшингээс 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, нийтдээ 3 их наяд төгрөгт хүргэх талаар төсвийн төсөлд тусгачихсан л даа. Энэ нь улсын төсвийн нийт орлогын 27 хувийг бүрдүүлэхээр болж байгаа нь 2017 оны батлагдсан түвшингээс 5 нэгжээр өндөр үзүүлэлт болж байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар улсын төсвийн орлогын 26 хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн л дээ. Ирэх 2019 онд уул уурхайгаас орох орлогын 86 хувийг зөвхөн зэс, нүүрсээр бүрдүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал экспортонд гаргах 42 сая тонн нүүрснээс 1.3 их наяд төгрөг, 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортонд гаргаж мөн л 1.3 их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолол хийсэн байгаа. Ер нь товчхондоо энэ жилийн нүүрсний экспорт багагүй нэмэгдсэн үзүүлэлт ирэх 2019 онд ч үргэлжлээд явахаар байгаа.

Манай яамнаас гаргасан тооцооллоор экспортонд гаргаж байгаа нүүрсний үнийг нэг тонныг нь 75.9 ам доллар, нэг тонн зэсийн баяжмалыг 6272 ам доллараар тооцоолж байгаа юм.  Эцэст нь дүгнэхэд ирэх оны улсын төсвийн төсөөллийг ихээхэн үндэслэл тооцоотой боловсруулсан болохоор ямар нэгэн зөрүү бараг л гарахгүй болов уу. Харин УИХ дахь сөрөг хүчний зүгээс ард түмний тархийг эргүүлэхийн тулд нэлээн сүржин мэдэгдлүүд хийж байна лээ. Тэд яах вэ дээ тэгж сураагүй ч биш дээ. Тэгээд ч төсвийн орлогыг тун сайтар бодолцож, бодитой байлгахаар манай яамны зүгээс нэлээн ажилласныг хэлэх ёстой. Уг нь нэг тонн зэсийн баяжмалыг нэлээн өөдрөгөөр төсөөлж, төсвийн хүрээний мэдэгдэлдээ 7200 ам доллараар оруулж ирж байсан бол түүнийгээ бодитойгоор буулгаж 6270 орчим болгон оруулж ирсэн байгаа. Ингэхээр 2019 оны төсөөлж байгаа төсвийн орлого  нэлээн чанга болсон. Гэхдээ Засгийн газар бүрэн хэмжээгээр үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллах болно, тусгасан хэмжээнийхээ орлогыг ч олох болно гэдэгтээ Сангийн сайдын хувьд бүрэн итгэлтэй байгаагаа  ч эцэст нь тэмдэглэн хэлье. За ингээд хоёулаа ярилцлагаа өндөрлөх үү. Би бас дараагийн ажилдаа яарч байгааг ойлгоорой...

-За танд баярлалаа. Засгийн газрын Сангийн сайд нь тавьсан зорилгоо бүрэн биелүүлэхийн төлөө чармайн ажиллах нь ээ гэж ойлголоо ?

-Тэр ч ойлгомжтой л доо...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.