Дарима Линховоин театраа орхихоор өргөдлөө өгчээ

Twitter Print
2018 оны 10-р сар 03-нд 17:42 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагч, төгөлдөр хуурч, алдартай концертмейстер Дарима Линховоин өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгджээ.

Монголчуудад хамгийн ойр гадаадын, сонгодог урлагийн уг театрт болж буй үйл явдал хэзээнээс нааш манай улсын дуурийн уран бүтээлчдийн болон их урлагт дуртай үзэгчдийн анхааралд байсаар ирсэн. 

Дөчөөд жил театртаа “амьдарсан” уран бүтээлч, багшийн талаар тус театрын зарим буриад дуучин сүүлийн үед багшийн талаар “Монголчуудтай түлхүү тулж ажилладаг, буриадууддаа хайнга ханддаг” хэмээн ил, далд ярих болсноос үүдэлтэй “хэрэг явдал” хэдхэн хоногийн өмнө тус театрын захирлыг албан тушаалаас нь буулгахтай зэрэгцэн сөхөгджээ.

Дарима багш ажлаа өгсөн захиралтайгаа гар нийлэн ажиллаж ирснээр буруудаж байгаа бололтой. 

Өргөдөлд дурдсанаар Дарима Линховоин энэ сарын 9-нд албан ёсоор ажлаас гарна.

Энэ оны 9-р сарын 20-ны өдөр Буриадын Соёлын яам шалтгааныг тайлбарлалгүйгээр Буриадын Дууль, бүжгийн эрдмийн театрын захирал Аюна Цыбикдоржиеватай гэрээгээ цуцалж ажлаас халсан билээ. Энэ хэрэг явдлаас үүдэн тус театрын ажилчин, албан хаагчид, уран бүтээлчид  хоёр хуваагдаад байгаа юм. 

Түүний өмнө алдар  тенор Михаил Пирогов театрыг орхисон. Михаил хагас сарын өмнө л дэлхийн алдарт дуучин Хосе Каррерасагийн гараас Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдааны аваргын шагнал хүртээд зогсож байсан билээ. 

Түүнтэй хамт тус театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгчээ. Урлаг судлаачид Дарима Линховоинийг Г.Ариунбаатар, Михаил Пирогов нарыг дэлхийн дэвжээнд гарахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

Буриадын урлагийн зүтгэлтнүүд, үзэгчдийн төлөөллүүд болсон үйл явдалтай холбогдуулан санаа бодлоо илэрхийлсээр байгаа юм. Тэдний дунд “Театр үзэгчээр дутахын цагт энэ дарга нар юу хийснээ ойлгоно доо” гэсэн нь ч байна.

Р.Оюунжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.